Бага байхад цагаан сарыг ямар их хүсэн хүлээдэг байв аа. Хоног тоолон тоолон хүлээнэ. Нөгөөдрийн нөгөөдөр, нөгөөдрийн маргааш, нөгөөдөр битүүн, тэрний маргааш шинийн нэгэн, маргааш битүүн, нөгөөдөр шинийн нэгэн гээд л... Ингээд арай гэж битүүний өдөр болоход ёстой нар гарна даа. Гадаа гэртгүй бүх юм нэг л сайхан болоод явчихна. Хэдийгээр сар шинийн бэлтгэл олон хоногийн өмнөөс эхэлдэг ч чухам энэ л өдөр хамгийн гол гол ажлаа амжуулна. Цас ус, мод түлээгээ бэлтгэнэ, гэр орноо цэвэрлэнэ, хот хороогоо ч цэмцийлгэнэ. Унаа малынхаа хазаар ногт, эмээл хазаарыг янзалж зэхнэ. Тэмээний дээсэн ногтны толгой хэсгийг өнгө өнгийн даавуугаар бөгжлөн ороож, зангилаанууд дээр нь дэлбээ маягийн бяцхан чимэг оёно. Морь унах бол арай дөнгүүрхэн эмээл тохож, уртхан ташуур барьж гангарахыг хичээнэ.
Үдэш тотгон дээрээ Лхам бурханы унааг умдаалах утга бэлгэдэл болгон гурван бөөрөнхий цас тавьснаар битүүний ажил шувтарч байгаа хэрэг. Ингээд шөнө болоход нойр хүрнэ гэж үгүй. Өдөржин аав ээждээ туслан сар шинийн нөр их ажилд хэрэндээ ядарсан ч сэтгэлийн догдлол хөөр баясал үл дарагдана. Аав маань жилдээ ганц удаа, зөвхөн цагаан сараар л тостой бор гүнгэрваанаас таван өнгийн эртний хадаг, тогосны өд тэргүүтэн шашны ховор эдлэлүүдээ гарган бурхан тахилаа чимнэ. Өмнө нь томоос том мөнгөн цөгцөнд зул өргөнө. Ийнхүү битүүний үдэш манай гэр орон ер бусын өнгө үзэсгэлэнтэй болж, сүр жавхлан бүрддэг билээ. Хоймрын ширээнээ зассан сар шинийн идээ шүүс, шинэхэн хайлсан тос өрөмний тансаг үнэр хамар цоргионо.
Хэдий аажуу орондоо орсон ч нойр бүр мөсөн хулжиж, бурхны авдар дээрх том зулын бадамлах гэрлийг ширтэн маргаашийн маршрутаа дотроо зураглаж, догдлон хэвтсээр үүрийн алдад л өөрийн эрхгүй нүд анилдан жаахан дугхийдэгсэн. Хамгийн эхлээд буурал аавындаа очиж золгоно. Дараа нь авга, нагацууд, хамаатан саднынхаараа орно. Тэгээд сүүлдээ бусад айлуудаар хэснэ гэсэн үндсэн чиглэлтэй.
Шинийн нэгний өглөө нар битүү босч унах морио ойртуулна. Хэрэв тэмээ унах бол уяад хоночихно. Зарим нутагт шинийн нэгний өглөө хамгийн эхлээд овоонд золгодог ёс байдаг. Харин манайхан гэртээ золгодог заншилтай. Яг нар мандахтай зэрэгцэн манайхны золголт эхэлнэ. Аав нас намбатай лам хүн болохоор айлынхан бүгд манайд орж золгоцгоодог байв. Золгох зуур ээжийн чанасан шинэхэн цай даргина. Ингээд шинэ хаврын анхны мандах наранд идээ цайны дээжээ өргөж, хангай дэлхийдээ бүгд сүсэлнэ. Дараа нь аавын зааж өгснөөр бүгд мөрөө гаргаж, заслын цомхон зан үйл хийдэг. Бултаараа цайлж цүүлж, бууз баншаа идээд хүүхэд бид үндсэн ажилдаа орно доо. Чухам цагаан сараар л зөндөө олон айлаар зочилж, барагдашгүй их бэлэг цуглуулдаг байсан болохоор тэгтлээ их догдлон хүлээдэг байсан биз ээ.
