Нийгмийн сүлжээнд идэвхитэй монголчуул “анхны цас”-ны талаар сэтгэгдэл, дурсамжаа нүүрхуудастаа тэмдэглэн, ням гарагийг эхлүүлэв. Үүнтэй зэрэгцэн амралтын өдрийн тренд- ярианы дүр болсон хүн нь УИХ-ын дарга Г.Занданшатар байв. Тэрбээр өөрийн хуудаснаа “Өглөөний мэнд. Өглөө анхны цаснаар нохотойгоо ууланд гарч цагийн байдлыг шинжвээс энэ өвөл хүйтрэх төлөвтэй шүү. Өвөлжилтин бэлтгэлээ сайн хангах нь чухал юм бна” хэмээн үг үсгийн алдаатай нийтэлсэн нь ийнхүү “сайхан сэдэв” болж, дараагийн ”сэдэв” гарч иртэл буюу тодорхойгүй хугацаагаар яригдах нь тодорхой боллоо.
Ийнхүү нүүрхуудас УИХ-ын даргын жиргээ, зургаар ерөнхийдөө дүүрч эхлэхэд Г.Занданшатар дарга постдоо эдит (засвар) хийж, хоёр үгийн алдаагаа засаж, “нохойтойгоо” гэдэг үгээ бүр авч хаяв. Шүүмжлэлд соргог хандаж буйн жишээ. Дарга ганцаараа ч соргог хандаад зогсохгүй, ажлын албаныхан нь “анхаарч”, “нохойноос гадна хүүтэйгээ хамт явж, зургаа даруулсан” гэдэг тайлбарыг сэтгэгдэл хэсэгт залруулж байхуй.
Хувь хүн сошиал орчиндоо юугаа бичих, алдаж бичих, агуулга нь шүүмжлэлтэй байх, эсэх нь хэнд ч чухал биш л асуудал. Гэхдээ Г.Занданшатар гэдэг хүнийг хувь иргэнийх нь хувиар биш, хууль тогтоох байгууллагын даргалагч гэдгээр нь алхам, үг бүрийг нь иргэд харж буй. Тиймээс “ярианы сэдэв” болоод буйг дарга нар “ойлгочих л хэрэгтэй байна” Тэгвээс алхахдаа, ярихдаа хариуцлагатай хандаж, долоо хэмжиж нэг огтлон, тэр хэрээр албан ажилдаа ч чамбайрах биз ээ.
Сэтгэгдэл
Нэр