Утаат тамхи үйлдвэрлэгч, импортлогчдоос санхүүждэг нь нэгэнт тодорхой болсон нэр бүхий төрийн бус байгууллагууд электрон тамхийг хуулиар хориулахаар эрчимтэй лоббидож буй. Үүний зэрэгцээ нийгэмд хандан “Электрон тамхи аюултай, хортой” гэсэн суртал ухуулга зогсоо зайгүй хийсний дүнд зарим аймаг нутаг дэвсгэртээ электрон тамхи худалдахыг хориглох шийдвэр гаргаж эхэллээ.
Энэ нь хүний эрүүл мэндэд хор нөлөөтэй адилхан хоёр бүтээгдэхүүний нэгийг нь хориглож, нөгөөг нь чөлөөтэй үлдээж байгаа илэрхий ялгаварлал юм. Жишээ нь, Өмнөговь аймгийн Засаг дарга ирэх сарын 15-наас эхлэн аймгийн хэмжээнд электрон тамхи худалдахыг хориглох захирамж гаргахдаа тус төрлийн тамхинд никотин, карсиноген, бензол, кадми зэрэг хортой бодис агуулдаг тухай дурджээ. Гэтэл утаат янжуур түүнээс давсан хортой. Тэгтэл илүү хортойг нь хориглохгүй чөлөөтэй үлдээж байна гэдэг хачирхалтай. Чухамдаа аймгийн Засаг дарга нар ийм шийдвэр гаргаад байгаа нь яг ард иргэдийнхээ эрүүл мэндэд санаа тавьсандаа биш юм. Тэд зүгээр л янжуур импортлогчдын лоббид өртөж буй ээлжит бай болсон нь тэр.
Энгийнээр жишвэл, пиво архинаас хатуулаг багатайг хүн бүр мэддэг атал илүү хортой гээд пиво зарахыг хориглоод “зөвхөн архи л уу” гэж тулгаж байгаатай агаар нэг. Тиймээс яг адилхан импортлогч, татвар төлөгч, бизнес эрхлэгчдээ илэрхий ялгаварлаж, нэгийг нь хааж боож, нөгөөг нь өөгшүүлсэн энэ тэнэглэлээ одоо зогсоох хэрэгтэй. Энэ бол хэд хэдэн хууль зөрчиж, янжуур импортлогчдыг зах зээлд ноёлох боломж олгож буй явдал. Нөгөөтээгүүр, хувь хүний хэрэглээний сонголтыг ч хүндэтгэхгүй хязгаарлаж байна. Өрсөлдөөний тухай хуульд давамгай байдлаа хууль бусаар ашиглаж бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зэх зээлээс шахан гаргах зорилгоор бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ, үнэ зэргийг хязгаарлах, хэрэглэгчийг хясан боогдуулахыг хориглодог.
Гэтэл хүмүүс ямар төрлийн тамхи хэрэглэхийг, худалдаж авахыг, зарахыг Засаг дарга нар заана гэдэг юу гэсэн үг вэ?
Ер нь нарийн яривал аймгийн Засаг дарга нарын шийдвэр хууль бус байх ч магадлалтай байна. Та бүхэн гаргаж буй шийдвэр, үйлдлээ Өрсөлдөөний тухай хуулийн дараах зүйл заалтуудтай харьцуулаад нэг хараарай. Яах аргагүй “Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хуульд зааснаас бусад тохиолдолд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гээд дэлгэрүүлэн тайлбарласан байна.
“13.2.1. Аж ахуй эрхлэгчийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахыг хориглосон буюу хязгаарласан;
13.2.2. Аж ахуй эрхлэгчийн бараа бүтээгдэхүүнээ нэг зах зээлээс нөгөөд борлуулахыг хориглосон буюу хязгаарласан;
13.2.3. Тухайн зах зээлд өрсөлдөгч гарч ирэхийг хориглосон буюу хязгаарласан, эсхүл түүнийг зах зээлээс шахан гаргахад чиглэсэн;
13.2.4. Бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахад, эсхүл нэг хэмжээнд барихад чиглэсэн;
13.2.5. Зах зээлийг нутаг дэвсгэр, эсхүл үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээ, барааны нэр, төрөл, худалдагч, худалдан авагчийн хүрээгээр хуваарилахад чиглэсэн;
13.2.6. Аж ахуй эрхлэгчийн бараа бүтээгдэхүүнийг бусад байгууллага, аж ахуй эрхлэгчид зээлээр олгоход чиглэсэн;
13.2.7. Аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэжээ.
Хуулийн зүйл заалтууд ийм тодорхой учир аймгийн Засаг дарга нар хуулийн хүрээнд борлуулж байгаа бараа бүтээгдэхүүнийг шууд хориглож, хязгаарлаж, аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгож болохгүй гэсэн үг.
Хөгжингүй улсууд тамхины хэрэглээг зохицуулахдаа электрон болон утаат тамхи гэж ялгавартай ханддаггүй. Аль алийг нь тамхи гэж үзэх бөгөөд насанд хүрээгүй хүнд худалдахыг хориглох байдлаар зохицуулдаг. Манайд ч энэ жишгээр л зохицуулах шаардлагатай байгаа юм. Харамсалтай нь, утаат тамхиныхан зах зээлдээ дангаар ноёлохын тулд электрон тамхийг бүрмөсөн хориулахын төлөө л зүтгэдэг. Тэдний гар урт гэж жигтэйхэн. УИХ, яам, тамгын газруудад лобби бүлгүүдтэй болчихсон. Анх электрон тамхи оруулж ирж байх үеэс л ГЕГ-аар дамжуулан энэ төрлийн тамхийг хилээр нэвтрүүлэхгүй байх санал гаргаж байв. Сүүлдээ электрон тамхи нь утаат тамхинаас илүү хортой, хорт хавдар болон олон төрлийн өвчин үүсгэгч гэсэн шинжлэх ухаанч бус, бодит байдлаас зөрсөн мэдээллээр бөмбөгдөх болов. Хаа очиж орчин цагийн залуус мэдлэг мэдээлэл сайтай, вэйп гэж юу болохыг олон талын эх сурвалжаас уншаад судалчихдаг болсон учраас тэдний нөлөөлөлд шууд автчихгүй байна. Харин ухвар мөчид зарим гишүүн, хурган дарга нар л нэг их нийгмийн эрүүл мэнд ярьцгааж, хааж боох, харлуулж борлуулах ажилд нь идэвхтэй оролцож байна. Яваандаа энэ ялгавар үзэл улам даамжирч мэднэ. Ямар тамхи татахаа хувь хүн өөрөө сонгож шийддэг, янжуурыг ч, электроныг нь ч заруулбал заруулдаг, хоривол адилхан хорьдог тийм эрээн алаггүй эрх тэгш шийдвэр л гаргаж үзээрэй дээ, дарга нар аа.
Сэтгэгдэл
Нэр