"Эрүүл дүүг маань халдвартай хүмүүстэй нэг өрөөнд оруулчихсаныг 3 хоногийн дараа мэдлээ"

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
2 сар өмнө

Цэргийн төв эмнэлэгт халдвар авсан оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаа иргэн Г манай редакциар дамжуулан, эрүүл мэндийн байгууллагын хариуцлагагүй байдлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, 12 дугаар сарын 9-ний өдөр дүүгээ сахихаар Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт очжээ.

Тэрбээр ярихдаа “Дүү маань менингит оноштой Баянзүрх дүүргийн эмнэлэгт очсон. Онош тодруулахын тулд нугаснаас ус авах шаардлага гарч, сахиур орохыг зөвлөсөн. Энэ дагуу би дүүгийнхээ сахиураар орсон юм. Харин маргааш нь менингит өвчин биш болох нь батлагдаж, бид эмнэлгээс гарсан.

16-ны өдрөөс миний булчингууд өвдөж, биед зовиур үүссэн. Тиймээс 103 руу ярьж зөвлөгөө аваад, тэр дагуу 17-ны өглөө Өрхийн эмнэлэг дээрээ очиход “Цээжээ гэрэлд харуулж, ковидын шинжилгээ өг” гэсэн. Энэ дагуу би 48-р сургууль дээр очиж, сайн дураараа шинжилгээ өгсөн. Маргааш нь буюу 18-нд Онцгой байдлын газраас утсаар ярьж, “Шинжилгээ эерэг гарсан” гэж хэлээд, намайг ЦТЭ-т авчирсан. Тухайн үед дүүг маань Наранбулаг зочид буудалд тусгаарлаад байсан юм.

Намайг халдвартай хэмээн ЦТЭ-т авчирсан учраас дүүг маань ч мөн 19-ний өдөр ЦТЭ-т авчирсан. Ингэхдээ хоёр настай хүүхэдтэй нь хамт ЦТЭ-ийн дөрөвдүгээр давхарт халдвар нь батлагдсан хүмүүстэй нэг өрөөнд оруулсан. Бид өөрсдийгөө үнэхээр л халдвар авсан юм байна гэж итгэж байсан.

Гэтэл өнөө өглөө /12.23/  дүүгийн маань утсанд “Шинжилгээний хариу сөрөг гарсан” гэсэн мессэж ирсэн. Өөрөөр хэлбэл, халдвар аваагүй дүүг маань халдвартай гэж таамаглаад, хоёр настай хүүхэдтэй нь ЦТЭ-т халдвар нь батлагдсан хүмүүстэй нэг өрөөнд оруулчихсан байна.

Бид гайхаж, балмагдаад Онцгой байдлын газар, ЭМЯ-ны бүх л дугаар руу ярьж, регистрийн дугаараа хэлж шалгуулахад “сөрөг байна, яагаад ЦТЭ-т авчирсныг мэдэхгүй” гэдэг хариу хэлж байна. Онцгой байдлын ажилтан руу ярьтал “Хариуцлага алдсан юм шиг байна” гэж хэллээ. Тийм мөртлөө бие бие рүүгээ асуудлыг ярьж, дамжуулаад хэн нь хариуцлага алдсан нь олдохгүй байна,  Дүү маань эрүүл байсан хэр нь халдвартай хүмүүстэй нэг өрөөнд орж, гурав хоночихлоо. Одоо бол энд ирээд халдвар авчихсан байх. Бид хэнд хандахаа мэдэхгүй байна. Одоо миний дуудлагыг авах хүн ч олдохоо байлаа.

Эмнэлэг маш хүйтэн, зузаан хувцастай ч даараад сууж байна. Уух ус байхгүй. Бөөн хэл ам хийж байж, гэрээсээ ус буцалгагч авчраад, крантны ус буцалгаад ууж байна. Өрөөндөө дөрвүүлээ, дундаа нэг ариун цэврийн өрөөтэй, халдвар дамжих жинхэнэ эрсдэл энд байна.

Гэрийнхэн маань зарим нь энд, зарим нь тусгаарлах байранд байна. Ар гэрт нь хүндрэлтэй байдлууд үүсэж байна. Ойролцоо амьдардаг айлын хүмүүс нь  Хорооны байран дээр нь очиж “халдвартай хүмүүсийг хөөж зайлуул” гэгчлэн хэл ам хийж, гадуурхаж байна. Хамгийн гол нь бид халдвар аваагүй байсан хэр нь эрүүл мэндийн байгууллагын хариуцлагагүй байдлаас болоод халдвартай хүмүүстэй нэг өрөөнд орж, халдвар авч байна. Биднийг хохироосон, энэ хариуцлагагүй байдалд хэн хариуцлага хүлээх вэ?

 

 

Хаха 0 129 Буруу 10 Гайхмаар 42 Харамсалтай 4 Хөөрхөн