ЖДҮ-г дэмжих сангийн хулгай, Хөгжлийн банкны хулгай, Нүүрсний хулгай... гэх мэт хөл толгойгүй их хулгайн хэргүүдээс гадна зайлшгүй ярих ёстой сэдэв бол “Газрын хулгай”. Энэ сэдэв хэзээ босож ирэх вэ гэдэг нь цаг хугацааны асуудал болоод байсан. Харин Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар газрын харилцаатай холбоотой завхралыг даацтайхан хөндөх талаар ажиг сэжиг гарч, олон нийт чих тавин хүлээж байлаа. Тэгвэл улс төрийн “их завсарлага” дуусаж, УИХ-ын хаврын чуулган эхэлж буй энэ өдөр Засгийн газар энэ талаар ам нээлээ. Тодруулбал, хууль бусаар газар зарсан, хулгайлсан, түүнээс улбаалан олон нийтийн эрх ашгийг хохироож, аливаа стандарт зөрчигдсөн асуудлыг нэг бүрчлэн жагсааж гаргахыг БХБ-ын сайд Ц.Даваасүрэнд даалгасан байна. Ирэх долоо хоногоос эхний нэрс дуулдаж эхлэх байх. Гэхдээ яг газрын хулгайн акулуудыг дэгээдэж чадах эсэх нь эргэлзээтэй. Жаахан хэдэн жараахай шүүрдсэн болчхоод “Газрын хулгайч нарыг илрүүллээ” гэвэл ёстой жүжиг болно.
Газрын хулгай бол нийслэл хотыг сүүлийн 20 гаруй жил удирдаж ирсэн хүмүүстэй шууд холбоотой. Он дарааллыг нарийн яривал 1999-2005 онд хотын даргаар ажилласан М.Энхболдын үеэс л газрын хулгай буюу газрын хууль бус наймаа ид цэцэглэсэн гэдгийг толгойтой бүхэн мэднэ. М.Энхболдоос хойш Ц.Батбаяр, Т.Билэгт, Г.Мөнхбаяр, /2012-2016 онд Э.Бат-Үүл дөрөвхөн жил ажилласныг эс тооцвол/ Су.Батболд, Ж.Батбаясгалан, С.Амарсайхан гээд дандаа МАН-ын төлөөлөл нийслэлийг удирдсан. Эдний зарим нь авлига албан тушаалын хэргээр удаа дараа шалгагдаж, зарим нь гадагш зугтчихсан. Тиймээс газрын хулгайн жинхэнэ эздийг тийм ч амархан гавлачихгүй болов уу гэсэн эргэлзээ байгаа юм.
Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хотод газрын харилцаа яаж хэрэгжсэн талаар статистик харвал тун эмгэнэлтэй. Газрын тухай хуулийг 2003 онд баталж, өнөөдрийг хүртэл яг 20 жил өнгөрөхөд манай улсын нийт хүн амын 80 хувь нь өөрт ногдох 0.07 газраа өмчилж авч чадаагүй байна. Нийслэлийн хамаг өнгөтэй өөдтэй газрыг зөвхөн танил талын хүрээ, авлига, наймааны шугамаар нам, эрх мэдэл дагасан бүлэглэл аваад барчихсан учраас жирийн иргэнд газар олдох боломжгүй болсон. Үүний үр дагавар нь хотын захаар зөвшөөрөлгүй бууж, гэр хорооллыг тэлэх, утаа угаар, хог новш, хоосрол ядуурлаар илэрдэг. Нийслэлд гэлтгүй орон нутгуудад ч уугуул иргэд газраа авч чадаагүй хэр нь газрын нөөцгүй болчихсон гээд сууж байдаг нь бас л хууль бус олголтоос үүдэлтэй. Монгол Улсын иргэн аль ч аймаг, суманд газар өмчлөх эрхтэй байдаг нь нэг талаар Үндсэн хуулийн зарчим боловч нөгөө талаар хийдэл болж байгаа юм.