Шинийн нэгэнд хонины хишиг тохиовол сумын төворж, олон айл хэсэх төлөвлөгөө нурна. Нурах нурахдаа нэг хоёр өдрөөр хойшлоод зогсохгүй арвин бэлэг цуглуулна гэсэн ойлголт бараг л байхгүй болдог. Учир нь шинийн нэгнээс бусад өдөр танихгүй айлд орохоос бид ихээхэн гэрэвшдэг байсан хэрэг. Шинэ хуучирсан хойно айлд давхиад орвол угаасаа онцын бэлэг өгөхгүй нь ойлгомжтой. Тиймээс энэ бүхнийг нарийн тооцож, эртнээс хонины ээлжээ зохицуулдаг байж л дээ. Гэхдээ шинийн нэгэнд хонины ээлж таарах тийм ч муугүй шүү. Яагаад гэвэл энэ өдөр хонинд явах хүнийг хамгийн хүндтэйд тооцдог. Өвөр дүүрэн чихэр боов, бүр нархамба нандин чавга гэх мэт ховор эд ч өгнө. Ер нь л нэлээд давуу эрх эдэлдэг байсан. Зөвхөн энэ өдрийн өглөө л малаа нэлээд аажуу бэлчээж, орой эртээ хотлуулж болно. Миний хувьд шинийн нэгэнд хишиг тохиосон нь тун цөөн. Ихэнхдээ айлын хүүхдүүд, эсвэл эгч нарын ээлж таарчихдаг байсан юм.
Дэрсхэн өссөн ах бид хоёр жилийн жилд хоёр тэмээ юм уу, морь унаад Хуцын уулын ар Сэтэрхийн бууцандаа өвөлжиж буй буурал аавынх руугаа шинийн нэгэнд зорино. Манай нутагладаг Баянцагаан хайрхны бэлээс өвөөгийнд хүртэл 30 орчим км зайтай. Газрын уруу болохоор бөмбөлзтөл тэшүүлээд дорхноо хүрнэ. Арав гаруйхан настай ах бид хоёр нэг нэг том өөхөн чулуун хөөрөг барьчихна аа. Тэгээд орсон айл бүртээ хөөргөө гаргаж ирээд тамхилна. “Таны бие амархан сүрэг мэнд үү, Он цагт тарган орж, одоо сайхан хаваржиж байна уу” гээд л дуржигнуулж гарна шүү дээ. Малч ахуйд өссөн хүүхдүүд ийн хар багаасаа амар мэндийн соёлдоо суралцдаг. Амны биш, хамрын тамхи барьсан багачуудыг улс амьтан “аавархуу мондинууд” гэхгүй. Харин ч мэнд ус мэддэг хэвлүүхэн хүүхдүүд гэж өхөөрдөнө.
Үдийн алдад бид өвөөгийнхөөс гарч хамгийн олон айлаар ордог сумын төв рүү чавхдана даа. Төв ч ойрхон. Сумын төвд үеийн багачуултай нийлж аваад бөөнөөрөө бараг л бүх айлаар орно. Таних танихгүй айлын нохой шувуу шуугиулаад л... Айл болгоноос гарч ирээд “Чамд юу өгсөн бэ?” гэлцэн нэгнийхээ өврийг ухна. Ихэнх айл дэвтэр, харандаа, бал зэргийг хэд гурван чихэртэй өгнө. Зарим настай хөгшчүүл дугуй боов хоёр ёотонтой өгөхөөр дурамжхан царайлах нь бий. Бэлгэнд дуртай байж бас голох санаатай. Аав ээжийн багад бол дугуй боов олдошгүй ховор эрдэнэ байсан гэлцэнэ. Тиймээс зарим айлын бэлэг тааруухан байсан тухай ам алдвал аав ээжид зад загнуулна. Бидний айл хэсдэг ид үе буюу 90 оны эхээр боломжийн гэгдэх айлууд 20 юм уу 50 төгрөг өгнө. Мөнгө бол хамгийн том бэлэгт тооцогддог байлаа. Гэхдээ бид айлуудын өгсөн бэлгийг тэгтлээ их голж шилж цамаархдаггүй байв. Бэлгэн дунд заримдаа гадна тал нь час улаан болж түлэгдсэн, дотор нь цэлдэн хөх түүхий ул боов цохиж явах нь бий. Шинэ хуучраагүй байхад энэ мэт бэлэг инээдтэй харагддаг ч хаврын өдрийн уртад хонины бэлчээрт хэзээ хойно мэрж суухад мөн ч сайхан.
