Зохиолч Витезслав Клемликийн “Айдсаар хөлжигсөд” номд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэл гэгчийн ард томоохон булхай луйвар, бохир мөнгө, харгис үзэл суртал нуугдаж буйг өгүүлдэг. Уг номыг “Ийгл ньюс” телевизийн тоймч, сэтгүүлч Г.Ганбаяр монгол хэлнээ орчуулан саяхан хэвлүүлснийг зарим нь уншсан байх. Тэгвэл энэ номын агуулгатай нэн төстэй нэг сэдэв манайд нэлээд газар авчээ.
Улаанбаатарын утаа угаарт бүгд хордож, хохирч суугаа бол үүнийг “хоол” болгон зооглож, зоологсод бас бий. Нийслэл хотыг удирдах эрхийн төлөө сонгууль бүрээр өрсөлдөгчид утааг л гол бай болгодог. Гэхдээ устгана, арилгана гэчхээд улам нэмээд байдаг. Энэ бол тэдний хамгийн уран арга. Сүүлийн 15 жилийн хугацаанд утааны эсрэг гэх нэрээр бараг их наяд төгрөг зарцуулсан ч утаа багасах нь бүү хэл, хор нөлөө нь улам нэмэгдсээр тартагтаа туллаа. Одоо байдал ямар хэмжээнд хүрснийг мэдэхийн тулд агаарын чанар хэмжих тусгай багажны шаардлагагүй болсон. Гадаа дулаарч цас хайлахаар хаа сайгүй зам талбай хар тортгоор хучигдаж буйг бид бүгд харж байна.
Харин нийслэлийг удирдаж буй хүмүүс гурван жилийн өмнө сонгуульд өрсөлдөхдөө “Утааг ялав” хэмээн "пи ар" хийж байлаа. Үүгээр ч зогсохгүй дээр нь нэмээд “Түгжээг тайлна” гэж хошхируулсан. Түүхий нүүрс түлэхийг хориглож, сайжруулсан нэртэй шахмалыг хэрэглээнд ид нэвтрүүлж байсан учраас хөөрхий иргэд маань ийм аймшигтай байдалд хүрчихнэ гэж бодоогүй хэрэг л дээ. Харамсалтай нь, эцсийн дүндээ улс төрчдийн эрх мэдэл, хөрөнгө орлого өсөн дээшилж, Улаанбаатарчуудын амьдралын чанар, эрүүл мэнд улам доошлоод үлдэж байна.
Маш ерөнхий бичихэд ийм байгаа юм шүү. Шахмал түлшний үйлдвэр байгуулах, нүүрсний нунтаг хог орон нутгаас нийслэл рүү тээвэрлэх, гадаадаас барьцалдуулах бодис импортлох гэх мэт олон үе шатанд хэдий хэмжээний мөнгө салхинд хийсгэж, салтаандаа хийснийг тоочвол энд багтахгүй, эрээчээд барагдахгүй.
Хамгийн аймшигтай хэрнээ эмгэнэлтэй нь, өдгөө ээлжит сонгууль нэгэнт ойртсон тул эрх баригчид дахиад л нөгөө утааны сэдвээрээ хооллоод эхэллээ. Шинээр гишүүн болчих санаатай залуу сайдууд нь шилэн дээр наалдсан утаа тортгийг хуруугаараа арчиж шогшроод явж байх жишээний.
Хотоос 50 км зайтай хөдөө хээр байгуулагдсан нисэх буудал орчимд тийм их бохирдолтой байгаа юм чинь бол утааны голомт болсон төвд ийм байх нь ойлгомжтой.
Хариуцлагын тухай ойлголттой улсад бол хүн амынхаа талаас илүү хувь нь амьдардаг хотыг ийм байдалд хүргэсэн гээд бараг цаазаар авахуулж байгаа. Манайхан бол үгүй. Цаашаа л ахина. Одоо нэр томьёогоо арай өөрчлөөд “Тортгийг арчина, тоосыг угаана” гэж толгой эргүүлнэ дээ. Угаасаа эргүүлээд эхэлчихлээ. Тоос тортог яагаад үүссэн тухай биш том том дуугарч, ажил хийсэн болж тодорч яваа сайд дарга нараа хангинатал магтан дуулж байна.
Цаашид Улаанбаатарчууд хамжааргатайхан байж, хариуцлагатайхан сонголт хийж сурахгүй л бол улс төрчид ухарна, ухаарна гэж байхгүй шүү. Утаанд бид хордож, тэд хөлжсөөр байх болно.
Сэтгэгдэл
Нэр