Цахиур.мн сайт шинэ жилийн баярыг тохиолдуулан зорилтот бүлгийн 3000 хүүхэд баярлуулахаар “Хүслийн оймс” аян эхлүүлж, 1000 бэлэг цуглуулж чадсан ба өөрсдийн нөөц боломжоор 300 оймс, бээлий, бойтог, цамц, малгай, үлгэрийн болон буддаг ном худалдан авч, бэлгэндээ нэмэрлэн, багачуудыг зорилоо.
...Бага үдийн 11.00 цагийн орчимд, нийслэлийн захын хороолол дахь хашаагүй таван ханат, галлаагүй гэрт голд жавар суумаар хүйтэн. Урагдсан, хаа сайгүй цоорсон, халтар хулдаас хөлдүү байгаа нь хөл дор ширжигнэн хугарах чимээнээс нь мэдэгдэнэ. Гэрийн зүүн хойд талд тавьсан нэг хүний уранхай буйдан дээр бага насны 3 хүү авирч, нэгнийхээ дээр, доор орон сууцгаажээ. Тэд гурвуулаа хөл нүцгэн байгаагаас харвал хулдаасанд хайрагдахаас болгоомжилж, буйдан руу авирсан мэт сэтгэгдэл төрүүлнэ. Бага хүү ой дөнгөж гаруйхан настай, зөвхөн живх зүүсэн нь бараг л хүйтнээс хамгаалах ганц хувцас мэт сэтгэгдэл төрүүлнэ. Гэвч зүүсэн живх нь памбайтлаа дүүрч, гадна хэсэг нь хиртэж, халтайжээ. Гэрийн хоймор хэсэгт газраар ор засч, унтаж байгаа 10 гаруй насны хүү бол энэ айлын том хүү, өөрөөр хэлбэл тэр 3 дүүгээ хооллож, хувцаслаж, авч яваа нэгэн болох нь 5-хан минут ярилцахад шууд ойлгогдоно.
Ээж нь ажил хийхээр явсан гэх, аав нь улирлаас хамаарч самар түүх, барилгын туслах хийх зэргээр таарсан ажлаа хийж, мөнгө олдог ганц хүн нь ажээ.
Бидний зорьж очсон айлууд дийлэнхдээ бага насны 4-6 хүүхэдтэй. Бүр тодруулбал, 1-13 насныхан нэг өрх айлд 4-6-уулаа байх ба дийлэнхдээ өрх толгойлсон ээжтэйгээ амьдарцгаадаг. Аав нь хорих ангид ял эдэлж байгаа, хөдөө ажиллахаар явсан, архи уугаад алга болсон, эсвэл бүр салсан гэх. Ээж нь ч бас дийлэнхдээ гэртээ байдаггүй. Хүүхдүүд нь “ээж айл руу явсан” л гэх. Ямар ажлаар, хэзээ явсан, хэзээ ирэх гээд бүх зүйл тодорхойгүй. Явахдаа харин гэрээ галлаагүй, хоол хүнсгүй, хүйтэн, бохир заваан гэрт хүүхдүүдээ санаа зовох зүйлгүй үлдээчихэж байгаа нийтлэг төрхтэй.
Улаан цурав хүүхдүүдтэй зэрэгцээд айл бүхэнд шахуу 1-ээс олон нохой эсвэл муур байх. Ноход, муурны аяга хүүхдүүдийнхтэй нэг буюу байгаагаа хуваагаад иддэг нь түгээмэл, нүдэн дээр илхэн харагдана. Хүүхдүүд дандаа л хөл нүцгэн, хөл гар нь минчийтэл улайчихсан, нүүрсэнд хутгаад гаргаад ирсэн мэт таг халтар хиртэй. Гэр орон нь ундуй сундуй, хэзээ хогоо цэвэрлэсэн, аягаа угаасан, шалаа ер нь угааж үзсэн болов уу гэмээр байдал л айл бүхэнд яг ижилхэн байх. Зуур тойрсон орчинд тогооны ёроолд түлэгдсэн, дээр нь ус хийчихсэн хоолны үлдэгдэл, талхны уут, маслоны сав, хогийн шүүр ухуур, халтартсан, сэтэрсэн хэдэн шаазан, хүүхдийн өмд, өрөөсөн гутал гээд юу эс байх. Бас айл бүхэнд нийтлэг байх нэг зүйл бол хуванцар ванны ёроолд хиртэй ус тунараад л байж байдаг заавал нэг зүйл нь. Ийм дүр зураг бүхий умгар гэрт балчир үрс “Хүслийн оймс” аяны өвгөн аавыг инээлдэн угтаж, бэлгээ шүүрч аваад, уяаг нь ч тайлахгүйгээр шүдээрээ гялгар уутыг уран задална.
