Энэ сарын 24-25нд шилжих шөнө ILoft баараар үйлчлүүлж байсан иргэн Л тус баарны хамгаалагч нарт зодуулсан талаараа бидэнд хандсан. Түүнээс өмнө буюу өнгөрсөн 7-р сарын 27-нд иргэн Х, 9-р сарын 15-нд иргэн С нар мөн тус баарны хамгаалагч нарт зодуулж, хохирсон талаараа бидэнд хандаж, мэдээллийг хүргэж байсан билээ. Нийтдээ 3-4 иргэн яг ижил шалтгаанаар буюу тус баараар үйлчлүүлэх гэж ороод, хамгаалагч нарт нь зодуулж бэртэж, гэмтэж, эрүүл мэндээрээ хохирсон /нэг нь нуруу нь хугарсан, нэг хамар, нүүрний яс гэмтсэн/ талаараа бидэнд хандаж, цагдаа шүүхээр явж байгаа ч өнөөг хүртэл асуудал нь шийдэгдээгүй байна.
Өнгөрсөн 7-р сард зодуулсан иргэн Х Сүхбаатар дүүргийн цагдаад хандсан бөгөөд өнөөдрийн байдлаар гурван байцаагч солигдсон бол 9-р сард зодуулсан иргэн С-ийн хэрэг дээр мөн л Сүхбаатар дүүргийн цагдаа дээр хоёр ч байцаагч солигдоод асуудлыг бүрэн шийдээгүй байна. Харин хамгийн сүүлд буюу энэ сарын 25-нд зодуулсан иргэний хэргийг шалгаж эхэлсэн талаараа ЦЕГ-аас мэдээлж байна.
Мөн хохирогч иргэдийн хэлж буй бас нэг асуудал нь шүүх эмнэлгээр хохирлоо тогтоолгоод, дүгнэлтээ гаргуулчихаад, цагдаа шүүхээр шалгуулаад явж байхад тус баарнаас хохирогч иргэдийг буруутгасан мэдээлэл хийж, "цагдаа шүүхэд хандвал өөрсдөө л хохирно шүү" гэх мэтээр сүрдүүлдэг талаар хэлж байна.
Эндээс үзвэл, үйлчлүүлэгчдийнхээ эрүүл мэндэд хохирол учруулж, бүлэглэн зоддог Iloft гэх баарны асуудлыг хууль, хяналтынхан яагаад шийдэхгүй удааж байна вэ, түүний ард хэн нэгэн эрх мэдэлтэн байна уу гэх хардлагыг ч төрүүлж байгаа юм. Бид уг асуудлаар үргэлжлүүлэн мэдээлэл хүргэх болно.
Сэтгэгдэл
Нэр