Тэгэхээр Засгийн газар одоо газрын хулгайгаа цэгцлэхийн зэрэгцээ газрын харилцаанд хувьсгалын шинжтэй шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай болж байна. Сая хэлэлцүүлгээс эргүүлэн татаад байгаа Газрын тухай багц хуулийн төслийг харвал өмнөх алдаагаа засах томоохон өөрчлөлт лав тусгаагүй байсан. Ерөнхий сайдаас уг нь газартай холбоотой чухал санаа нэг бус удаа цухалзаад байгаа ч яг оновчтой зөв томьёолж, нийтэд эергээр ойлгуулж чадахгүй байх шиг. Жишээ нь, оны өмнө “Аймгийн дарга нарт хүн амаа өсгөх үүрэг өглөө” гэж хэлсэн нь чухамдаа газар зохион байгуулалтын бодлогоор шийдэгдэх асуудал байв. Мөн сая “Хөдөөгийн сэргэлт” чуулганаар “Хүн бүр нэг уул эзэмшээд амьдрах боломжтой” гэж хэлсэн нь доог тохуу болоод өнгөрч байна. Санаа нь зөв ч илэрхийлэл нь буруу гэх юм уу даа.
Одоо Засгийн газар Газрын тухай багц хуулийн төслийг боловсруулахдаа дээр дурдсанчлан хувьсгалын шинжтэй том бодлого болгон чамбайруулах шаардлагатай. Тодруулбал, өдий болтол газар өмчилж чадаагүй хүн амынхаа 80 хувийг нэн яаралтай газартай болгох, ингэхдээ эхний ээлжид нийслэлээс хөдөө шилжих иргэнд дор хаяж нэг га газар өмчлүүлэх, ийм зарчмаар шилжсэн иргэн 10 юм уу 15 жил газраа бусдад зарж болохгүй гэх мэт эдийн засгийн болон эрх зүйн хөшүүрэг хэрэглэж болно. Түүнчлэн, хотын утаа, түгжрэлийг бууруулах нэрээр жил бүр үр ашиггүй зарцуулж буй олон зуун тэрбумыг орон нутгийн дэд бүтцийг сайжруулах чиглэлд шилжүүлэх, өмчийн газраа түшиглэн өрхийн үйлдвэрлэл эрхлэх боломжуудаар хангах гэх мэт өөр хоорондоо уялдаа холбоотой нарийн зохицуулалт хийх хэрэгтэй байна. Ингэж байж Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”, Засгийн газрын зорилт болсон “Хөдөөгийн сэргэлт” чинь бодитоор хэрэгжих суурь тавигдана. Товчхондоо, газрын бодлого нь зөвхөн газартай байх тухай бус ядуурлыг бууруулах, төвлөрлийг задлах, улс орны урт хугацааны хөгжлийн бодлого байх учиртай. Иргэн бүрд газар өмчлүүлэх бодлогын эсрэг элдэв турхиралт, төөрөгдүүлэлт нэлээд явдаг. Бүр “Хүмүүст газар өмчлүүлж ёстой болохгүй. Гаднын улсад зарчихна” гэсэн ямар ч логикгүй суртал их гардаг. Энэ чинь энгийн эрх зүйгээр зохицуулж болдог, одоо ч зохицуулаад явж байгаа зүйл. Иргэн бүр газартай болсноороо биш газраа авч чадахгүй байгаад л хамаг бэрхшээл оршиж байгаа. Эртний үлгэр домогт ч хүн бүр өөрийн гэсэн газартай, газрынхаа үр шимийг хүртдэг улс аз жаргалтай амьдардаг тухай өгүүлдэг биз дээ.
Хэрэвзээ, эрх баригчдад ийм зориг байхгүй бол улс төрийн бусад намаас энэ мэт агуулга, чиглэлтэй мөрийн хөтөлбөр боловсруулж, бодлогоор өрсөлдмөөр байна. Бүхий л асуудлын үндэс болсон газрын харилцааны бодлогоо шинэ шатанд гаргахгүйгээр мянга мянган орон сууц барина гэж яриад нэмэргүй гэдгийг бодоцгооно уу!
Газрын хулгайн асуудал энэ хавар нэлээд өндөр авах нь тодорхой. Зарж үрж, залилж луйвардсан этгээдүүдэд хариуцлага тооцох нь ч зүйн хэрэг. Гэхдээ хулгайгаа цэгцлэхийн хажуугаар хувьсгалын шинжтэй өөрчлөлт хийхийг иргэд хүсэн хүлээж байна.
Сэтгэгдэл
Нэр