Харийн орны асрамжийн газарт 25-хан кг болтлоо турж, нуруу ууц, өгзөг, гуя нь бүхэлдээ цоорч, нүдээ хөдөлгөн, нулимс унагахаас өөр үйлдэл хийж чадахгүй, хүний гар харан амь гуйж буй энэ бүсгүйг Батдэлгэрийн Хүрэлхуяг гэдэг. 40 гаруйхан настай энэ оёдолчин бүсгүй Эрдэнэт хотын уугуул. 20 наснаасаа мэргэжлээрээ ажилласан тэрбээр өндөр цалинтай газарт хөдөлмөрлөж, 80 гарсан ээжтэйгээ сайхан амьдрах орон байрны мөнгө олохоор гурван жилийн өмнө Турк улсад ирсэн. Хоёр жил гаруйн хугацаанд хоногийн 10 цагаар орон сууцны зоорийн давхар дахь үйлдвэрт оёдол хийж байхдаа тархинд цус харваснаас хойш хагас жилийн хугацаа өнгөрчээ. Хүний нутагт, түрээсийн умгар өрөөнд ухаангүй болсон түүнийг нутаг нэгт н.Баяраа гэх сайхан бүсгүй анх олж, эмнэлэгт хүргэснээр амь аврагдсан байна. Туркийн эмнэлэг яаралтай мэс засал хийж, “одоо сайн асарвал хөл дээрээ удахгүй босно” гэсэн хариу хэлснээр н.Баяраа фэясбүүкээр дамжуулан Монгол дахь ах дүүсийг нь хайж олж, хэл дуулгаснаар Эрдэнэтээс төрсөн дүү нь Туркт очиж эгчийгээ асарч эхэлжээ.
Цус харвасан хүнийг хол замд тээвэрлэж болохгүй, Туркт байх хугацаа хязгаартай зэрэг бэрхшээлийн улмаас аргабуюу Б.Хүрэлхуягийг асрамжийн газарт үлдээгээд дүү нь Монголдоо ирсэн байна. Үүнээс хойш хоёр сар гаруйн хугацаа өнгөрчээ. Хэдийгээр асрамжийн газарт байгаа ч Б.Хүрэлхуягийн бие дээрдэхгүй байсаар өдгөө биеийн бүх хэсэг нь цоорч, 85 кг-аас 25 кг болтлоо турж эцэж, нүднээс гарчээ. Анх хоолойгоор нь гуурс оруулж, хооллодог байсан бол өдгөө гуурсыг шууд ходоод руу нь залгаж, биеийн бүх хэсэг нь мэдээгүй болсон байна.
Тиймээс асрамжийн газрын зүгээс “Энд байгаад дээрдэх боломжгүй, заавал эмнэлэгт эмчлүүлэх шаардлагатай” гэдэг дуудлагыг ар гэрийнхэнд нь ирүүлжээ. Б.Хүрэлхуягийн 80 гарсан ээж нь тэтгэврийнхээ зээлийг 6 сараар авч, өмнө нь дүүг нь явуулсан тул мөнгөний боломжгүй, хий л алга хавсран залбирсаар сууна. Өөрөө ч байнга даралт ихсэж, эмчийн хяналтад байдаг аж. “Охин минь явахдаа биеэ бодоод сайн байж байгаарай гээд явсан Би ч биеэ бодоод л сууж байгаа минь энэ. Ихэр байгаад өрөөсөн нь эндэж, үлдсэн үр минь юм. 40 нас гэдэг залуу нас шүү дээ. Охиноо хүний нутагт эндэхийг нь хараад сууж чадахгүй юм. Ийм болтлоо турж эцсэнийг нь дуулаад хоол хоолойгоор давахгүй, нойр ч хүрэхгүй юм. Яаж ийгээд, тэргэнцэр дээр суудаг болгоод авбал, монголдоо авчраад өөрөө асраад хөл дээр нь босгочихмоор байна. Тиймээс монголын ард түмнийг миний охинд туслаач гэж гуйж байна” Надад өөр арга алга” хэмээн уйлан ярьж сууна.
Б.Хүрэлхуягийн дүү өнгөрсөн ням гарагт Турк улсыг зорьсон ба эгчийгээ эмнэлэгт хэвтүүлэн асарч, эмчлүүлээд, монголдоо авчрах зорилготой. Гэвч тэдэнд мөнгө байхгүй учир ийнхүү ард түмэнд хандаж буйг манай редакци уламжилж байгаа юм. Сайхан сэтгэлт та бүхэн харийн оронд үхэлтэй тэмцэж буй бүсгүйд туслаарай. Хандивын данс: Хаанбанк 5094189455- Б.Эрдэнэчимэг /Турк руу явсан төрсөн дүү нь/
Нэмэлт: Ажлын байр хомс, хөдөлмөрийн үнэлэмж цалин бага манай улсын иргэд өндөр цалинтай газарт хөдөлмөр эрхлэхээр гадаад улсыг зорьдгийн нэгэн жишээ нь Б.Хүрэлхуяг юм. Хилийн чанадад байгаа элэг нэгтнүүддээ туслах үүрэгтэй консулын газрынхан харин нүдэн балай чихэх дүлий байгаа байдлын бодит жишээ энд харагдаж байна. Турк дахь Консулын газрынханд Баяраа болон тэнд суугаа монголчууд олон удаа хандсан ч ямар ч тусламж үзүүлээгүй бөгөөд сүүлдээ утсаа ч авахаа байсан нь харамсмаар. Харь оронд төрсөн гэр шиг, хүний эцэг шиг харж хардан, дэмнэхийн тулд томилогдон, цалинжиж буйгаа ухамсарлаасай.
Сэтгэгдэл
Нэр