“Шин-жиан шин фа” ХХК-ийн 51 хувийг ээзэмшигч БНХАУ-ын иргэн Вү Ж-ийн биед 2021.09.07-ны өдөр дөрвөн этгээд халдаж, “концессын гэрээнээс татгалзах” бичигт хүчээр гарын үсэг зуруулж, уг бичгээ МУ-ын Шадар сайд С.Амарсайханд хүргүүлсэн хэрэг прокурорын шатанд хянагдаж буй. Энэ талаар бид сурвалжилга бэлтгэн хүргэсний дараагаар Вү Ж-ийн өмгөөлөгч манай редакцид хандсан ба бидний зүгээс Вү Ж-тэй уулзах хүсэлт тавьсны дагуу энэ ярилцлагыг хийсэн юм.
- Та хоёр жилийн өмнө гэмт этгээдүүдийн халдлагад өртөж, “концессын гэрээнээс татгалзах бичиг”-т гарын үсэг зурсан. Тухайн үед яг юу болсон юм бэ?
- 2021 оны есдүгээр сарын 7-ны үдээс хойш би найз н.Энхзаяатайгаа уулзахаар “Дөлгөөн нуур”-ын ойролцоо байх орон сууцных нь гадаа ирсэн. Тэр үед 17.00 цаг болж байсан. Би машинаа унтраагаад, буух гэж байтал машины арын хаалгаар нэг хүн орж ирээд, намайг зодож, хутга тулгаад, арын суудал руу татаж оруулсан. Энэ үед машины урд хоёр хаалга, арын хаалгаар гурван хүн орж ирээд, жолооны ард суусан хүн машин асаагаад хөдөлсөн. Миний машины урд замын хашлага жижигхэн шон байсныг мөргөж, дайраад, явсан. Тухайн үед миний машины бензин дуусаж, шар гэрэл ассан байсан юм. Тиймээс хол яваагүй байх. Энхзаяагийн байрны гаднаас хойшоо хэсэгхэн яваад, гэр хорооллын гудамжинд ирж зогссон. Миний хоёр талд суусан залуус намайг ээлжлэн зодож, хоолойд хутга тулгаж явсан. Машин зогссоны дараа, хамгийн түрүүнд орж ирсэн залуу бичгийн хавтас гаргаж ирээд, “гарын үсэг зур” гэж гараараа зангаж, тушаасан. Ингэхдээ өмнө миний “Үндэсний хөгжлийн сан” руу явуулсан бичгийг харуулж, тэр бичиг дээрх гарын үсгийг зааж байсан. Тэр үед би “үүнтэй ижил зур” гэж хэлж байгаа юм байна гэж ойлгосон.
- Та тэгээд гарын үсгээ яг үнэнээр нь зурсан уу?
- Хэдийгээр би хутга тулгуулж, зодуулж байсан ч гарын үсгээ зурдгаасаа арай өөрөөр зурсан. Хоёр цаасан дээр гарын үсэг зурсны дараа тэдний гар утсанд дуудлага ирж, хүнтэй яриад, дахин нэг хавтаснаас бичиг гаргаж ирээд, дахиад “гарын үсэг зур” гэсэн. Энэ үед би тухайн бичгийн толгой хэсэгт “Шин-жиан шин фа” гэсэн нэр байгааг олж анзаарсан юм. Тэд гарын үсэг зуруулаад, машины түлхүүрийг арын суудал руу шидсэн. Ингээд машинаас гарч явахдаа гараараа “хоолойгоо зүсэж байгаа”-г занган үзүүлснийг нь би “хүнд хэлбэл ална” гэж байна гэж ойлгоод, толгой тохисон. Ингээд тэд миний машинаас бууж явцгаасан. Явахдаа миний гар утсыг авч явсан байсан тул би тэр дороо хэн нэгэнд хандаж чадаагүй. Тухайн газар нь гэр хорооллын бүсэд барилга баригдаж байгаа, тийм газар байсан. Би машиндаа тайвширч хэсэг суугаад, машинаа асаан Энхзаяагийн гэр рүү хөдөлсөн. Ингээд Энхзаяад болсон зүйлийн талаар хэлэхэд тэр цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Дуудлага өгснөөс 10-15 минутын дараа цагдаа нар ирж, машинд үзлэг хийж, гарын мөр авсан. Ингээд намайг цагдаагийн хэлтэст аваачин тэр шөнөжингөө мэдүүлэг авсан.
