Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг өнгөрсөн долоо хоногт нэн яаралтай горимоор хэлэлцүүлэн баталсан. Ингэхдээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийн дагуу, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Эдийн засгийн аюулгүй байдал"-тай холбоотой гэх агуулгаар оруулжээ.
48 цагийн дотор батлагдсан уг хууль нь "иргэд, олон нийтийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг ноцтой зөрчсөн зүйл заалтуудтай" гэж хуульчид, судлаачид, Хүний эрхийн төлөөх ТББ-ууд, иргэд олон нийт шүүмжилж, эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа юм. Бүр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг "хориг тавих"-ыг шаардсан цахим өргөдөл гаргаад байна.
Уг асуудлаар бид Цахим хөгжил, харилцаа, холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатараас тодрууллаа. Түүний хэлж буйгаар Цахим орчинд хүний эрхийг хангах тухай хууль нь хүний эрхийг зөрчөөгүй, харин ч илүү хамгаалсан хууль болсон аж.
Тухайлбал, "олон нийтийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлсэнтэй холбоотойгоор хэн нэгэн албан тушаалтан түүнийг устгуулах боломжтой, одоогийн нөхцөлд. Ийм жишээ ч бий. Хэн нэгэн албан тушаалтан өөрт нь таалагдахгүй мэдээллийг устгуулах хүсэлтийг удаа дараа явуулж байсан судалгаа бий. Тиймээс бид энэ хуулиар үзэл бодлоо илэрхийлэх, хүний эрхийг дээдлэх, эрүүл аялгүй орчинд амьдрах ёстой гэдэг зарчмыг тунхаглаж өгөөд, тодорхой хүрээнд гомдол гаргахыг заагаад өгчихөж байгаа юм. Япон, Герман, Европын бүх улсуудад ийм зохицуулалттай байна.
Мөн энэ хуулинд хэн нэгэн албан тушаалтан дур дураараа гомдол гаргаад, дуртай контентоо устгуулаад байх боломжгүй болгоод, нэгдсэн нэг сувгаар дамжуулдаг байхаар зохицуулсан. Ногоон суваг байгуулна..." гэсэн юм.
Иргэд олон нийтийн хамгийн их санаа зовниж буй нэг асуудал нь уг хуулийг дагалдаж Харилцаа холбооны тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, Хувь хүний эрхийн тухай хууль, Татварын тухай хуулиудад өөрчлөлт оруулна.
Ингэхдээ "Жагсаал цуглаан хийж буй үед эрх бүхий Засгийн газрын гишүүний шийдвэрээр сүлжээ хязгаарлах, контентын тархалтыг бууруулах..." агуулгатай заалт оруулсан нь шууд дамжуулалт хийж, үгээ хэлэх эрхийг шууд хааж, боогдуулж байна гэж үзэж байгаа юм.
Мөн уг хуулийн хүрээнд "Ногоон бүс" буюу Олон нийтийн зөвлөл гэх байгууллага шинээр байгуулж, тухайн байгууллага нь иргэдээс ирсэн гомдол, мэдээллийг шийдвэрлэн ажиллах юм. Гэвч энэ нь "эрх баригч намын дэргэдэх нэг байгууллагаар иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг шүүдэг тогтолцоо руу шилжиж байна" гэх шүүмжлэл бий.
Харин дэд сайд Ж.Эрхэмбаатарын хэлснээр "тус байгууллагыг ХЭҮК, иргэд, сайн дурынхан гэх мэт олон талын оролцоотой байгуулах бөгөөд тэд ямар нэгэн шийдвэр гаргаж, хариуцлага тооцлохгүй. Харин Үйлчилгээ үзүүлэгч байгууллага/Facebook, Twitter, Instagram гэх мэт/-дад гомдлыг шилжүүлж өгөх үүрэгтэй. Үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь өөрсдөө устгах, хаах, зогсоох гэх мэт асуудлаа шийднэ" гэх тайлбарыг хэлж байна.
Ямартай ч дээрх хуулийг эсэргүүцэн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хүний эрхийн форум, Глоб интернэшл ТББ, УИХ дахь АН-ын бүлэг зэргээс гадна маш олон хуульч, хүний эрхийн зүтгэлтэн, улс төрчид шаардлага, мэдэгдэл гаргаад байгаа юм.
Сэтгэгдэл
Нэр