Монголчууд дэлхийд гайхагдах байгалийн баялагтай хэр нь иргэд нь ядруу, эрх мэдэлтнүүд нь задруу амьдарч байгаагийн шалтгаан тун энгийн. Яагаад гэвэл эрх баригчид баялгийн хулгай хийхийн тулд эхлээд хуулийн хулгай хийдэг. Үүний тод жишээ нь, УИХ-ын сонгуулийн тухай хууль дахь нэгэн хорлонтой заалт юм. Тодруулбал, тус хуулийн 38 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Сонгуулийн мөрийн хөтөлбөрт дараах зүйлийг тусгахыг хориглоно” гээд 3.2-т нь “Уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлого, түүнчлэн улс, орон нутгийн төсвөөс иргэдэд аливаа хишиг, хувь, тэдгээртэй адилтгах бусад зүйл хүртээхийг хориглоно” гээд маш тодорхой тусгачихсан. Тиймээс Монгол Улс хэдий их баялагтай, орлоготой байлаа гээд иргэд түүнээс хүртэнэ гэж горьдож мөрөөдөх хэрэггүй гэсэн үг.
Зөвхөн УИХ-ын сонгуулийн тухай хууль ч биш, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33.2.2-т ч яг ийм заалт бий.Тэгэхээр У.Хүрэлсүхийн 2021 оны сонгуульд дэвшүүлсэн “Баялагтаа эзэн Монгол” гэдэг уриа утопи байхаас аргагүй.
Энэ гайтай заалтын үндэс суурь нь УИХ-ын 2008 оны сонгуульд улс төрийн голлох хоёр хүчин 1-1.5 сая төгрөг тараах хавтгайрсан халамжийн амлалт өгч эдийн засгаа хорлосноос үүдэлтэй бөгөөд хэзээ хойно бэлэн мөнгө тараасныхаа горыг арилгах санаагаар сонгуулийн хуулиудад дээрх заалтыг оруулсан ухаантай юм. Гэвч нуухыг нь авах гээд нүдийг нь сохлохын үлгэрээр иргэн бүр эх орныхоо баялгаас тэгш хүртэх Үндсэн хуулийн зарчмыг үгүй хийж, уутныхаа амыг боож, улсынхаа ирээдүйг хааж орхисон билээ. Сонгуулийн хуульд ийм өөрчлөлт оруулж, батлах үед УИХ-д МАН-аас 65, АН-аас ес, МАХН-аас нэг, бие даагч нэг гишүүн сууж байв.
Нарийн яривал “Төсвөөс бэлэн мөнгө тараахыг хориглоно” гэсэн товчхон агуулгыг энгийнээр томьёолохын оронд заавал уул уурхай, эрдэс баялгаас хувь хүртээхгүй гэж дэлгэрүүлэн хатуурхсан нь зүгээр ч нэг тохиолдол биш болов уу. “Иргэд ядуу зүдүү байх нь эрх мэдэлтнүүдэд ашигтай” гэх ойлголт хардлага сэрдлэг төдий бус, урт удаан хугацаанд бодож тооцоолж, хууль хулгайлж, системтэйгээр хэрэгжүүлдэг бодит үйл ажиллагаа гэдэг нь тодорхой болж байна. Өнгөрсөн хугацаанд эрдэс баялгийн орлого иргэдийн амьжиргаанд огт наалдаагүй хэр нь эрх мэдэл дагасан бүлэглэл, цөөн хэдхэн хүнийг хагартал баяжуулсныг өдөр бүр улс даяараа харж халаглаж суух боллоо.
Байдал нэгэнт иймдээ тулсан учир “Иргэдэд эрдэс баялгийн орлогоос хүртээхийг хориглоно, тийм мөрийн хөтөлбөр дэвшүүлж болохгүй” гэсэн аймшигтай заалтыг сонгуулийн хуулиас авч хаяхыг нийтээрээ шаардаж тэмцэх хэрэгтэй байна. Намууд ийм бодитой сэдвүүдээр улс төр хиймээр байна. Ялангуяа, сонгууль ойртсон энэ үед сөрөг хүчний анхаарал ийм зүйл дээр л төвлөрөх учиртай.
Одоо бидэнд гуравхан сарын хугацаа л бий. Яагаад гэвэл, Үндсэн хуулийн гуравдугаар бүлгийн 21.4-т “УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор сонгуулийн хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно” гэсэн заалттай. Ирэх зургаадугаар сараас өмнө амжиж өөрчлөлт оруулж чадахгүй бол ирэх дөрвөн жил дахиад л иргэд маань эх орныхоо баялгаас хувь хүртэх эрхгүй яс горьдсон нохой шиг шүлсээ гоожуулж суухад хүрнэ. Улс төрийн намууд ч баялгийн тэгш хуваарилалтын талаар мөрийн хөтөлбөр дэвшүүлэх, бодлого хэрэгжүүлэх эрхгүй хэвээр үлдэнэ.
Энэ парламентаас олон гишүүн хариуцлагад татагдаж, эрх мэдэл нь дэнжгэнэж байгаа болохоор энэ намар ч ээлжит бус сонгууль болж магадгүй гэлцэж буй. Ерөнхий сайд ч үүнийг үгүйсгээгүй. Тиймдээ тулбал, Үндсэн хуулийн өөрчлөлт зайлшгүй яригдана. Улс төрийн ийм адармаатай, шинэ нөхцөл байдал үүссэн ч УИХ-ын сонгуулийн тухай хуулийн “38-ын 3.2” дахь заалтыг мартаж болохгүй шүү.
Үндсэн хуульд 2019 онд өөрчлөлт оруулахдаа “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ” гэсэн агуулга тусгаж өгсөн. Эрх баригчид энэ заалтад дулдуйдаж, “Улс төрийн намууд баялгийн хуваарилалтын талаар амлалт өгч болохгүй” гэсэн хэт механик зохицуулалтаа хаацайлдаг юм. Гэлээ ч бүхэл бүтэн дөрвөн жил өнгөрчхөөд байхад Үндэсний баялгийн сангийн тухай хуулиа баталж чадаагүй, иргэд хэзээ ямар үр ашиг хүртэх нь тодорхойгүй байна. Тэгэхээр үлдэж байгаа гурван сарын хугацаанд багтаж Сонгуулийн хуулийг өөрчлүүлэхээс өөр сонголт үнэндээ алга. Тэгээд хэн баялгийн менежментийг хамгийн сайн хийх вэ гэдэг бодит өрсөлдөөн өрнөх эрх зүйн орчин бүрдэж, үр дүнг нь иргэд хүртэнэ.
Сэтгэгдэл
Нэр