- Тан руу халдсан дөрвөн залууг та урьд өмнө харж байсан уу?
- Би тэднийг танихгүй, харж байгаагүй хүмүүс байсан.
- Та хэр их бэртэж гэмтсэн бэ?
- Миний хоолой хэсэгт зүссэн, уруул, нүүр зодуулснаас болж хавдсан байсан. Цагдаа нар тухайн үед зураг дарсан.
- Тан руу халдсан хүмүүсийг цагдаа нар хэзээ барьсан бэ, танд мэдэгдсэн үү?
- Тэдний гурвыг нь тэр шөнөө барьсан байх. Харин нэг нь хөдөө явчихсан гээд дөрөв хоногийн дараа барьсан гэсэн.
- Тэд ямар зорилгоор тан руу халдсан гэж та бодож байна?
- Би тэднийг танихгүй. Бидний хооронд ямар нэг маргаан, зарга байхгүй. Тэгэхээр тэднийг хэн нэгэн захиалсан гэж би боддог.
- Та хэнийг хардаж, таамаглаж байна вэ?
- Надад таамаг бий. Миний таамаглаж байгаа хүний ард “монголын улстөрд том албан тушаал хашдаг хүн бий” ч гэж би таамаглаж байна.
- Тэр хүний нэр нь хэн бэ? Тэр хүн манай улсын УИХ-ын гишүүн үү?
- Тэр хүн УИХ-ын гишүүн. Би тэр хүний нэрийг хэлэхээс айж байна.
- Тэр хүн АН эсвэл МАН-ын альных нь гишүүн бэ?
- МАН-ынх. Эхлээд би танд тэр шөнө цагдаа нар надаас гадна бас нэг хүнээс мэдүүлэг авсан, тэр хүн надтай ямар холбоотой гэдгийг тайлбарлаж өгье. Түүний дараа тэр УИХ-ын гишүүний талаар яръя, болох уу?
- Тэгье.
- Тэр шөнө цагдаагийнхан БНХАУ-ын иргэн Сун Гуанченыг “мэдүүлэг өг” гэж дуудахад “Бие өвдөж байна, очиж чадахгүй” гэж байгаад, ирсэн. “Сун Гуанчен бол Шин-жиан шин фа” ХХК-ийн хувь эзэмшигч. “Би өвдөж байна” гэж байсан Сун Гуанчен мэдүүлэг өгснийхөө дараа шууд концессын гэрээтэй ажлын талбай болох Дашинчилэнгийн замын барилгын талбай руу явчихсан байсан. Тэнд түүний шоронд танилцсан найз Өвөрмонголын Хосбаяр гэж залуу байсан юм. Хосбаяр хүн амины хэргээр 12 жилийн хорих ял эдэлж, шоронд байхад нь Сун Гуанчин “Төрийн банкнаас 20 тэрбум төгрөг авсан” хэргээр шоронд ороод, тэд танилцаж, шоронгоос гарч ирснийхээ дараа найзалж, Хосбаяр замын барилгын ажил дээр ажилладаг болсон байсан. Тэгэхээр магадгүй, над руу халдсан тэр дөрвөн хүнийг Хосбаяр, Сун Гуанчен нарыг шоронгоор дамжиж таньдаг байсан байж магадгүй.
- Сунгуан Чен та хоёр эртний хамтрагчид уу?
