Цахиур эрэн сурвалжлах нэвтрүүлэг 2023.03.29-ний өдрийн дугаартаа “Шадар сайд С.Амарсайханы хууль дэвсэлж босгосон 1302 мкав хаус” тойрсон баримтуудыг олон нийтэд ил болгосон. Тодруулбал, дархан цаазат Богд уулын тусгай хагаалалттай газарт аялал жуулчлалын зориулалтаар 4 га газар авч, тухайн газар дээрээ тансаг зэрэглэлийн 1302 мкав амины орон сууц барьсан, тухайн орон сууцандаа үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулсан хуулийн зөрчлүүдийг дэлгэсэн юм.
Ямар хууль зөрчсөн бэ?
- Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд "тусгай хамгаалалттай газарт зөвхөн аялал жуулчлал, судалгаа шинжилгээний зориулалтаар түр отоглох байр барих боломжтой" байтал Шадар сайд С.Амарсайхан орон сууц барьсан
- Тусгай хамгаалалттай газарт үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарах нь хуулиар боломжгүй байтал "Шадар сайд С.Амарсайхан Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулсан” зэрэг хууль бус үйлдлүүдийг бид хөндсөн билээ.
Тухайн “Үл хөдлөхийн гэрчилгээ”-нд Шадар сайд С.Амарсайханы төрсөн хүү А.Эрдэнэхүслэн, эхнэр Ч.Ичинхорлоо нарын нэр дээр гарсныг ч бид баримтаар ил болгосон.
Мөн Туулын бургасыг хядаж, тансаг зэрэглэлийн орон сууцны хороолол босгосон Зүүнбаян Рефайнери ХХК нь С.Амарсайханы хамаарал бүхий этгээдийн нэр дээр буюу түүний эхнэр Ч.Ичинхорлоогийн нэр дээр бүртгэлтэй байгааг мэдээлсэн.
Харин энэ асуудлаар Шадар сайд С.Амарсайхан Baabar.mn сайтад ярилцлага өгөхдөө “Зарим хэвлэл эхнэрийн чинь нэр хувьцаа эзэмшигчийн дунд байгаа талаар баримт дэлгээд байсан?
- Намайг яаж ийгээд нийгэмд хав хар хүн болгочих гээд үзээд байх юм. Ийшээ харсан ч буруу, тийшээ харсан ч буруу гээд л. Миний эхнэрийн нэртэй гэрчилгээний зургийг хүртэл фотошопоор хийж тарааж ч байх шиг. Хүнийг шүүмжилж болно. Би хангалттай шүүмжлүүлж, өөрөө ч тэрийг нэг их тоохгүй яваад байсан хүн. Гэхдээ ингээд гэр бүлийн хүнийг маань хүртэл оролцуулж гүтгэх чинь увайгүй муухай зүйл шүү дээ” хэмээн хариулжээ.
С.Амарсайханы эхнэр Ч.Ичинхорлоогийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, Зүүнбаян Рефайнери ХХК-ийн өмчлөл байгааг Улсын бүртгэлийн ерөнхий газрын нээлттэй мэдээллээс жирийн иргэн, хэн боловч харах боломжтой байхад Шадар сайд яагаад ингэж илт худал яриад байгаа нь ичгэвтэр байна.
Уншигч та https://www.opendatalab.mn/search/862980?model=CFounder сайтаас бүртгэлийн мэдээллийг харж, баталгаажуулаарай.
Мөн С.Амарсайхан тухайн ярилцлагадаа “Хэрвээ фотошоп юм бол та хуулийн байгууллагад хандсан уу?
- Би шүүх хуулийн байгууллагад тэр бүр хандаад байдаггүй л хүн. Гэхдээ энэ болон бусад асуудлаар хууль шүүхийн байгууллагад хандсан байгаа. Зөвхөн сэтгүүлчид ч биш, тэдний ард байдаг улс төрийн албан тушаалтнуудыг ч өгсөн байгаа. Өөр арга ч алга. Алийн болгон тэвчиж явах вэ дээ” гэгчлэн ярьжээ.
Нэгэнт төрийн байгууллагын мэдээллийн нэгдсэн санд нээлттэйгээр байгаа уг мэдээллийг фотошоп хэмээн ил худал ярьж, "сэтгүүлчийг шүүхдэнэ, шалгуулна" хэмээн итгэл төгс ярьж байгаа нь хуулийн байгууллагын мөрдөн шалгах ажлын үр дүнг Шадар сайд С.Амарсайхан “захиалдаг” мэтээр ойлгогдоно. Илт үнэн мэдээллийг фотошоп хэмээн шүүхдэх нь нэг бол илт тэнэг хүний хийх хэрэг, эсвэл "ямар нэгэн аргаар өөрийн талд шийдвэр гаргуулдаг" хүний амнаас л гарах үг биз ээ.
Уншигч, үзэгч та Шадар сайд С.Амарсайханы хууль дэвсэлж босгосон Богд уулан дахь 1302мкав хаусны талаарх баримтат нэвтрүүлгийг үзэх бол ЭНД дарна уу.
Сэтгэгдэл
Нэр