Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа Дорнод аймаг дахь цагдан хорих байрны даргаар гэмт хэргээ “аргалуулах” гэж хүүхэн бэлэглэж, хүчиндүүлсэн байж болзошгүй ноцтой гэмт хэргийн талаар өнгөрсөн Баасан гарагт Цахиур эрэн сурвалжлах нэвтрүүлэг үзүүлсэн. Нэвтрүүлэг гарснаас хойш хэргийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийг төвөөс “Уг хэргийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт шалгаж байгаа. Тухайн хэрэг гарах үед хамт байлцсан, гэрч болох иргэн Т өнгөрсөн долоодугаар сард БНСУ руу явсан зэргээс үүдэн хэрэг тогтоогдохгүй байгаа учраас цаг хугацаа зарцуулж байгаа” гэдгийг мэдээлсэн. Тэгвэл нэвтрүүлэг гарснаас хойш тус аймгийн Цагдаагийн газраас хохирогч З болон түүний ээж рүү холбогдож, “аймагт ирж мэдүүлэг өгөх шаардлагатай” гэдгийг хэлсэн байна.
Мөн хэрэгт холбогдогч н.Ганбат өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсний дагуу ШШГЕГ-ын даргын тушаал гарч, ажлаас нь чөлөөлөөд байга гэдгийг тус байгууллагын Хэвлэл мэдээлэл хариуцсан албаны дарга, хошууч Х.Баясгалан хэлсэн. Мөн тэрбээр “Ганбат нь өнгөрсөн зургаадугаар сард ар гэрийн гачигдлаар УБ хотод шилжин ажиллах хүсэлтэй байгаагаа бичгээр гаргасны дагуу ШШГЕГ-т опертиваар томилон ажиллуулж байсан” гэдгийг хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, уг албан тушаал нь өмнө ажиллаж байсан Цагдан хорих байрны даргын албан тушаалаас буурсан албан тушаал гэдгийг тодотгосон. Мөн тус байгууллагын Дотоод хяналт шалгалтын албанаас тухайн хэргийг шалгаж эхэлсэн гэдгийг мэдээлээд байгаа билээ.
Тэгвэл хууль хяналтын байгууллагын алба хаагч холбогдоод байгаа уг хэргийн талаарх мэдээллийг хүргэе.
Хохирогчийн хувийн мэдээллийг хамгаалах үүднээс түүнийг Гэрлээ гэх зохиомол нэрээр нэвтрүүлэгт нэрлэсэн. Гэрлээ өдгөө 22 настай. Ерөнхий боловсролын сургуулиа онц төгсөж, Хятадад үргэлжлүүлэн сурсан. Гэвч ковидын улмаас монголд ирээд байх үедээ буюу 2021 оны арванхоёрдугаар сард Хүсэлбаяртай танилцаж, үерхэж эхэлсэн. Хүсэлбаяр 29 настай, хувиараа бизнес эрхэлдэг. Тэд 2022 оны эхнээс хамтран амьдарч эхэлсэн. Дөрөвдэх сараас нь Хүсэлбаяр Гэрлээг зодож, дарамталж, гэртээ цоожилж, хорьж эхэлсэн гэдгийг хохирогч хэлсэн.
Тухайлбал, Налайхт байх оршуулгын газарт Гэрлээг шөнөөр аваачиж, булшны нүх ухуулж, шөнөжин зодож, дарамталсан. Шөнөжин зодож, хөх няц болгочхоод, маргааш нь цэцэг барьж ирээд уучлал гуйсаар тэд эргээд нийлэх байдлаар өнгөрсөн хугацаанд Гэрлээ байнгын дарамт хүчирхийлэлд байж, түүнийгээ гэрийнхнээсээ нуусаар ирсэн гэдгээ ярьсан юм.
Энэ явдлын дараа Хүсэлбаяр Дорнод аймгийн Хөлөнбуйрт байх малчныдаа Гэрлээг дагуулж очжээ. Ах дүүс цуглаж, хоол унд, архи дарс болж “Ганбат дарга ирж байгаа” гэлцэн, ширээгээ сэргээн бэлдэцгээсэн ба “Ганбат даргыг ирэхээр аргалж байгаад өнөө хэргээ нааш цааш болгуулчих юмсан” хэмээн бүгд ярилцаж байжээ. Тодруулбал, Хүсэлбаярын малыг малладаг малчин айлын ах нь хүн хутгалж, шоронд орсон байсан ба энэ хэргийг Ганбатаар аргалуулах зорилго тэдэнд байсан юм байна. Ганбат гэдэг нь тухайн үед Дорнод дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих байрны даргаар ажиллаж байсан, 30 орчим насны залуу.