- Миний найз 2017 онд Сун Гуанченыг дагуулж, над дээр ирж, тусламж хүсэж Сун Гуанчен бид хоёр анх танилцаж байсан. Сун Гуанчены “Шин-жиан шин фа” ХХК концессын гэрээтэй Дашинчилэнгийн 120 км замаа барихад “санхүүгийн асуудал тулгарсан учраас хятадын Хөгжлийн банкнаас зээл авахад туслаач” гэж ирж байсан юм. Тухайн үед миний эзэмшлийн “Өвөрмонголын Чиянчун барилгын материалын дэлгүүр” нэртэй компани Хятадын Хөгжлийн банкнаас Монгол Улсын Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан зээл авсан байсан үе. Тиймээс “тэр зээлд хамрагдахад туслаач” гэж над дээр ирж байсан. Би түүнд туслахын тулд банктай холбогдож, бүхий л шаардлагтай зүйлсийг судалсан. Ингэхэд “Шин-жиан шин фа” ХХК зээлийн шаардлага хангахгүй бөгөөд харин тухайн компанийг манай “Өвөрмонголын Чиянчун барилгын материалын дэлгүүр” ХХК батлан даасан тохиолдолд зээл олгох боломжтой гэсэн хариу ирүүлсэн. Ингээд Сун Гуанчентэй ярилцаж, манай “Өвөрмонголын Чиянчун барилгын материалын дэлгүүр” ХХК-ийн салбар компани болох “Си Вай Си Кэй” ХХК-иар батлан даахаар болсон. Үүний тулд “Шин-жиан шин фа” ХХК-ийн 51-ээс илүү хувьцааг манай компани өөрийн нэр дээр түр шилжүүлэн авах шаардлагатай болж, гэрээ байгуулсан.
Энэ гэрээн дээр тодорхой тусгасан зүйл бол “Си Вай Си Кэй ХХК нь Шин-жиан шин фа ХХК-ийн үйл ажиллагааны удирдлагад оролцохгүй, ашиг хуваарилалтад оролцохгүй, мөн бүхий л өр төлбөрийн болон хуулийн хариуцлага хүлээхгүй. Төслийн санхүүжилтын ажил дууссаны дараа Шин-жиан шин фа ХХК-ийн 51 хувийн хувьцааг саадгүйгээр шууд буцаан шилжүүлнэ” гэж заасан. Ингэж банкны шаардлага хангаад материалаа явуулах үед Сунгуан чен шоронд орчихсон. МУ-ын Төрийн банкнаас 20 тэрбум төгрөг гаргуулж авсан хэргээр. Ингээд 2017-2021 онд шоронд хоригдсон юм.
- "Төрийн банк"-наас 20 тэрбум төгрөг авсан хэргийн талаар та юу мэдэх вэ? Та оролцсон уу?
- Би холбогдох ч боломжгүй. Хувь эзэмшилгүй байсан. Сунгуан Ченийг шоронд орсны дараа би байнга эргэж, анхаарал тавьж байсан ба тэр надад итгэмжлэл хийж өгөөд би ажилд нь маш их санаа тавьж, тусалсан. Сунгуан чен надад “концессын гэрээтэй замын ажлаа нэг хүнд зарах гэж байгаа. Тэр хүн нь МУ-ын төрийн өндөр албан тушаалтай хүн. Өмнө гүйцэтгэсэн замын зардлыг тэр хүн төлөөд, ажлыг нь худалдаж авахаар болсон” гэж хэлж байсан. Тэр хүн нь Сунгуан Ченийг шоронд эргэж ирж, энэ талаар ярилцсан гэж хэлсэн. Бас “энэ асуудлаар тухайн УИХ-ын гишүүний хүмүүс нь чамтай очиж уулзана шүү” гэж хэлсэн. Удалгүй над дээр хоёр эмэгтэй ирж, “концессын гэрээтэй замын ажлыг худалдаж авах санал” хэлсэн. Яг үнэндээ тэр гишүүний компанид замын ажил худалдан авах мөнгө байхгүйг би мэдсэн. Өөрөөр хэлбэл, тэр компани нь “сумын төвд цайны газар ажиллуулах” хэмжээний л компани байсан. Ийм учраас би татгалзаж, тэр хүмүүсийг буцаасан. Гэтэл тэр гишүүний компанийн хүмүүс замын барилгын талбай дээр очиж, ажил авахаар бүтэн зургаан сар болсон.
