Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо жил бүр өссөөр, өнгөрсөн онд л гэхэд 32 хүүхэд хүчирхийллийн улмаас нас баржээ. Уг асуудлаар бил Хүүхдийн хүчирхйиллийн эсрэг үндэсний төвийн тэргүүн Д.Ундраатай ярилцлаа.
Хамгийн сүүлд гурван настай хүүхэд ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулж үхэх сэхэхийн зааг дээр ирсэн асуудал олон нийтийн анхаарлыг дахин татлаа. Хүүхдийн хүчирхийлэл жил бүр өссөөр байгаа харамсалтай энэ статистикийн судалгааны талаар?
-2018 оноос 2022 оны жилийн эцсийн статистик судалгаанаас үзвэл жил бүр дунджаар гэмт хэргийн хохирогч болсон хүүхдүүд 167 орчим хувиар өссөн, 14 хүүхэд гэмт хэргийн золиос болсон байна. Гэмт хэргийн улмаас 92 хүүхэд нас барсан энэ нь өмнөх оноос 120 орчим хувиар өссөн, гэмтсэн хүүхдүүд 852 байна. Жил бүр ийм хувиар өснө гэдэг бол өндөр хувь л даа. Гэхдээ энэ бол зөвхөн ЦЕГ-т бүртгэгдсэн хэрэг. Гэтэл бүртгэгдээгүй болон хүүхдийн тусламжын 108 утасны төв дээр олон мянган дуудлага аваад явж байгаа. Үүн дотор эрсдэлийн түвшин өндөр хэргүүд байна. Нэгдсэн нийлбэр дүнг МУЗГ, ХНХЯ, ГХЗХГ-т нэгдсэн статистик тоо мэдээлэл байх ёстой. Гэтэл Монгол Улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэлтэй гэр бүлд хичнээн хүүхэд амьдарч байгаа гэх тоо мэдээ алга байна.
Хамгийн сүүлд 2020 онд БСШУЯ, НҮБ-тай хамтарч гаргасан судалгаагаар ЕБС-ийн 850 гаруй сургуульд 650 мянга орчим хүүхэд сурч байгаагаас гурван хүүхэд тутмын нэг нийгмийн орчноос үүдэлтэй эрсдэлтэй байна. Дөрвөн хүүхэд тутмын нэг гэр бүлийн орчиндоо эрсдэлт нөхцөлд амьдарч байна гэсэн бодит судалгаа байна.
Хүчирхийллийн гэмт хэрэг удаа дараа гарч байдаг, ХМХ-р хэсэг шуурч байгаад орхидог. Гэтэл хүүхдийн хүчирхийллийн асуудал дан хаалттай хаалганы цаана явагдаж байдаг. Үүнд нийтээрээ анхаарал хандуулах тулгамдсан асуудал болоод байна.
Хүүхдийн хүчирхийлэл гарч байдаг гэтэл хүүхдийн хүчирхийллийн эсрэг ажиллана гэдэг маш их төрийн, төрийн бус байгууллагууд байдаг. Төсвөөс хэдэн тэр бумаар нь зардал гаргаад ажлаа хийж чадахгүй байна?
Ер нь Монгол Улсын төр төсвөөс жил бүр мөнгө баталж өгдөг. Өмнөх онд 8,3 тэрбум, үүний өмнө найман тэр бум гээд гэтэл хүчирхийллийг бууруулах ажлууд төдийлөн байгаа онохгүй байна уу даа гэж харж байна.
Аймаг сум дүүргүүдэд 10-аад баг зөвлөл ажиллаж байна.
Хамгийн нэгдүгээрт, ХЗДХЯ-ны дэргэд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхтэй тэмцэх ажлыг зохицуулах зөвлөл” гээд алба ажиллаж байна. Нийслэлийн дүүрэг, сумын ИТХ-ын даргаар ахлуулсан “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл” ажиллаж байна. Мөн аймаг, нийслэл дүүрэг, сумдын Засаг даргаар ахлуулсан “Хүүхдийн төлөө зөвлөл” байна. Мөн анхан шатны нэгж дээр баг, хороо сумын засаг даргаар ахлуулсан “хамтарсан хороо” улсын хэмжээнд 754 баг ажиллаж байна. Мөн цэцэрлэг сургууль дээр цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирлаар ахлуулсан “Хүүхэд хамгааллын баг” ажиллаж байна. Дүүрэг, аймгийн засаг даргын орлогчоор ахлуулсан “Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо” ажиллаж байна.