Харуй бүрий болж байхад өвөр нь байдгаараа түнтийж, бараг л урд хормой нь бүснээсээ мултрах шахсан амьтад ах эгчийндээ ирж унтаад маргааш өглөө нь гэрийн зүг хөөр баяр дүүрэн явна. Бас болоогүй ээ, харих замдаа дээд бэлийн хэдэн айлаар дөрөө мултлахаа мартахгүй. Гэртээ ирээд “25-ын цагаан” гэгдэх гурилын даавуун уутны эхэнцээ бэлгээ газар асгаж байгаад төрөлжүүлнэ дээ. Хичээлийн хэрэгслүүдийг нь цүнхэндээ, хэдэн бор төгрөгөө түрийвчиндээ нандигнан хийж, ээждээ өгөхөөр юм байвал өгнө. Амттан шимттэнээ аль болох удаан идэхийн тулд хайрцагныхаа хамгийн дор хадгална. Заримдаа урьд өмнө хэзээ ч амсаж үзээгүй ховор нандин чихэр шоколад бэлэгнээс гарч магнай хагартал баярлуулна.
Гэхдээ жил жилийн цагаан сараар юутай ч харьцуулшгүй хамгийн тансаг амттаныг аав минь л бидэнд өгдөг байсан юм. Аав шинэ нэлээд дөхүүлж байгаад голдуу битүүний урд өдөр өөрийн гарын бэлэг болох дугуй цагаан буюу хэвийн чихрээ хийнэ. Энэ ховор нандин амттаныг хийсэн даруйд нь хүртэнэ гэжер үгүй. Харин хусамнаас нь жаахан амсвал дээдийн заяа. Хусам нь хүртэл хачин сайхан амттай болохоор л хэвийн чихэр чанасан тогоог хусах гэж ах, эгч нартай булаацалдаж бөөн юм болдог байж. Манай дугуй цагаан чихрийн хэв нь их гоё. Голдоо дөрвөн бэрх орхисон шагайны дүрстэй, тойроод үүлэн хээтэй. Шинийн нэгний өглөө ээж бидэнд цамц, футболк гэхмэт хувцас голдуу бэлэглэдэг байсан. Харин аав хүүхдүүддээ нэг нэг дугуй цагаан өгнө. Амт гэж ванлий. Аавын тэр нандин бэлгийг ёстой хав дарна даа. Эргүүлж тойруулж ганц нэгхэн мэрсэн болоод л буцаагаад хийчихнэ. Тэр жаахан дугуй чихрийг хэчнээн ч хоног нандигнан иддэг байсан юм, бүү мэд. Тухайн үед айлууд дугуй цагаан чихэр мэр сэр хийдэг байсан. Гэвч аавын минь хийдэг шиг тийм сайхан амттайг ер амсаж байсангүй. Өдгөө цагаан сараар гэлтгүй энгийн үед ч энд тэнд дугуй цагаан чихэр харагдаж л байдаг. Амсаад үзэхэд зүгээр л гурил, сахар. Аавын минь хийдэг шиг яг тийм гоё амттайг өөр хаанаас ч хайгаад олоогүй л явна...
