Тэнүүн-Огоо ХХК-ийн автобусны жолоочоос коронавирусийн халдвар илэрснийг ЭМЯ өнөөдөр /2020.12.29/ мэдээлсэн. Ингэхдээ тухайн жолооч нь арванхоёрдугаар сарын 24-нийг хүртэл ажилдаа явсан учир 20-24-ний хооронд Шархад-Зунжин чиглэлийн автобусаар зорчсон иргэдийг шинжилгээ өгөхийг зөвлөсөн.
Тэгвэл тухайн халдвар авсан жолооч Б нь Хавдар судлалын үндэсний төвд нас барсан иргэнийг оршуулах ёслолд оролцжээ. Харин маргааш нь байгууллагынхаа арван жолоочтой хамт БЗД-ийн Улиастай орчимд салхинд гарч, пиво ууцгаажээ. Ингэхдээ нэг аягаар дамжуулан уусан бөгөөд амны хаалт зүүгээгүй гэдгээ ярьцгааж байна. Тэдний энэ үйлдлийг байгууллагынх нь удирдлага мэдсэн бөгөөд хариуцлагын асуудал ч яригдаж байжээ. Өөрөөр хэлбэл, халдвар авсан жолооч тусгаарлагдаж байгаагүй, нийгмийн амьдралд чөлөөтэй оролцож байсан гэсэн үг.
Жолооч Б-ын аав, ээж, эхнэр нь халдвар авсан нь шинжилгээгээр батлагдсан бөгөөд харин хамт салхинд гарсан ажлынхнаас нь халдвар илрээгүй аж. Гэвч давтан шинжилгээнүүдийг авахаар тусгаарлаад байгаа юм байна.