Иргэн Э нь иргэн Х-с 20,000,000 төгрөгийг хүүгүй 20 хоногийн хугацаатай зээлжээ. Зээлсэн мөнгөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөх нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулжээ.
Э нь зээлсэн мөнгөө буцааж төлөөгүй тул Х шүүхэд нэхэмжлэл гаргаж, үндсэн зээл 20,0 сая төгрөг, алданги 10,0 сая төгрөг гаргуулахаар шаардсан.
Э нь шүүхэд мэдүүлэхдээ “...Тухайн үед надад 15,0 төгрөгийн хэрэгцээ гарч, Х-г зээлдүүлээч гэхэд Х “15 саяыг аваад 20 сая болгож өгвөл болж байна, тэгье гэвэл би 20,0 саяыг чам руу шилжүүлнэ, чи мөнгө оронгуут буцаагаад 5,0 саяыг надад бэлэн өгөөрэй. Хугацаа хэтэрвэл алданги тооцно шүү” гэхээр нь зөвшөөрч гэрээ хийсэн. Х гэрээний дагуу 20,0 сая төгрөг дансанд шилжүүлэхээр нь 5,0 сая төгрөгийг АТМ-ээс авч Х-д бэлнээр аваачиж өгсөн тул 15,0 сая төгрөгийг алдангийн хамт төлнө” гэж маргажээ.
Х-д 5,0 сая төгрөг бэлнээр өгөхийг О харсан гэж Э нь О-г гэрчээр дуудсан боловч, гэрч О нь Э, Х нар уулзсан, гэхдээ мөнгө өгөхийг огт хараагүй гэж шүүхэд мэдүүлэв.
Тухайн өдөр Э-н данснаас 5,0 сая төгрөгийн зарлага бэлнээр гарсан, Э, Х нар тэр өдрөө утсаар хэд хэдэн удаа холбогдож ярьсан, Э-н эхнэр А нь “...5,0 сая төгрөг бэлнээр аваад Х-д өгөхөөр очсон, би машиндаа хүлээж байсан” гэх мэдүүлэг шүүхэд гаргасан байна.
Шүүх эдгээр нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлж, Э-г 5,0 сая төгрөгийг буцааж төлсөн болох нь нотлогдоогүй, гэрээний дагуу Х нь Э-н дансанд 20,0 сая төгрөгийг шилжүүлсэн нь баримтаар нотлогдсон, харин Э нь зээлсэн мөнгөө буцааж төлсөн болохоо шүүхэд нотлож чадаагүй гэж шүүх үзэж, нэхэмжлэгч Х-н нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Э-с 30,0 сая төгрөгийг гаргуулж шийдвэрлэжээ.
Жич: Шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Хураангуй бэлтгэсэн: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа
Сэтгэгдэл
Нэр