Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдах хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат уг асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр, "Өнөөдөр /2023.03.17/ Монгол цэргийн өдөр. Дэлхийн хамгийн шилдэг цэргүүдийн өдөр юм. Монгол Улсын Ерөнхийлөгч бид хоёр цэргийн хүмүүс. 150 дугаар мотобуудлагын дайчин хорооны нөхөд. Ерөнхийлөгчийн анхны хориг байх. Монголын ард түмэндээ бэлэг болгоод Ерөнхийлөгчийн хоригийг 100 хувь хүлээж авъя. Та нарын барьж байгаа маш сайхан бэлэг гэж би бас хүлээж авъя.
Олон нийтийн сүлжээнд хориг тавих ийм зүйл хэрэггүй. Энэ бол Монгол Улсын дархлаа шүү дээ, манай иргэдийн. Ардчилсан зарчмаар ардчилсан улс орон, ард түмнээ удирдаж сурмаар байна. Та бүхний хүчийг ард түмэн хоёр удаа нэгтгэж өгсөн. Гэтэл ийм буруу зүйл хийгээд байдаг. Хуулиудыг яаж баталдаг вэ гэдэг чинь эндээс харагдаж байна. Дуртай хуулиа дураараа баталдаг. Хууль дээдэлдэг зүйл энэ улс оронд байхгүй болсон.
Улс орны баталгаа нь мэдлэгтэй, мэдээлэлтэй иргэд. Энэ хуулийг дахиад өөрчилнө гэнэ үү? Тийм зүйл байхгүй байлгүй дээ. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд Ерөнхийлөгч цагаа олж хориг тавиагүй бол ард түмний бухимдал дээд цэгтээ хүрэх байсан.
Энэ хуулийг гаднын захиалгаар батлуулах гэж оролдсон байх гэж бодож байна" гэв.
Сэтгэгдэл
Нэр