Богд уул бол дэлхийн хамгийн анхны дархан цаазтай уул, тусгай хамгаалалттай нутаг. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар энэ бүсэд зөвхөн аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах, түр отоглох байр барихыг зөвшөөрдөг. Гэтэл Шадар сайд С.Амарсайхан хууль зөрчөөд, өөрийнхөө аварга том хаусыг Зайсангийн аманд барьчихсан баримтыг бид энэ удаа дэлгэж байна.
1302 мкав энэ хаус Шадар сайд С.Амарсайханы төрсөн хүү А.Эрдэнэхүслэн, эхнэр Ч.Ичинхорлоо нарын нэр дээр үл хөдлөхийн гэрчилгээтэй байна.
Хуулиар “тусгай хамгаалалттай газарт орон сууц барих, түүнд үл хөдлөхийн гэрчилгээ олгохыг хориглодог” байтал хууль зөрчөөд, ямар нэг аргаар гэрчилгээ авчихжээ.
Тэгвэл Шадар сайд С.Амарсайхан 1302 мкв хаусаа барьсан газрынх нь түүхийг хүргэе. 2008 онд БОАЖ-ын сайдаар Г.Шийлэгдамба ажиллаж байхдаа “Юко” гэх компанид 4 га газрыг анх аялал жуулчлалын зориулалтаар олгожээ.
Харин 2022 онд Юко ХХК “газрынхаа хэмжээг багасгая” хэмээн гайхмаар хүсэлт гаргасны дагуу БОАЖЯ-аас 4 га газрыг нь 1 га болтол хасчээ. Энэ 1 га газар дээр Шадар сайд С.Амарсайханы хаус байдаг гэсэн үг.
Газрын үнэ тэнгэрт хадсан энэ цаг үед үлдсэн 3 га газар нь хаачсан нь анхаарал татна. Тэгвэл тухайн 3 га газрыг “И Эн Ай партнерс” гэх ХХК-д шилжүүлсэн байна. Энэ ХХК-ийн хувь эзэмшигч нь харин “Юко” ХХК байгаа юм. Эндээс 4 га газар Юко ХХК-хэвээр байгаа нь батлагдана.
Тэгвэл “Юко” ХХК-ийн тухайд,
Энэ компанийг анх 2006 онд байгуулсан. Хувь эзэмшигч нь “Оюуны ундраа групп” ХХК байсан. Байсан гэсний учир нь 2011 онд “Оюуны ундраа групп” ХХК “Юко” ХХК-ийн хувь эзэмшлээс нэрээ хасуулж, Усныэхийн Доржнямбуу гэгчийг бүртгүүлсэн.
Харин Усныэхийн Доржнямбуу гэгч нь Шадар сайд Амарсайханы “Оюуны Ундраа групп” ХХК-ийн Ахлах няраваар ажилладаг нэгэн юм байна. 2022 оны 12-р сард “Оюуны ундраа групп” ХХК-ийн шинэ жилийн цэнгүүний үеэр Усныэхийн Доржнямбууг “сайн ажилласан” хэмээн орон сууцаар шагнасан гэрэл зураг баримт болон үлджээ.
Энэ бүх үйл явдлаас харвал, Зайсангийн аманд 4 га газар эзэмшдэг “Юко” ХХК-ийг Шадар сайд С.Амарсайханд хамааралгүй харагдуулах гэж тун ч их хичээжээ.
Өдгөө тухайн 4 га газрын баруун хойд захад С.Амарсайханы 1302 мкав хаус, зүүн урд захад түүний төрсөн ах С.Нэргүйн байшин, хашааны хатавчинд шахуу жижигхэн бор гэр байна. Гэрт амьдардаг өндөм настан хэлэхдээ “С.Амарсайхантай уулзах бол эхлээд хамгаалагчаас нь асуу. Хашааны үүдэнд, бас гэрийнх нь үүдэнд хамгаалагч нар байгаа. Зүүн урд талы байшин нь Нэргүйнх” гэсэн юм.
Хууль баталдаг УИХ-ын гишүүн, сайд хүн хуулийг хэрхэн уландаа гишгэж, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлсэн энэ хууль бус үйлдлийн талаар уншигч та манай нэвтрүүлгийг баримт, эх сурвалжаа болгон АТГ-ын 110 дугаарт залгаж, гомдол гаргана уу хэмээн бид уриалж байна.
Сэтгэгдэл
Нэр