Энэ онцгой амттан элбэг дэлбэг байх ч боломжгүй юм. Яагаад гэвэл үүсэл гарал үүх түүх нь их нарийн. Тодруулбаас, манай хошуу /Хуучнаар Засагтхан аймгийн Юм бэйсийн хошуу/-ны Дугар зайсан хэмээгчийн IV дүрийн хувилгаан Лувсанбавуудагважанцан /1844-1917/ нь Дээд хөлгөний боловсролыг төгс эзэмшсэн, шашин төрийг амаржуулан тэтгэхэд олон түмний санаа бодлыг бишрүүлэн дагуулах увидас нөлөө, сүр хүч бүхий ламтан байсан бөгөөд Да хүрээнд залран гавжийн дамжаа барих үедээ энэхүү хэвийн чихрийг анх хийсэн ажээ. Жинхэнэ охь шар тос, сайн чанарын элсэн чихрээр орц жорыг нь нарийн горимоор тааруулан хайлж хуурч хийдэг байсан тул жирийн нэг амттан бус голын хий, чийг бам, цус хөөрөх зэрэг олон өвчнөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой буюу эмийн чанартай эд болдог байжээ.
Мэргэн дүр хувилгаан хошууны үндсэн тоглоом "Тахил"-ыг мөн зохиосон байдаг. Энэ тоглоомын үүсэл, утга бэлгэдлийн талаар дараа тусад нь өгүүлнэ.
Амарбуянтын хүрээний эрдэмт багш нараасаа аав минь өвлөн мэдэж, үр хүүхэд бидэндээ сар шинээр хийж өгдөг байсан тэр сайхан чихрийг хийх арга жороос өчүүхэн ч болов заалгаад үлдэх минь яав гэж өнөө хожим гонсойно...
Хөдөө сар шинэ тийм амархан хуучирдаггүй. Хөөр баяр дүүрэн өдрүүд хагас сар өлхөн үргэлжилнэ. Ах бид хоёр ганц нэг анги ахиад ирүүт хонины бэлчээрт чихэр боовхоноос арай өөр юмаар тансагладаг болов. Цагаан сар аажуухан болбол тэнгэр дулаарч, бууз гэсээд сүйд болно. Энэ нь сахилгагүй банди нарт бөөн далим. Хонинд явахдаа бөөгнөрсөн буузнаас жаахныг “тууж” орхино. Тэгээд гурилыг нь мулталж, махыг нь жижигхээн цайран тогоонд цас хайлуулж байгаад чанаад идчихнэ. Бүр саахалтын хонины хүүхэдтэй ээлжилж бууз авчран хониныхоо дэргэд цайлна гээч. Өнөөх жижиг тогоогоо хадны завсар сайтар нууна. Энэ бүхнийг томчуудад мэдэгдэж ёстой болохгүй. Хэрэв баригдвал шууд хяргуулна. Учир нь хонины бэлчээрт хоол унд хийгээд байвал чоно нохой эргэнэ гэж манайхан ихэд цээрлэдэг байсан юм. Гэлээ ч бид “Зуны цагт хонины дэргэд дандаа л боодог хийдэг байж хавар бууз идэхээр яагаад болдоггүй юм” гэсэн шиг бодон өөрсдийгөө дотроо зөвтгөдөг байв.
Ийм л дундрашгүй арвиан дурсамжтай бидэнд цагаан сар хамгийн сайхан баяр билээ. Аав ээждээ золгон үнсүүлж, аз жаргалаар цалгиж, айл болгон бэлэг өгч баярлуулдаг байсан болохоор арга ч үгүй биз ээ.
Хүүхэд ахуй насны минь гэгээн сайхан энэ дурсамжууд жил жилийн цагаан сар ойртох тусам сэтгэлийн гүнээс тодрон тодрон торолзох авай. Ялангуяа аавын минь гараа гаргаж хийдэг дугуй цагаан чихэр одоо ч тагнайд амтагдсаар...
Сэтгэгдэл
Нэр