Малайз улсад хэрцгийгээр амиа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн хэрэг 16 жилийн дараа ялалт байгууллаа. Энэ талаар талийгаачийн аав С.Шаарийбуу мэдээлэл хийлээ. Тэрбээр өнгөрсөн хугацаанд 12 удаа Малайз руу явж, удаа дараагийн шүүх хуралд оролцжээ.
Тэрбээр хэлэхдээ “Миний өмнөөс хэн ч уйлахгүй, хэн ч дуулахгүй. Энэ хугацаанд Эмнэсти, ХЭҮК, НҮБ-ын Хүний эрхийн хороо, ГХЯ, ХЗДХЯ гэх мэт байгууллагуудад нийт 300 гаруй өргөдөл бичжээ. Монголын бүх Хуулийн сайд, Гадаад харилцааны сайд нартай уулзаж, тэднийг тусална л гэж бодож явсан. Өнөөдрийг хүртэл би үхэж болохгүй шүү гэсээр салгалж ирлээ. Эцэст нь энэ хүмүүсийг дахин дахин шүүхийн өмнө дуудсан. Ганцхан уучлаарай гэдэг үгийг л хэлүүлэх гэж зүтгэсэн. Гурав хоногийн өмнө хэлүүлсэн.
Охины минь хүү хөгжлийн бэрхшээлтэй байсан. Уйгагүй зүтгэсээр хүүгээ хана түшээд алхдаг болгосон. Хүүгээ бусдын адил гүйдэг болгоно гээд Малайзыг зорьсон. Үнэндээ мөнгөний төлөө явсан. Би жирийн л багш хүн. Социализмын үед хөрөнгө хурааж чадсангүй, хоёр өрөө байр л байсан. Тиймээс охиндоо санхүүгийн хувьд тусалж чадаагүй. “Малайз улсын аюулгүй байдалд онц ноцтойгоор нөлөөлөх гадаадын тагнуулын эмэгтэйг устгах хэрэгтэй" гэдэг үүрэг өгсөн байгаа юм. Би охиныхоо хэргийг илрүүлэх гэж арай л өөрийгөө ломбардсангүй. Өнөөдөр өнчирсөн хэдэн хүүхэд, навсайсан нэг амьдрал л үлдлээ дээ. Гэхдээ, амьд байгаа хойно. Амьдарна даа” гэсэн юм.
Амьдралаа сайжруулахын тулд харь оронд хөдөлмөрлөхөөр яваад алтан амиа алдсан охиныхоо хэргийг шударгаар шийдүүлэхийн тулд үхэх ч эрхгүй зүтгэсэн ААВын өмнө шударга ёсонд итгэдэг монголчууд толгой бөхийн, хүндэтгэж байна.
Сэтгэгдэл
Нэр