Энэ нь өөрөө гэмт хэргийн гэрч, хохирогч болсон гэмт хэрэг үйлдсэн хүүхдүүдийн асуудал дээр мэргэжлийн удирдлагын том баг ажиллаж байна гэсэн үг. Анхан шатны нэгж дээр “Хүүхдийн элч” нар ажиллаж байна. Хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр ажилладаг иргэний нийгэм, төрийн бус байгууллагууд ажиллаж байна. Монгол Улсын нийслэл 202 хороон дээр хөршийн холбоонууд болон хэсгийн ахлагч нар ажиллаж байна. Бүгд төрөөс цалинждаг. “Ийм их байгууллагууд ажиллаад байхад яагаад урьдчилан сэргийлэх боломжтой хүүхдүүд хүчирхийлэлд өртөөд байна вэ” гэдэг зүгрүү бид харах болжээ. Монгол Улсад “хүүхдийн мэдээллийн нэгдсэн сан” гэх зүйл алга байна.
ЦЕГ-т өнгөрсөн онд 1729 орчим гэр бүлийн хүчирхийлэл бүртгэгджээ. Гэтэл энэ хүчирхийллийн цаана хэдэн хүүхэд байна гэдэг тоог хаанаас ч харах боломжгүй байна. Үнэхээр харамсалтай.
2016 оны 12 сард гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль батлагдсан, мөн энэ онд хүүхдийн эрх хамгааллын тухай хууль батлагдаж есөн сараас нь хэрэгжсэн. Энэ хуулиудыг хэрэгжүүлж байгаа яам агентлагууд маань яагаад мэдээллийн сангаа нэг болгож чадахгүй байна гэдэгт анхаарал хандуулах болсон байна. Мөн жилээс жилд бага насны хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн асуудал маш хүнд түвшинд байна. Жил бүр өссөн үзүүлэлттэй. Гэтэл бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн асуудлыг нөхөн сэргээх бүсчилсэн төвүүдийг байгуулна гэдэг МАН-ын мөрийн хөтөлбөр ЗГ-т орсон боловч 2023 он гарчаад байгуулагдаагүй хэдэн төрийн бус байгууллагын нуруун дээр төр хамгаалах байгууллагын байранд хэд хоноод гардаг. Энэ хүүхэд хамгааллын чанар
Ийм олон баг, зөвлөл байгаад ажиллаж чадахгүй байна. Гэтэл одоо УИХ-н гишүүд нь “хүчирхийллээс сэргийлэхийн тулд шүгэл үлээдэг байя” гээд ярьж байна. Энэ хэр үр дүнтэй ажил болно гэж та харж байна?
Нэгдүгээрт, бид Гэр бүлийн тухай хуулиа яаралтай батлуулах шаардлагатай. 1999 оноос хойш батлагдсан энэ хууль одоогийн энэ хөгжил, нийгмийн байдал, эдийн засаг, ажилгүйдэл, хямрал, цар тахал гээд яг эцэг эх байх үүргээ үл ухамсарладаг. Хамтран амьдрагчийн дундаас гарсан гэр бүлүүд, саяхан гарсан 3 настай хүүхдийн хэрэг яг л ийм хэрэг байхгүй юу. Тэгэхээр эцэг эх байх үүргээ биелүүлэхгүй байгаа хүмүүст хүлээлгэх хариуцлагын асуудал уг нь хуульчлагдаад зөрчил болон эрүүгийн хуульд заасан. Гэтэл хүүхдээ хөгжих орчныг хүчирхийлэлтэй орчинд байлгасан, аюултай байдалд үлдээчихсэн хариуцлагагүй эцэг эхчүүдээс болоод жилдээ хичнээн мянган хүүхдүүд хохирч байна.
Монгол Улсын хэмжээнд жилдээ осол гэмтэлд өртсөн 40-өөд мянган хүүхдийн асуудал байна. Энэ 40-өөд мянган хүүхдүүдийн ихэнх нь эцэг эхчүүдийн хариуцлагагүй байдлаас болж түлэгдэж, бэртэж гэмтсэн, машинд дайруулсан байна.
Нөгөө талд Гэр бүлийн тухай хууль, эцэг эх байх эрхийн асуудал гээд маш том асуудал. Мөн хүүхэд хамгааллын хуулийг шинэчлэн найруулаад өргөн барихаар хэд хэдэн удаагийн хуулийн хэлэлцүүлэг хийж, хэдэн сайдын нүүр үзээд явж байна л даа. Энэ хүүхэд хамгааллын тухай хуульд хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн, цахим орчинд хүүхдийн эрхийг бэлгийн дарамт болон бусад хүүхдийн хүчирхийллийн хэлбэрт өртүүлсэн энэ асуудал дээр УИХ Б.Баярсайхан санаачлаад “цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хуулийг санаачлаад явж байгаа юм байна. Энэ бол маш зөв гэж харж байна.
