Насанд хүрээгүй буюу 14 настай охин бусдад хүчиндүүлж, жирэмсэлж, хүүхдийг нь төрүүлсэн хэргийн талаар Цахиур.мн сайт өнгөрсөн зургаадугаар сард эрэн сурвалжлах нэвтрүүлэг бэлтгэн хүргэсэн. Нэвтрүүлэг гарсны дараагаар ЦЕГ-аас хэргийг шалгаж эхэлсэн бөгөөд мөрдөн байцаалтын ажил дуусаж, өдгөө хэрэг прокурорын шатанд хянагдаж байгаа аж.
Хүчингийн хэрэг хаагдана
Хүү өдгөө 10 сартай бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд “Эцэг тогтоох шинжилгээ”-нд хамрагдаж, шинжилгээний хариу саяхан гарсан бөгөөд хүүгийн эцэг нь хүчирхийлэгч Н болох нь 99 хувиар батлагдсан байна.
Гэвч уг хэрэг цааш үргэлжлэхэд учир битүүлэг нөхцөл байдал үүсээд байгаа юм. Учир нь тухайн хэргийг үйлдсэн, хүүгийн эцэг Н амиа хорлосон байдалтай нас нөхчсөн. Хэрэг үйлдэгч байхгүй болсон энэ тохиолдолд тухайн хэргийг хэрэгсэхгүй болгон, хааж шийдвэрлэдэг гэдгийг хуульчид хэлж байна.
Эх, хүү хоёр “хандив”-ын орон сууцандаа амьдарч байна
Нэвтрүүлэг гарсны маргааш өдрөөс 10 сартай хүүгээ тэвэрсэн 15 настай охиныг цагдаа, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрынхан “Түр хамгаалах байр”-нд авч, сар гаруй хугацаанд хамгаалалтад байлган, холбогдох ажиллагаануудыг хийсэн. Тэдний зутруухан аж төрж байгаа нэвтрүүлгийг үзсэн олон нийт хандивын аян өрнүүлж, 58 сая төгрөг цуглуулсан бөгөөд үүний 52 сая төгрөгөөр нь нэг өрөө орон сууц худалдан авч, үлдсэн мөнгийг охинд хүлээлгэн өгсөн билээ. Өдгөө охин, хүүгийнхээ хамт орон сууцандаа амьдарч байна. Тэрбээр хүүгээ асрангаа МСҮТ-д суралцан мэргэжил эзэмших зорилготой байгаа аж.
ШШҮХ-ээс “Гадны нөлөөгүй” гэсэн дүгнэлт гарчээ
Харин хэрэг үйлдэгч Н нэвтрүүлэг гарснаас хоёр хоногийн дараа Төв аймгийн Батсүмбэр суманд амиа хорлосон байдалтай нас барсан нь олдсон. Хүний амь үрэгдсэн энэ хэргийг өдгөө Төв аймаг дахь Цагдаагийн газарт шалгаж байна. Талийгаачийн цогцсыг авахаар түүний аав нь Төв аймагт ирсэн бөгөөд хууль ёсны хохирогчоор тогтоогдон мэдүүлэг өгчээ. Тиймээс хэргийн явц, шийдвэрлэлтийн талаарх мэдээллийг талийгаачийн эхнэрт биш аавд нь хуулийн байгууллага өгөх юм байна. Хэргийн газарт, үзлэг хийх цагдаагийн алба хаагчдаас гадна Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нар ажилласан бөгөөд тэдний дүгнэлтээр үхлийн шалтгаанд “гадны нөлөөгүй” гэсэн хариу гарч, хариуг мөрдөн байцаагчид хүргүүлсэн байна.
Гэвч, хуулийн байгууллагаас хэргийг шалгахдаа “бусдыг амиа хорлоход хүргэсэн байж болзошгүй” гэдэг үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд ингэхдээ “Босоо хөх монгол” ТББ-ын нэр бүхий хүмүүсээс мэдүүлэг аваад байгаа аж. Учир нь талийгаач Н-ыг нас барахын өмнөх өдөр ажлын байрандаа байхад нь “Босоо хөх монгол” ТББ-ын гэх хэд хэдэн хүн утсаар ярьж, фэйсбүүкийн чатаар харилцсан бөгөөд ингэхдээ “Манай байгууллагын гишүүн биш гэдгээ олон нийтэд зарлаж, өөрийнхөө фэйсбүүк хаягаар лайв хий. Үгүй бол бид байгаа газарт чинь очно, хотоос гарч байна” хэмээн ярьсан гэдгийг хамт ажиллаж байсан хүмүүс нь хэлж, цагдаагийн байгууллагад мэдүүлжээ. Иймээс уг асуудлыг нягтлан шалгаж байгаа юм байна. Мөн тухайн нэвтрүүлгийг бэлтгэн хүргэсэн сэтгүүлчээс ч цагдаагийн байгууллага гэрчийн мэдүүлэг аваад байгаа юм. Хэргийн мөрдөн байцаалтын үе дэх мэдээллийг бид тухай бүрт мэдээлнэ.
Нэвтрүүлгийг үзэх:
Хүчингийн хохирогч- 15 настай ээжХүчингийн хохирогч- 15 настай ээж
Posted by Tsahiur.mn on Thursday, April 14, 2022
Сэтгэгдэл
Нэр