Өөрийн хамаарал бүхий компаниудад ажилладаг охид, эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлдэг, хүчинддэг хэргээр шалгагдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 буюу хүчингийн хэрэгт яллагдагчаар татагдаад байсан УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт холбогдох хэргийг нийслэлийн Прокурорын газраас хэрэгсэхгүй болгож, хаажээ.
Энэ талаар Улсын Ерөнхий Прокурорын газрын Олон нийттэй харилцах албанаас тодруулахад "Уг хэргийг нийслэлийн Прокурорын газраас хэрэгсэхгүй болгож, хаах тогтоол гаргасан. Одоо тогтоолыг хэргийн оролцогч нарт танилцуулах ажил хийгдэж байна. Оролцогч нар тогтоолтой танилцаад эс хүлээн зөвшөөрвөл, гомдол гаргах эрхтэй" гэсэн тайлбар хэллээ.
Тодруулбал, нийслэлийн Прокурорын газраас 2021.10.21-ний өдөр “Яллагдагчаар татах” тогтоол үйлдэн, Ц.Анандбазарын хэргийг Мөрдөн байцаах албанаас шалгаж байсан билээ. Тухайн цаг хугацаанаас хойш хүчингийн хэргийн хохирогч Б.С нь цагдаад өгсөн гурван удаагийн мэдүүлгээсээ буцаж, “Худал мэдүүлэг өгсөн” хэргээр сайн дураар шүүхэд хандан, хялбаршуулсан журмаар шүүхээр шийдүүлж, 6 сая төгрөгийн ял авсан. Ингэснээр Ц.Анандбазарын холбогдсон хүчингийн хэрэг “хохирогчгүй” болсон учир ийнхүү хэргийг хэрэгсэхгүй болгон хаах тогтоолыг НПГ-аас гаргасан байна.
Ийнхүү олон нийтийн хүлээлтэн дор Мөрдөн байцаах албаныхан хоёр жил гаруй хугацаанд шалгасан, нийслэлийн Прокурорын газрынхан яллагдагчаар татаад байсан хэрэг хэрэгсэхгүй болж, хаагдаж байна.
Гэвч хохирогч ямар шалтгаанаар мэдүүлгээсээ буцсан, хэрэг шалгагдаж эхэлснээс хойш ямар хөрөнгөөр орон сууц, автомашинуудтай болсон нь хариултгүй үлдэж байна.
Энэ талаар манай редакц “Хохирогчоо өмгөөлөгч болгосон Ноён-51” нэвтрүүлгийг бэлтгэн олон нийтэд хүргэснийг үзэх бол ЭНД дарна уу.
Бид асуудлыг үргэлжлүүлэн сурвалжилна...
Сэтгэгдэл
Нэр