Охин одоо 11 настай. 14 настай эгчтэйгээ амьдарч байна. Тэднийг хажуу айлынхан нь л хаая хүүе гэдэг. Ээж нь бас л ажил хийхээр явсан гэх. Гэхдээ бас л хаашаа, ямар ажил хийхээр явсан, хэзээ ирэх нь тодорхойгүй. Охид анхнаасаа л аавгүй байсан. Умгар гэрт ямар ч байсан гал түлсэн гэмээр пүнхийсэн ч, дулаахан биш. Өвлийн өвгөнийг хараад хамгийн ихээр баярласан сэтгэгдлээ илэрхийлсэн охин бол тэр. Өвлийн өвгөний малгайг, хүрмийг засаж өгөөд, тэвэрч үнсээд, өвөөгийн өгсөн бэлгийг аваад, бүүвэйлэх мэт үйлдэл үзүүлэн хөөрч баярласан. Өвөөг явахад, хүзүүлдэн тэврээд “дараа жил заавал ирээрэй” гэж шивнэсэн.
Дараагийн очсон айл маань хашаагүй талд байсан ганц гэр. Гэрийн зүүн хаяанд сайжруулсан шахмал түлш 20 шуудай орчмыг хураасан байсныг бид баярлан харсаар орсон ч гэрт ороод дахиад л гуниг төрсөн. 4-13 насны 6 хүүхэд аанай л ундуй сундуй гэрт, хоосон халтар аягануудын дунд цомцойн сууж байв. Мөн 10-аад залуус тэдний дэргэд байсан нь Христийн сүмийн итгэгчид гэх бөгөөд тэд хүүхдүүдэд гэрийн гадаах нүүрс, хоол хүнс авчраад байгаа нь энэ ажээ. Хүүхдүүд ээжтэйгээ амьдардаг байсан ч ээж нь өөр хүнтэй хамтран амьдардаг болоод, сар гаруй хугацаанд хүүхдүүдээ орхин явжээ. Гэрт бас нэгэн төрлийн эзэд байсан нь 7 ширхэг муур. Эх муур зулзагалаад удаагүй учраас нялх муужгайнууд олон байв. Хоолны шүүгээн дээрээс ч нэг муур үсрэн буух, хувцасны даавуун шүүгээн дотроос ч муур гарч ирэх, зуухны дэргэд 3 муур биесээ налаад сууцгаана.
Иймд байдалд хүүхдэд ууттай бэлэг өгөхдөө бидэнд ямар ч баяр төрөхгүй ч, хүчээр инээгээд ерөөл хэлээд бэлгээ гардуулаад, дуу муутайхан гарцгаав. Гэрээс гарангуут энэ талаарх мэдээллийг нийтэлсний дагуу Хүүхдийн тусламжийн 108 төвөөс шуурхай холбогдон, хүүхдүүдийн гэрийг заалган очиж, хүүхдүүдийг түр хамгаалах байранд авснаа эргэн мэдэгдэв. Ингэснээр 4-13 насны эгч дүү 6 шинэ оныг цэвэрхэн, дулаахан, хоол хүнстэй орчинд угтах боломжтой боллоо. 108-ынхан цагдаатай хамтран хүүхдүүдийн ээжийг ч шуурхай хайж олжээ. Харин яг энэ цаг мөчид 6 хүүхдийн эх Н манай редакци руу тасралтгүй утасдан “би хүнтэй хамт амьдарч багйаа нь үнэн. Бид уулын оройд гэртэй. Тэндээс хүүхдүүдээ хардаг, эргэж очдог. Гэтэл та нараас болоод хүүхдүүдийг маань хамгаалах байр руу аваад явчихлаа. Надад эргүүлээд өгөхгүй бол та нартай шүүхдэнэ. Миний эрхийг та нар зөрчлөө” хэмээн загнаж зандачсаар л байна.
Хүүхэд хамгаалах байранд очих нь тэдний эрхийг зөрчсөн үйлдэл гэж үзэх эх хүн яагаад хоол хүнсгүй, түлэх түлээгүй гэрт 6 нялх хүүхдээ бүтэн сараар үлдээгээд, хамтран амьдаргчаа сонгоод явсны шалтгааныг бид харин ойлгоогүй. Нэгэнт хүүхдийн төлөө байгууллага болон цагдаагийн алба хаагчид ажиллаж эхэлсэн тул “эрсдэлийн зэрэг”-Ийг тогтоон, хуулийн хүрээнд шийдвэр гаргах биз ээ.
