Жижиг дунд үйлдвэрийн газарт Авлигатай тэмцэх газраас шалгалт орж, удирдах албан тушаалтай нэр бүхий хүмүүсийг цагдан хорьжээ. Тодруулбал, тус газрын Хууль, тусгай активын хэлтсийн дарга Р.Надмидцэрэн, Хууль тогтоомж, гэрээ хэлцэл хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Алтансүх нарыг баривчилсан байна. Үндэслэл нь, тус газраас зээл авахаар хандсан иргэд, ААН-ээс авлига авсан байх үндэслэлтэй баримт, нөхцөл байдал тогтоогдсон юм байна.
Тэднийг баривчлан, цагдан хорьсон нь жараахайтай хөөцөлдөж, зохион байгуулагчийг нь үлдээсэн гэх хардлага салбарынханд үүсээд байгаа аж. Учир нь баривчлагдсан этгээдүүдийг уг хэрэгт оролцоход удирдаж, чиглэл өгч, зохион байгуулж байсан хүн нь ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан гэх мэдээлэл байгаа юм.
Я.Эрдэнэсайхан даргын тухайд ирэх сонгуулиар Сүхбаатар аймагт нэр дэвшихээр горилж байгаа нэгэн гэх бөгөөд сонгуульдаа зориулан мөнгө бэлдэх шаардлага гарч, уг мөнгийг бэлдүүлэхээр удирдлагад нь ажиллаж байгаа хэлтсийн дарга нарыг дарамтлах байдлаар авлигын хэрэгт оролцуулсан хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.
Түүнчлэн тус газарт ажиллаж байгаад үндэслэлгүйгээр ажлаасаа халагдсан хэд хэдэн ажилтан шүүхэд хандаж, шүүхээс тэдний талд шийдвэр гаргаж байжээ. Ингэснээр тухайн ажилтан ажилгүй байсан үеийн буюу ажилгүйдлийн тэтгэмж авдаг ба тухайн мөнгийг нь Я.Эрдэнэсайхан дарга авахаар дарамт үүсгэж, дарга ажилтнуудын дунд маргаан, үл ойлгоцол үүсэж байсан аж. Яг ийм асуудал тус газрын мэргэжилтэн М-д тулгарсан бөгөөд тухайн асуудлаар М АТГ-т хандаад байгаа аж. Гэвч уг гомдлын дагуух мөрдөн шалгах ажиллагаа удааширч байгаагаас ямар нэгэн шийдвэр гараагүй байгаа юм байна. Мөн М-ээс гадна мэргэжилтэн С, Г нараас ажилгүйдлийн тэтгэмжийг нь авахаар дарамт үүсгэсэн ба энэ мэт шалтгаанаар мэргэжилтэн Г ажлаасаа гарч, гадаад улсад хөдөлмөр эрхлэхээр яваад байгаа жишээ ч байгаа юм байна.
Сэтгэгдэл
Нэр