Хуулийн сэлэм гялсхийж, хулгайчийн толгой бондгосхийхийг иргэд хүлээж итгэл цөхөрсөөр удсан билээ. Тэгвэл Засгийн газраас санаачилсан “5Ш” ажиллагааны нэг хэсэг болох “Шүгэл”-ийн дуу өнөөдрөөс албан ёсоор шунгинаж эхэллээ. Хэдийгээр өөрийн эргэн тойронд буй хууль бус үйлдлийн талаар нийтэд мэдээлж мэдэгдэх нь иргэн бүрийн үүрэг боловч эргээд өөрийг нь хамгаалж, урамшуулах эрх зүйн орчин төлөвшөөгүйгээс шалтгаалан хүмүүс тэр бүр дуугарч чадахгүй жийрхдэг байв. Нөгөөтээгүүр нийгмийн бухимдлаа тайлах ганц талбар болох цахим орчинд мянгантаа бичивч яг л хаданд хашхирсан мэт эргээд баахан цуурайтахаас хэтэрдэггүй. Харин одоо төр засгаас чиглэл тус бүрээр тусгайлсан ажлын хэсэг байгуулж, иргэний үлээсэн шүглийн дагуу ямар арга хэмжээ авахыг нэн тодорхой болгож буй тул нийтийн эрх ашгийг хохироосон, хохироож болзошгүй асуудлын талаар Таны илчилсэн мэдээлэл замаасаа замхарч алга болохгүй. Заавал шийдэлд хүрэх зохицуулалттай болж байна.
Тиймээс иргэн Та аль нэг төрийн эрх бүхий байгууллага хүнд суртал гаргаж, хүндрэл чирэгдэл учруулж байвал, хэн нэг албан тушаалтан авлига авсан өгсөн байж болзошгүй хардлага сэрдлэг байвал нэн даруй Шүгэл ажиллагааг хэрэгжүүлэх ажлын хэсэгт мэдэгдээрэй. Мэдээлэл авах сувгууд үргэлж нээлттэй байхын зэрэгцээ Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах “11-11” төв баасан гараг бүрийн 09-12 цагт иргэдтэй биечлэн уулзах хуваарь гаргасан.
Авлига, гэмт хэргийн талаар мэдээлэл өгөх /шүгэл үлээх/ нь хаалттай нийгмийн үеийн “матаас”, “бөгс ухах” зэргээс тэс өмнөө ойлголт бөгөөд авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэхэд онцгой ач холбогдолтой. Жишээ нь, олон улсын “Транспэрэнси интернэшнл” байгууллагаас судалгаа хийж “Авлигатай тэмцэх хамгийн үр дүнтэй арга юу вэ?” гэж иргэдээс асуухад олонх нь “Мэдээлэх” гэсэн хариулт өгчээ. Яагаад үр дүнтэй байдаг вэ гэвэл мэдээлэх үйлдлийг хялбаршуулж, идэвхжүүлэх тусам авлига авахыг санаархагчид өөртөө цензур тогтоож эхэлдэг. Өөрөөр хэлбэл, албан өрөөндөө авлигын мөнгө тоолж, оймсондоо чихэж, орныхоо гудсан доор овоолдог цагаандаа гарсан задгай байдал цэгцэрнэ гэсэн үг. Авлига авах хүсэл сонирхол хэчнээн байвч аливаад болгоомжтой хандаж, хана туургаа чагнаж, хажуу хавиргаасаа цэрвэж эхэлнэ. Нэгдүгээрт, авлигачид айдастай болж, албан тушаал, эрх мэдэлтэй хүмүүсийн хариуцлага нэмэгдэх, хоёрдугаарт, иргэдийн итгэл сэргэж, төр засагтайгаа хамтран ажиллах боломжтой болсонд “Шүгэл” ажиллагааны хамгийн гол ач холбогдол оршиж байна.
Удахгүй энэ хаврын чуулганаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг эцэслэн баталснаар авлигатай тэмцэх үйл ажиллагаанд томоохон өөрчлөлт гарах хүлээлт бий. Энэ хууль хэрэгжиж эхлэхээр шүгэл үлээгчийн аюулгүй байдлын баталгаа илүү сайжирч, чамгүй өндөр дүнтэй урамшуулал олгодог болно. Цаашид шүгэл үлээх нэрээр бусдын нэр төрд халдах, өс хонзонгийн сэдэлтэй сөрөг үйлдэл хийж болзошгүй тул энэ чиглэлийн зохицуулалтыг ч хуулийн төсөлд нэлээд тодорхой тусгасан байна.
Шүгэл үлээгчид олгох мөнгөн урамшууллыг дараах байдлаар тооцохоор хуулийн төсөлд тусгажээ.
- Тавин сая хүртэл төгрөгийн 15 хувийг;
- Тавин саяас хоёр зуун тавин сая хүртэл төгрөгийн 10 сая төгрөг дээр 50 сая төгрөгөөс давсан дүнгийн 12 хувийг;
- Хоёр зуун тавин саяас нэг тэрбум хүртэл төгрөгийн 36 сая төгрөг дээр 250 сая төгрөгөөс давсан дүнгийн 10 хувийг;
- Нэг тэрбумаас хоёр тэрбум хүртэл төгрөгийн 113 сая төгрөг дээр 1 тэрбум төгрөгөөс давсан дүнгийн 6 хувийг;
- Хоёр тэрбум, түүнээс дээш төгрөгийн 173 сая төгрөг дээр 2 тэрбум төгрөгөөс давсан дүнгийн 4 хувийг.
- Мөнгөн урамшууллын хэмжээ нь 100 мянган төгрөгөөс 1 тэрбум 500 сая төгрөг хүртэл байна.
Урамшуулалтай холбоотой зардлын эх үүсвэрийг гэмт этгээдээс төлүүлэх торгууль, нөхөн төлбөрөөс хувь тооцож гаргуулах учраас улсын төсөвт ямар нэг дарамт үүсгэхгүй. Мөнгөн урамшууллын механизм ажиллаад эхлэхээр хэн хүнгүй хэрэг зөрчлийн хажуугаар хэлээ хазаад өнгөрөхгүй. Жишээ нь, 10 тэрбум төгрөгийн дүнтэй хэргийн талаар шүгэл үлээсэн хүн 493 сая төгрөгийн урамшуулал авах боломжтой гэсэн үг.
Ийнхүү хаа сайгүй шүгэл тачигнаад ирэхээр хэн дуртай нь авлига авдаг өгдөг, албан тушаалаараа эрдэж барддаг байдал эрс багасна. Энэ бүхнээс харахад “Шүгэл үлээх” гэдэг нь зүгээр нэг алтан хошуу өргөх төдий бус авлигачдын зүрхэнд шар ус хуруулах, нийтээрээ нүд чихээ нээх ач холбогдол, үр нөлөө өндөртэй үйл ажиллагаа гэдэг нь ойлгогдоно.
Сэтгэгдэл
Нэр