БЗДХ, ХДХВ/ДОХ-ын талаарх үндэсний наймдугаар чуулган Туушин зочид буудалд өнөөдөр /2022.11.28/ болж буй.
Энэ үеэр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга н.Болд "Орос-Украины дайнаас үүдэлтэй манай улсыг зорих гадаадын иргэдийн тоо нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор гадаад иргэдийг бэлгийн замын халдварт өвчний үзлэг, шинжилгээнд хамруулахад чиглэсэн төлөвлөгөө байгаа вэ?" гэж асуув.
Асуултад ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын Тандалт судалгааны албаны дарга Ж.Даваалхам, "ОХУ-д ХДХВ/ДОХ-ын халдвар өндөр бүртгэгддэг. Энэ дундаа мансууруулах бодис хэрэглэгчдийн дунд халдварын тархалт их байдаг. Сүүлийн үеийн судалгаагаар эрсдэлт бүлгээс гадна нийт хүн ам буюу залуучуудын дунд энэ төрлийн өвчин тархаж байгаа мэдээлэл бий. ОХУ-ын Эрхүү муж, тэр дундаа Буриадад БЗДХ, ХДХВ/ДОХ-ын тархалт их бүртгэгддэг.
Монгол Улсын хуулиар ХДХВ-ийн халдвартай хүн манай улсын хилээр орж ирэхэд ямар нэгэн саад байхгүй. Мөн орж ирэхдээ өөрийгөө ХДХВ-ийн халдвартай гэдгээ эрүүл мэндийн байгууллагад мэдэгдэх талаарх зүйл заалт байхгүй.
Эрүүл мэндийн салбар ямар нөхцөлд илрүүлэгт ажиллаж байгаа вэ гэвэл, тухайн оронд оршин суух зөвшөөрөл авч буй гадаадын иргэнд ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ хийж байгаа. Энэ дундаас эерэг тохиолдол илэрч байгаа.
Бүртгэгдсэн тохиолдлуудад баталгаажуулах шинжилгээг ХӨСҮТ-д хийж байгаа. Баталгаажуулсны дараа хүн нэг бүртэй тулж уулзаж байна. Бэлгийн замын халдвар авсан гадаадын иргэнийг эх орноосоо албадан гаргах ямар ч эрх зүйн үндэс байхгүй. Тиймээс Монгол Улсад байх хугацаанд нь эмчилгээ тусламж, үйлчилгээнд өөрийнх нь хүсэлтээр хамруулж байна.
Хэрэв Монгол Улсад эмчилгээ, тусламж үйлчилгээнд хамрагдахгүй гэвэл, бидэнд албадан эмчлэх ямар ч зохицуулалт байхгүй." гэсэн юм.
Сэтгэгдэл
Нэр