- Тэр гишүүний нэрийг та хэлэхгүй юу?
- Би айж байна гэдгээ танд өмнө хэлсэн. Гэхдээ энэ гишүүн Сунгуан Чений ард одоо ч хамгаалсаар байгаа гэж боддог. Ингэж бодох шалтгаануудыг би танд хойно ярина. 2021 онд Сунгуан Чен шоронгоос гарч ирэхдээ маш их “эвдэрчихсэн” байсан. Тэр “концессын ажлаа Өвөрмонголын Эрдэнэдалай гэж хүний “Гантөмөр гүүр” ХХК-д зарах” тухай надад хэлсэн. Ажил шилжүүлэн өгөхийн тулд хяналтын зардал 1.5 тэрбум төгрөгийг “Шин-жиан шин фа” ХХК-д “Гантөмөр гүүр” ХХК төлсөн байх ёстой байлаа. Эрдэнэдалай “хяналтын зардал 1.5 тэрбум төгрөгийг төлчихлөө” гээд банкны шилжүүлгийн баримт авчирч өгсөн. Гэтэл мөнгө нь шилжиж ирэхгүй байсан учир шалгуултал тэр шилжүүлгийн хуулга нь хуурамч байсан. /Зургаар үзүүлэв/
Тэгээд ч “Гантөмөр гүүр” ХХК санхүүгийн асуудалд орчихсон, Эрдэнэдалай маш хүнд байдалд байсан үе.
- Тан руу халдсан хүмүүсийг захиалсан хүн нь Эрдэнэдалай байж болох уу?
- Өө би тэгж бодохгүй байна. Эрдэнэдалайд хүн хөлсөлж байх хэмжээний ч мөнгө байхгүй, Тэгэх ч шаардлага байхгүй.
- Тэгээд тан руу халдсан хүмүүсийн захиалагчийг та хэн гэж бодож байгаа вэ?
- Би өмнө хэлсэн. Сунгуан Чен шоронд Хосбаяр гэгчтэй найз болсон, шоронгоос гарч ирэхдээ маш их “эвдэрсэн” байсан гэж. Тэгэхээр над руу халдсан тэр дөрвөн хүнд захиалга өгөх ажлыг Сунгуан Чен хийсэн байх гэж би таамаглаж байгаа. Гэхдээ ийм ажил хийлгэхийн тулд Сунгуан Чений ард байгаа УИХ-ын гишүүн нөлөөлж, бас хамгаалж байгаа гэж би бодож байна.
- Танд хүч хэрэглэж, гарын үсгийг чинь авсан бичгээ тэд Засгийн газрын шууданд “Шадар сайд С.Амарсайханд” гэж хаяглаад оруулсан байсан. Энэ ямар учиртай юм бол?
- Тэрийг би мэдэхгүй.
- Тан руу хүмүүс халдсан асуудлын талаар Сунгуан Чен юу хэлсэн бэ?
- “Чи зохиогоод худлаа яриад байна. Би утсаар асуусан, тийм зүйл байхгүй гэсэн” гэж хэлсэн. Тэр хэн рүү утсаар асуугаад тийм итгэлтэй яриад байгааг би мэдэхгүй. Тиймээс түүний ард том албан тушаалтай хүн байгаа гэж би бодох болсон. “Наадах чинь жижиг асуудал, сарниад алга болно” л гэдэг.
- Та “Шин-жиан шин фа” ХХК-ийн 51 хувийг хувьцааг буцаан шилжүүлсэн үү?
- Над руу халдсан хэрэг гарснаас долоо хоногийн дараа Сунгуан Чен манай гэрт ирээд “хувьцаагаа шилжүүлж өг” гэсэн. Ийм асуудал үүсчихээд байхад би яаж шилжүүлэх юм бэ? Өмнө нь ганц ч удаа ийм асуудал ярьж байгаагүй хүн шүү дээ. “Шилжүүлээд өг” гээд өмнө хэлсэн бол би ямар ч асуудалгүй шилжүүлж өгөх байсан.