Архи, согтууруулах ундаа уусан залуус унтах болж, Гэрлээ найз залуугийнхаа хамт нэг орон дээр унтахаар хэвтжээ. Найз залуу болох Хүсэлбаяр согтуу, нам унтсан энэ үед Ганбат Гэрлээг оролдож эхэлсэн ба Хүсэлбаярын найз Түвшинбаяр энэ бүхнийг хараад гэрт сууж байжээ. Гэрлээ Түвшинбаяраас тусламж гуйж, Ганбат, Түвшинбаяр нар муудалцан гэрээс гарч явсан ба удалгүй Ганбат ганцаараа эргэн орж ирээд, Гэрлээг хүчинджээ.
Нэг орон дээр, хажууд нь найз охиныг нь хүчиндэж байхад сэрэхгүйгээр нам унтсан Хүсэлбаяр бүх зүйл болж өнгөрсний дараа сэрж, Ганбаттай зодолдон, муудалцсан байна. Гэвч хачирхалтай нь маргааш нь зодсоныхоо төлөө Ганбатаас уучлал гуйгаад, энэ хэрэг үндсэндээ замхарсан. Гэвч Хүсэлбаяр энэ хэргээр далимдуулан “Чи миний найзтай миний дэргэд унтсан” хэмээн Гэрлээг байнга дарамталж зодох болсон гэсэн юм. Энэ зодоон, дарамт даамжирч, эцэст нь Гэрлээ амь тэмцэн Налайх дүүргийн цагдаагийн газар руу гүйж орж, тусламж гуйсан. Гэхдээ түүнийг хэн ч тоогоогүй. Энэ үед Гэрлээ ахыгаа дуудаж, ах нь цагдаагийн байгууллагад ирж шаардлага тавьсны дагуу цагдаа нар Хүсэлбаярыг эрүүлжүүлэхээр авч ирсэн ч, Гэрлээг явсны дараа Хүсэлбаяр эрүүлжүүлэхэд ороогүй буюу тун удахгүй тэд гэрийнхээ гадаа таарсан байна. Ийм учраас Гэрлээ ээждаа хэлж, Дорнод аймагт Хүсэлбаярын найз Ганбат гэгчид хүчиндүүлсэн талаараа ч хэлж, ээж нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна. Мөн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт өргөдөл гаргажээ. Үүний дагуу уг хэргийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт шалгаж эхэлсэн боловч хагас жил орчим хугацаа өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл Эрүүгийн хэрэг нээгээгүйд хохирогч гомдолтой байгаа юм.
Энэ хугацаанд Ганбат Хүсэлбаяраар болон Багануур дүүргийн Цагдан хорих газрын дарга н.Гантулгаар дамжуулан хохирогчийн аав ээжтэй уулзах хүсэлт тавьж, хэд хэдэн утсаар ярьсны дараа уулзацгаажээ. Энэ үеэр тэрбээр “Уучлаарай. Би тухайн үед архи дарс уучихсан байсан. Архинаас болж ийм асуудалд хүрчихлээ. Миний амьдралд маш том сургамж боллоо. Би залуу хүн, нэг удаа уучилж ойлгооч. Буруугаа ухамсарлаж байна. Цаашид найз нөхөд зэргээ зөв сонгох хэрэгтэй юм байна” хэмээн ярьсан бичлэг нь баримтаар байгаа юм.
Яг энэ яриаг Гэрлээгийн ээж цагдаагийн байгууллагад баримтаар өгсөн ч энэ хэрэг өнөөдрийг болтол Эрүүгийн хэрэг үүсээгүй, бүр хаана шалгагдаж байгаа нь ч тодорхойгүй болж замхарчээ. Энд тэндхийн цагдаагаас “баримтаа явуулчих, үзье”гэсээр хагас жил орчим хугацаа өнгөрч байгаа юм байна. Илэрхий баримттай, гэрчүүдтэй энэ хэрэг мартагнаад байгаагийн цаад шалтгаан нь хууль хүчний байгууллагынхан нэгнээ хамгаалж, хаацайлж байна гэж хохирогч үзэж байна. Энэ хэргийг шийдүүлэхээр хохирогчийн ээж шат шатны байгууллагад хандаад зогсохгүй, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт хүртэл өргөдөл гаргасан гэдгийг цохон тэмдэглэе.
Бүх хүн, хуулийн тогтолцоо хүртэл өөрийнх нь эсрэг байгаа учир Гэрлээ тэвчиж ядсандаа амиа хорлох үйлдэл хийжээ. Энэ үйлдлийг ч Хүсэлбаяр нуун дарж, хувийн эмнэлгээр аргацаагаад өнгөрүүлсэн байгаа юм.
Үргэлжлэл бий...
Цахиур эрэн сурвалжлах нэвтрүүлгийг үзэх:
Сэтгэгдэл
Нэр