Анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнгээс эхлэлтэй 30 Ерөнхий сайд нарт тохиолдсон үйл явдлуудыг эргэн харвал 20-р зуун гунигт хувь тавилангаар дуусаж 21-р зуун ял, шийтгэлээр эхэлжээ.
20-р зууны ерөнхий сайд нар Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө бүх амьдрал, амь насаа золиосолсон. Ерөнхий сайд Т.Намнансүрэн, Манзушир хутагт Цэрэндорж, Д.Чагдаржав, Д.Бодоо, Ц.Жигжиджав, А.Амар, П.Гэндэн нар бүгд хэлмэгдэж, цаазаар авахуулсан байдаг.
Өнгөрсөн зуунд болж өнгөрсөн Ерөнхий сайд нарын гунигт явдлууд энэ зуунд давтагдаагүй ч ихэнх нь ял эдэлж, гэмт хэрэгт холбогдсон байх юм. Өнөөдөр ч Төрийн ордоны хананд өлгөөтэй байгаа Ерөнхий сайд нарын хөрөг зуун дамжсан гунигт түүхийг харуулах шиг.
Ерөнхий сайд М.Энхсайхан, С.Баяр, Сү.Батболд, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат, Н.Алтанхуяг бүгд хэрэгт холбогдож зарим нь хорих ангид ял эдэлсэн. Энэ суудлаас өөрөө огцорсон одоогийн ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүний залгамж халааг авсан Л.Оюун-Эрдэнэ хоёр л нэр цэвэр явна.
Үүргээ гүйцэтгэж, төр түшилцэж байсан бүх Ерөнхий сайдуудаа хожим хойно гаргасан шийдвэрт нь буруутгасан байдаг. Гаргасан шийдвэр нь тухайн үедээ зөв байсан учир засгийн газар, тэр ч бүү хэл УИХ дэмжсэн байлтай. Гэтэл Ерөнхий сайд ганцаараа засаг төрийн бурууг үүрч ял эдлэх нь зөв үү?
Тэдний сүүдэр дээр дэвслэгчид сүүдрийг нь улам харлуулан өрсөлдөгчөө зүй бусаар замаасаа түлхсэн явдал олон байгааг улс төр судлаачид нэг биш удаа хэлжээ.
Улс төр судлаач, сэтгүүлч Б.Баяр “ Монголын орчин цагийн Ерөнхий сайд нар бүгдээрээ гэмт хэрэгтэн, улс орноосоо урвагчид мөн гэж үү? Нэгэн цагт иргэдийн итгэлийг хүлээж эрх баригч намын даргаар ажиллаж явсан тэд хожим бүгд бусдын хоронд орсон “ гэж хэлсэн нь гашуун ч үнэн.
Зуун дамнасан хэлмэгдүүлэлт гэж хэлж болохоор энэ гунигт явдлыг дараагийн үе дуусгах ёстой. Ерөнхий сайдыг шүүж, буруутгах бус тэдний гаргасан шийдвэрийн зөв бурууг цаг хугацаа, түүхийн замналд нь үлдээх ёстой. Гаргасан шийдвэрийн үр дүн бүрийг нь хожим хойно харлуулж улс төрийн зорилгоор гэмт хэрэгт хүчээр яллах бол ирээдүйд Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэсэн болгон нь яллагдагч болох уу?
Сэтгэгдэл
Нэр