Төрийн зүтгэлтэн, ардчилсан хувьсгалын алтан хараацай С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэг гарснаас өнөөдрийг хүртэлх 25 жилийн хугацаанд хүний санаанд багтамгүй хачин муухай үзэгдэл ил далд өрнөжээ. Товчхондоо, энэ хэргийг улс төрийнхөн болон хуулийн байгууллагынхан дур зоргоор ашигладаг тоглоом болгосоор өдийг хүрэв. Эхэндээ зарим нь “Намайг УИХ-д сонговол энэ хэргийг илрүүлнэ” гэж ард түмний хүлээлтийг барьцаалах замаар хувийн эрх ашгаа гүйцэлдүүлдэг байсан бол одоо бүр гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдчихсон гэмтнүүдийг зүгээр л тавиад явуулахдаа тулав.
Энэхүү гэмт хэргийг үйлдсэн хэмээн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг 6-7 жил шалгах явцдаа хуулийнхан эрүүдэн шүүсэн баримт ил болсон. Мэдээж хүний эрхийн ноцтой зөрчил үүссэн учир буруутай этгээдүүдэд зохих хариуцлага хүлээлгэх нь зүйн хэрэг. Гэвч эрүүдэн шүүсэн явдал нь яллагдагч нарыг шууд гэм буруугүй гэж үзэх үндэслэл болохгүй. Яагаад гэвэл мөрдөн байцаалтын буюу хоригдох явцад эрүү шүүлтийн шинжтэй үйлдэл гаргасан болохоос шүүн таслах ажиллагаа эрүүдэх хэлбэрээр болоогүй юм. Өөрөөр хэлбэл, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар эрүү шүүлтийн улмаас дарамтад орж хэрэг хүлээгээгүй. Хэдий хорих байранд хүнд дарамттай байсан ч хэзээ ч хэрэг хүлээж байгаагүй гэдгээ тэд хэлдэг. Шүүх хангалттай хэмжээний нотлох баримтыг үндэслэн тэднийг хүн амины хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон гэсэн үг. Тэгэхээр зарчмын хувьд хорих байранд хүний эрх зөрчсөн асуудлыг тусад нь, С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн нотлох баримтуудыг бас тусад нь авч үзэх зайлшгүй шаардлага үүсээд байсан билээ. Гэтэл энэ хэргийн хувь заяаг шүүх улс төрчид шийдэж байна.
Нэгэнт иймдээ тулж байгаа хойно Монголд шүүх гэж байх хэрэг байна уу? Угаасаа Монгол Улсын тагнуулын байгууллага, шүүх, цагдаа, прокурор гэж байхаа болиод хэдэн удирдлагыг нь “тэрний хүн, энэний хүн” гэж хэн нэг улс төрч, өндөр албан тушаалтнуудад харьяалуулдаг болчихлоо. Өчигдөр л гэхэд дээрх хэрэгтэй хамгийн их зууралдсан хүн болох Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж “Энэ хэрэг чинь захиалагчгүй хэрэг шүү дээ” гээд хээв нэг яриад зогсож байх юм. Захиалагчтай, захиалагчгүйг Ц.Нямдорж яагаад мэддэг билээ? Харин ч захиалагчаа яг хэлэх гээд байсан учраас Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хэлмэгдсэн болгох операц хүчтэй өрнөсөн юм биш үү? Тэдний хууль ёсны өмгөөлөгч шиг гүйж, хамгийн их анхаарал хандуулсан хүн нь Ц.Нямдорж. Монголоор дүүрэн эрх ашиг нь хохирсон, хэлмэгдсэн, хууль бусаар хоригдсон, эрүү шүүлт амссан хүмүүс байхад тэдний хэнийг нь ч хялайж хараагүй энэ хүн яагаад ноцтой гэмт хэргийн хоёр яллагдагчийг л амь тавин хамгаалсан юм бол? Энэ мэтээр маш олон зүйл эргэлзээтэй үлдэхийн зэрэгцээ Монголын шүүхэд итгэх итгэлийг улс төрчид хоронтойёо устгаж байна.
Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар нь зөвхөн С.Зоригийг хөнөөсөн төдийгүй хэргийн холбогдогч “Паар” хочит Отгонбаатар гэгчийг гэр бүлээр нь шатаасан аймшигтай хэрэгт ч холбоотой гэдгийг шалгалтын явцад олон баримтаар нотолсон гэдэг. Тэгвэл эрүү шүүлтээр дарамтлуулсан гэх шалтгаанаар энэ бүх хэрэг замхрах учиргүй. Дахин онцлоход, энэ хэргийг ингээд шууд цэглэх бус “Гэм буруугүй хэр нь эрүү шүүлтийн улмаас хэрэг хүлээж хэлмэгдсэн үү” эсвэл “Гэм буруутай боловч хоригдох явцад эрүү шүүлтийн шинжтэй дарамт, зодуур, яргалал амссан уу” гэсэн хоёр агуулгыг л тодруулан шалгах шаардлагатай юм.
Ямартай ч, зөвхөн нэг улс төрчийн амь насыг бус дээр нь нэмээд хэрэгт холбогдогчийг гэр бүлээр нь үр хүүхэдтэй нь шатааж хороосон аймшигт аллагын хэргийг цөөн хэдэн улс төрч дур зоргоороо хааш нь ч эргүүлж болдог тоглоомоос нэн даруй гаргах хэрэгтэй байна.
Сэтгэгдэл
Нэр