Гэхдээ эцсийн дүндээ гэр бүл хүүхдийн хүчирхийллийн асуудлаар ажиллах ёстой Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар гэсэн агентлагын асуудлаар бид ярих цаг болж байна. Энэ агентлаг өөрөө анхан шатны нэгж дээр ямарч хөл байхгүй. 330 сум, 202 хороон дээр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн гэдэг хүн байдаггүй. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон анхан шатны нэгж дээр ажиллаж байгаа нийгмийн ажилтнуудын, нийгмийн хамгааллын цалингийн асуудал мөн чухал. Сарын 600, 700 мянган төгрөгийн цалинтай хүмүүс дээр тухайн хорооны 20 гаруй мянган хүний асуудал, 10 гаруй мянган өрхийн асуудал, 10 гаруй мянган хүүхдийн асуудлыг овооруулдаг. Цалин багатай байгаагаас болоод хүний нөөцийн тогтворгүй байдал, нийгмийн ажил үйлчилгээ, хүүхдийн эрхийг хангах, гэр бүл, хүүхдийн хүчирхийллээс уридчилан сэргийлэх ажлуудыг үр дүнтэй зохион байгуулах тал дээр асуудал үүсгэж байна.
Мөн манай ЦЕГ хүүхдийн байцаагчдын орон тоог 2020 оноос 106 орон тоогоор нэмэгдүүлж цалингийн сан батлуулсан ч жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа хүүхдүүд дээр 10-20 мянган хүнд цагдаагийн нэг л албан хаагч буюу урьдчилан сэргийлэгч хүрэлцэхгүй байна. ЦЕГ-т урьдчилан сэргийлэх дээр төсөв байдаггүй гэх мэтчилэн олон асуудлууд байна. Гэхдээ анхан шатны нэгж дээр маш сайн ажиллаж байгаа сумдууд, хамтарсан багууд байгааг бид бас ярих хэрэгтэй.
Жишээлэхэд, Баянхонгор аймгийн Баянговь сум засаг дарга, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл тэнд ажиллаж байгаа хамтарсан багийн нийгмийн бодлогын түшмэл, цагдаагийн албан хаагч, эмч бүгд нэг баг болчихсон эрвийх дэрвийхээрээ сумын бүх ард иргэдийн хамтран амьдрагч гэр бүл, хүчирхийлэлтэй гэр бүл, гэртээ галт зэвсэгтэй гэр бүл, тээврийн хэрэгсэл жолооддог хүүхэд, хойд эцэг эхтэй хүүхдийн асуудал, донтох эмгэгтэй, зан үйлийн доголдолтой, салсан нийлсэн гэр бүлд хяналт тавьж, судалгаа хийгээд үүнийхээ хүрээнд урьдчилан сэргийлэх төлөвлөгөө гаргаад, шөнө оройн эргүүл хийж ажиллаад болоод байна.
Эдийн засгийн сэргэлт гээд яриад байгаа ч байшин, сургууль, уурхай, станц дотор хүн ажиллана гэдгийг тоохохгйү байна. 2023 онд, ирээдүйд, 2040, 50 онд монголыг авч явах хүүхдүүд хүмүүжиж төлөвшиж байна. Гэтэл бид ийм аминч хандлагатай, үг дааж сураагүй, үндэсний өв уламжлалаа мэдэхгүй хүүхдүүдийг төлөвшүүлээд, цахимд донтсон, нүдний хараа муутай, шүдний өвчлөлтэй хүүхдүүдийг ирээдүйн иргэн болгож бэлтгэж байгаа нь үнэхээр харамсалтай байна.
Тийм учраас монголын төр байгаа бол “Хүүхдийн төлөө за” гэсэн хоосон лоозонгоо одоо больё. Үнэхээр үр дүнтэй ажиллая! 2040, 50 онд монголыг авч явах хүүхдээ өсгөж хүмүүжүүлж байгаа бодлогоо барьж байгаа бол гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын тогтолцоогоо бэхжүүлье. Хүүхдийн тэгш оролцоог хангая. Хүүхдийг хөгжүүлье! Ингэж байж хүүхдүүд маань хамгаалагдах ёстой юм. Ирээдүйн аав ээж, төр барих хүмүүсээ бэлдэж байгаа гэдгээ бид нар яагаад одоо болтол онцолж хардаггүй юм бэ.
Нийслэлийн есөн дүүрэг, аймагуудын засаг даргын бодлогыг хархаар зүгээр л нэг цаасан дээрх хүчирхийлэлтэй тэмцэх ажил явагдаад байгаа болохоос биш яг тэр хөрсөн дээр тухайн баг хороон дээр хичнээн асуудалтай гэр бүл, тэнд амьдарч байгаа асуудалтай хүүхдүүд дээр үнэхээр нэг дүгээр болгож ажиллаж байгаа иргэдийн хурал гэмт хэргээс уридчилан сэргийлэх зөвлөл байхгүй байгаад үнэхээр харамсаж байна.
Сэтгэгдэл
Нэр