Орцны жижүүрээр ажилладаг 57 настай эмэгтэй 6 хүүхэдтэй. Тэр 6 хүүхэд, 2 зээгийнхээ хамт 9-үүлээ подвалийн умгар өрөөнд амьдардаг. Түүний том охин нь 26 настай бөгөөд тэр нь 1 болон 3 настай 2 охинтой. Хоёр охин харин аавгүй. Энэ гэрт байгаа 8 амыг тэжээж, хувцаслах үүргийг 57 настай эх нь ганцаараа нураан дээрээ үүрч, орон сууцны цэвэрлэгээг гараа цэврүүттэл хийдэг.
Дахиад л нэг харанхуй гудам. Энэ гудмын хамгийн цаана хашаагүй жижигхэн амбаар байх ба тэнд 27-той бүсгүй 5-тай охин, 3-тай ихэр хөвгүүдтэйгээ амьдарч байна. Бүсгүй өдрийн цагаар хогийн цэг рүү гарч, тэндээсээ амьжиргаагаа залгуулдаг. Биднийг очиход тэрбээр ажлаасаа бууж ирээгүй, 3 хүүхэд нь цоожтой, хаалгаа онгойлгож чадахгүй байцгаав. Хаалга, цонх бүхэлдээ цантаж, хөлдсөн тул онгойхгүй хүүхдүүд дотроос, бид гаднаас ярилцаж байх зуурт ээж нь ирэв. Талх, масло, бас жаахан мах, төмс зэргийг торлосон бүсгүй инээд алдсаар ирж, хаалгаа сурмаг онгойлгож, бид орцгоов. Азаар гэр дулаахан бас цэвэрхэн. Хүүхдүүд цэвэрхэн хувцасласан, бас жижигхэн гацуур засаж, саа тэргүүтнээр чимэглэсэн сайхан гэрт 3 хүүхэдтэй бид инээлдсээр бэлгээ гардуулаад гарсан. Бүсгүй хогийн цэгээс олсон зөөсөн бүхнээрээ энэ жижигхэн амбаараа барьж, тохижуулжээ. Сайн ажиллавал хоногт 40 орчим мянган төгрөг олж, түүн дээрээ хүүхдийн мөнгө, асаргааны мөнгө зэргээ нэмэрлэн 4 ам бүлээ тэжээгээд болоод байгаа гээд ярьж байсан нь “болж байна” гэж хэлсэн бараг л анхны хүн байсан юм.
Тэднийхээс инээлдсээр гарахад харанхуй гудамж дагаад олон хүүхдүүд шуугилдан ирсэн нь “бэлэг өгч байгаа” гэдгийг дуулаад ирж байгаа хүүхдүүд аж. 20 гаруй хүүхэд, хүүхдээ тэвэрсэн хөтөлсөн, 2-3 ээж нар... Тэд бэлгээ аваад, хашаа хашаа руугаа гүйлдэн орж, чимээ, бараа тасарлаа.
Хүний амьдрал өөр өөрийнхөөрөө, өнгө өнгөөрөө алаглан эргэнэ. Өнгө өнгийн тэр амьдралын хамгийн гэрэлтэй нь хүүхдүүд байх учиртай. Эрхлэн туньж, голж, аашаараа айлгаж, хүссэнээ авч явах тэр л хүүхэд насандаа биедээ баймгүй гуниг тээсэн харц, өнөөдрийг үдэж, маргаашийг мэнд угтахын төлөөх тэмцэлд бяцхан биеээрээ өөрөө ч мэдэлгүй тэмцэлдэж яваа багачууд даанч олон байна даа. Өнөөдөр бид ганц уут бэлэг өгөөд гарах нь тэдэнд нэмэр болох юм огт биш ч ийм орчин нөхцөлд, хүүхдүүд ингэж амьдарч байгааг олон нийтэд, эрх баригчдад, шийдвэр гаргагчдад мэдүүлж, амьдралын чанарыг дээшлүүлэх үндсэн том зорилготой билээ.
Бид хүүхдийн эрхийг зөрчихгүй байх, хувийн мэдээллийг нь хамгаалах үүднээс хүүхдийн зургийг нууцалж, шаардлагатай тохиолдолд ГБХЗХГ, хүүхдийн төлөө төв, цагдаагийн байгууллагад холбон зуучилснаа цохон тэмдэглэж байна. Хүн бүр хүүхдийн сайн сайхны төлөө үйлдэл хийдэг байхыг хичээнгүйлэн уриалж байна.
“Хүслийн оймс” аяныг дэмжин, хүүхдийн бэлэг хандивласан:
Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар
УИХ-ын гишүүн С.Чинзориг
УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг
УИХ-ын гишүүн Э.Батшугар
УИХ-ын гишүүн Н.Ганибал
Нийслэлийн Засаг даргын Орлогч З.Төмөртөмөө
“Тогос” хүүхдийн хувцасны дэлгүүр
Иргэн Б.Одгэрэл та бүхэнд гүнээ талархсанаа илэрхийлж байна.
Сэтгэгдэл
Нэр