Зэвсэгт хүчний 167 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байгаа Дундговь аймгийн Өлзийт, Сайнцагаан сумын харьяат ихэр байлдагч нарыг онцолж байна.
Дундговь аймгийн Өлзийт сумаас ирсэн ихрүүдийг Жигжидсүрэнгийн Отгонбаатар, Жигжидсүрэнгийн Отгонбаяр гэдэг. Эхээс тавуулаа. Хайрт ээж Нэргүйн Өлзийбат нь хөвгүүдийнхээ хамт нутагтаа, ах, эгч нар нь Улаанбаатар, Дундговь, Өмнөговь аймгуудад ажиллаж амьдардаг. Ихрүүд цэргийн албанд хүсэл мөрөөдлөөрөө ирсэндээ талархаж, олон зүйлээс суралцаж байгааг ярилцлагын эхэнд өгүүллээ. Байлдагч Ж.Отгонбаатар “Цэрэгт ирээд олон зүйлийг эргэцүүлж, амьдралынхаа зорилго төлөвлөгөөг ч бодож байна. Эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж ойлгохын зэрэгцээ нийгэмд хариуцлагатай иргэн хүн байх, ээжийгээ асарч энэрэх хайрын тухай ч бодлууд хөвөрч байна даа.
Миний ижий сумаасаа урагш “Дэл” хайрхан овооныхоо ойролцоо өвөлжиж байгаа. 14 хоног тутамдаа холбоонд орно. Ярих бүртээ л “Олонтойгоо эв найрамдалтай байж, дарга нарынхаа хэлж ярьсныг сайн сур. Бүтээлч бай. Дүүгээ харж хандаж яваарай” гэдэг юм. Ээж минь 2019 онд аймгийнхаа сайн малчин болсон ажилсаг эмэгтэй л дээ. Манайх бод, бог нийлсэн 1000 гаруй малтай. Ихэр бид хөдөөгийн залуусын жишгээр дунд сургуулиа дүүргээд ээждээ тусалж, малчин болсон. Халагдаад ч буцаад нутагтаа очиж, малаа маллаж сайхан амьдарна” хэмээн бахархалтайгаар ярилаа.
Түүний дүү байлдагч Ж.Отгонбаярын хувьд “Анх цэрэгт ирэхэд онжавууд бид хоёрыг ялгадаггүй байсан. Одоо бол дуу, хөдөлгөөн, зан ааш нь бүгд өөр гэдэг. Цэргийн албанаас бид хоёр олон сайхан найз нөхөдтэй болж, бахархал, омогшил дүүрэн цаг хугацааг өнгөрүүлж байгаадаа баяртай байна” гэлээ. Тэд салааны захирагч дэслэгч Д.Дашмягмар, салааны орлогч ахлагч Б.Сүхбаатар нарыг цэргүүддээ зааж сургахын төлөө бүхнээ зориулдаг, заримдаа аав шиг, ах шиг нь байдаг гэж магтаж байлаа.
Дараагийн ихэр байлдагч нар бол Эрдэнэбатын Эрдэнэбаяр, Эрдэнэбатын Өсөхбаяр. Тэд Дундговь аймгийн Сайнцагаан сумаас татагдан ирсэн залуус. Эхээс наймуулаа. Дөрвөн эгч, хоёр ахтай, айлын отгон хөвгүүд. Аав Н.Эрдэнэбат, ээж Ч.Нарангэрэл нь өдгөө Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн харьяа тусгай салбарт ажилладаг бөгөөд ах нар нь цөмөөрөө хугацаат цэргийн албаа хаасан эрчүүд гэнэ. Аав нь 1988 онд Зэвсэгт хүчний 150 дугаар ангид хугацаат цэргийн алба хааснаа хөвгүүддээ ярьж, эр хүн болж төрсний хувьд эх орондоо бүртгэлтэй цэрэг явахыг багаас нь захиж ирж. Аавынхаа захиасаар том хүү Э.Жанчив Хилийн цэргийн 0129 дүгээр ангид алба хааж, залгуулаад хоёр бага хүү нь ирээд байгаа нь энэ ажээ. Харин дунд хүү Э.Сандуйжав нь Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн тусгай салбарт алба хаадаг, ахлагч цолтой байна.
Ихрүүд ярилцлагадаа онц буудагч болсноо тодотгож, мэргэн буугаа улаан туузаар чимсэндээ олзуурхаж буй нь илт. Тэд спортоор хичээллэдэг, анги дотооддоо зохион байгуулагддаг уралдаан тэмцээний тэргүүлэгчийн эгнээнд багтдаг байлдагч нар гэнэ. Ихрүүдээс цэргийн албаны тухай сэтгэгдлийг нь сонирхоход “Цэрэг хүн хэзээ ч нэр төрийн төлөө, бусдын хүндлэлийг хүлээх гэж, хариу нэхэж үүрэг гүйцэтгэдэггүй юм байна гэдгийг бие, сэтгэлээрээ мэдэрсэн. Эх орныхоо төлөө амьдарч, эх орныхоо төлөө амьдардаг гэдэг нь үнэн юм байна. Тийм болохоор салааны захирагч, ахлагч Э.Бямбасүрэн, салаа орлогч, дэд ахлагч Х.Бархасбат нарын зааж сургасан бүхнийг сурч, урмыг нь хугалахгүй юмсан гэж хичээдэг” гэж хариулав.
Нийтлэлийн баатар болох байлдагч Ж.Отгонбаатар, Ж.Отгонбаяр болон Э.Эрдэнэбаяр, Э.Өсөхбаяр нар Дундговь аймгийн Сайнцагаан, Өлзийт суманд ажиллаж амьдарч байгаа аав, ээж, ахан дүүс, нутгийн зон олондоо “Хөвгүүд нь эр цэргийн албандаа тун сайн байгаа” хэмээн мэндчилгээ дэвшүүлснийг энэ завшаанд уламжилъя.
Сэтгэгдэл
Нэр