- Сунгуан Чен манай улсад ял эдэлсэн учраас хуулийн дагуу нутаг буцаагдсан байх, тийм үү?
- Үгүй, тэр одоо ч монголд бий. Уг нь танай улсын хуульд “Монгол Улсад оршин сууж байгаа гадаадын иргэн гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн бол албадан нутаг буцаах”-ыг заасан байдаг ч тэр байсаар л байгаа. Тэр байтугай, намайг залилангийн хэргээр цагдаад гомдол гаргахад нь би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар руу “Сунгуан чений ял эдэлж байсан, эсэх” лавлагааг авахаар өмчгөөлөгчөөрөө дамжуулан хүсэлт явуулахад “Сунгуан Чен огт эдэлж байгаагүй” гэсэн хариу ирсэн. Уг нь 2017-2021 онд дөрвөн жил ял эдлээд суллагдсан хүн шүү дээ. Тэгэхээр төрийн байгууллагууд ажлаа яаж хийдэг нь харагдаж байгаа биз, ийм л байна.
- Тэр үед ШШГЕГ-ын даргаар Д.Загджав ажиллаж байсан уу?
- Тийм.
- Таныг Сунгуан Чен залилангийн хэргээр цагдаад өгсөн гэдгийг тодруулж ярьж өгөөч?
- “Шин-жиан шин фа ХХК-ийн 51 хувийн хувьцааг залилж авсан” гэж Сунгуан Чен намайг цагдаад өгсөн. Цагдаа яг л түүний хэлснээр ажиллсан. Уг нь ямар учраас 51 хувийг манай компани шилжүүлж авсан гэрээ нь байна шүү дээ. Гэтэл үүнийг цагдаа нотлох баримт гэж үзээгүй. Би хэчнээн олон нотлох баримт үзүүлж, мэдүүлгээ өгсөн ч хэргийг Сунгуан Чений хэлсний дагуу явуулж, одоо намайг Прокуророос залилангийн хэргээр яллагдагчаар татчихаад байна даа. Үнэхээр харамсалтай.
- Танд халдаж, гарын үсэг зуруулсан гэх хэрэгт долоон хүнийг яллагдагчаар татаад байна. Удахгүй шүүх хурал нь болж, тэд ял эдлэх байх. Тэр явдлаас хойш тэд нарын хэн нэгэнтэй та уулзсан уу?
- Үгүй ээ. Би тэднийг танихгүй. Хэдийгээр тэд надад халдсан ч гэсэн би тэднийг өрөвдөж байна. Тэд ч бас хохирогч. Тэд хэн нэгнээс захиалга авч, ийм зүйл хийснийхээ төлөө ял эдлэх гэж байна шүү. Тэдэнд ял оноохыг би хүсэхгүй байна. Миний хүсэж байгаа зүйл бол ийм гэмт хэрэг үйлдүүлэхээр захиалга өгсөн “арын хүн”-ийг олж, хариуцлага тооцоосой л гэж бодож байна даа.
- Яллагдагчаар татагдаад байгаа долоон хүний гурав нь “захиалагч” хэмээн буруутгагдаж байгаа шүү дээ?
- Тэр боломжгүй зүйл. Тэдэнд ийм захиалга өгөх, концессын ажил авах ямар шаардлага, боломж байхгүй.
- Та тэгэхээр “арын хүн”-ийг олоосой гэж хүсээд байна. Гэсэн ч өөрөө тэр УИХ-ын гишүүний нэрийг хэлэхгүй байна шүү дээ. Тэгэхээр захиалагчийг олоход хэцүү.
- Би хэлэхээс айж байна. Би өмнө халдлагад өртсөн. Би тэр хүний нэрийг хэлбэл надад ямар эрсдэл учрахыг би мэдэхгүй. Тэр хүний талаар би биш, Сунгуан Чен ярих ёстой байх...
-
-
Сэтгэгдэл
Нэр