2022 оны зургаадугаар сарын 22-ны өдөр Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургууль /АШУҮИС/-ийн Нүүр Ам Судлалын Сургууль /НАСС/-ийн багш, резидент эмч нарын бүрэлдэхүүнтэй баг “Эрүүл шүд- Эрүүл Монгол” төслөөр зургаан аймгийн 19 сумын иргэдэд шүд, амны хөндийн судалгаа хийхээр Улаанбаатар хотоос хөдөлжээ.
18 хоногийн хугацаатай энэ судалгаанд шүдний 36 эмч явсан боловч нэгнийхээ амийг учир битүүлгээр хохироож, тэд 35-уулаа буцаж ирсэн юм. Үүгээр зогсохгүй 2996 иргэнд халдарт өвчин тараасан байж болзошгүй ноцтой баримтуудыг бид дэлгэж байна.
Нэг. Нэг удаагийн багажуудыг давтан ашигласан, багажуудаа ариутгалгүй дараагийн хүнд хэрэглэсэн гэх
Амны хөндийн үзлэг, шүдний эмчилгээ, шүд авах ажилбарыг хийхдээ багажуудаа зориулалтын автоклавт ариутгахгүйгээр спирттэй хөвөнгөөр арчаад хэрэглэж байсны судалгааны багийн резидент эмч нар ярилаа. Түүнчлэн нэг удаагийн үзлэгийн багаж, хэрэгслийг зориулалтынх нь дагуу нэг удаа ашиглаад хаях биш, харин спиртээр арчаар олон удаа ашигласан гэв. Учир нь тухайн судалгааны багт багаж ариутгах автоклаб байгаагүй юм байна. Үзлэгийн явцад нэг л удаа буюу Булган аймгийн Хутаг-Өндөр суманд үзлэг хийхдээ тухайн аймгийн эмнэлгийн автоклабыг ашиглан багажуудаа нэг удаа ариутгасан гэдгийг судалгааны багийн эмч нар хэлсэн юм. Харин энэ талаар тухайн багийг ахалж явсан НАСС-ийн захирал Б.Батбаяр “бид багажаа хүйтэн ариутгалаар ариутггаж явсан. Ариутгал хариуцсан хоёр эмч байсан. Тэд багажаа тусдаа өрөөнд ариутгаж байсан. Автоклаб байгаагүй нь үнэн” гэлээ.
Шүд, амны хөндийн үзлэг, эмчилгээний үед халдвар хамгааллын ямар дэглэм барихыг ЭМС-ын 2019 оны 536, 537-р тушаалуудад тодорхой заажээ. Уг тушаалд зааснаас үзвэл “шүд, амны хөндийн үзлэг, эмчилгээний багажийг цэвэрлэж, халдваргүйжүүлсний дараа зориулалтын автоклабт ариутгаж, дараагийн хүнд хэрэглэнэ” гэж тодорхой заасан байна.
Энэ талаар “Монголын шүдний мэргэжилтнүүдийн холбоо”-ны Халдварын сэргийлэлт, хяналтын зөвлөлийн дарга, МУ-ын Зөвлөх эмч М.Энхтайван хэлэхдээ “багажийг зориулалтын дагуу ариутгахгүй бол элэгний В, С вирусээс гадна ДОХ, тэмбүү гэгчлэн цусаар дамжин халдварлах бүхий л өвчин халдварлах эрсдэлтэй” гэлээ.
Гэтэл судалгааны багийн эмч нар нэг удаагийн үзлэгийн багажийг олон дахин ашиглаж, шүд авах бахь, элеватор болон шүдний үзлэг эмчилгээнд ашигласан багажийг зориулалтын автоклавд ариутгалгүй, зөвхөн хүйтэн ариутгалаар ариутгасан болоод дараагийн хүнд үйлчлэх байдлаар нийт 2996 иргэнд үзлэг, эмчилгээ хийсэн байна.
Энэ 2996 иргэний хэд нь шүдээ үзүүлэх, эмчлүүлэх явцдаа халдварт өвчин авсанд өнөөдрийг болтол хэн ч анхаараагүй, шинжилгээнд хамруулаагүй байна. Шүдний үзлэг, эмчилгээг зөвхөн стандартын шаардлага хангасан эмнэлгийн орчинд хийх ёстой. Энэ талаар салбарын сайдын тушаалд ч нарийн заасныг тушаал боловсруулсан мэргэжилтнүүд хэлж байна. Гэтэл судалгааны багийнхан ихэвчлэн сумдын сургуулийн спорт зааланд үзлэг, эмчилгээгээ хийж явжээ. Спорт заалны тоос тортог, халдвар хамгааллын байдал нь шүд авах, эмчилгээ хийх орчин мөн үү гэдгийг үзэгч та нэг эргэцүүлээд үзээрэй.
Энэ талаар ХНХЯ-аас ч “эмнэлгийн үзлэг хийх ажлын байрны орчинд тухайн цаг хугацаанд шинжилгээ хийгдээгүй учраас эрүүл ахуйн стандартын шаардлага хангасан, эсэхийг хянах боломжгүй байна” гэсэн албан тайлбар өгчээ.
Харин тухайн судлагааны багийг ахалж явсан НАСС-ийн захирал Б.Батбаяр “эмнэлэгт үзлэг, эмчилгээ хийх боломжтой аймаг сумдад бол эмнэлэгт нь хийсэн. Харин эмнэлэг нь боломжгүй бол спорт зааланд үзлэг хийхээс өөр арга байгаагүй. Гэхддээ спорт заалыг цэвэрлэж, халдваргүйжүүлсний дараагаар үзлэгээ хийсэн” гэсэн тайлбар хэлсэн юм. Дээрх асуудлаар ЭМЯ-ны дэргэдэх “Эмнэлгийн мэргэжилтний ёсзүйн хороо”-ны албан тоотод “Цаашид төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарах олон асуудал байгааг ойлголоо. Судалгааны ажлыг АУ-ны ёсзүйн хяналтын хороогоор хэлэлцүүлж, зөвшөөрөл авч ажиллах шаардлагатайг хэрэгжүүлэгч нарт анхааруулаад байна” гэсэн тайлбар хэлсэн нь тухайн судалгааны багийнхны алдааг хүлээн зөвшөөрч байгаа нь харагдлаж байна. Харамсалтай нь, эмнэлгийн мэргэжилтнүүдийн Ёсзүйн хяналтын хороо эдгээр асуудлыг 1 эмч амиа алдаж, 2996 иргэн халдварт өвчин авах эрсдэл бүрдсэний дараа сая л анзаарч, олж харж байгаа нь эмгэнэлтэй.
Хоёр. “Үнэ төлбөргүй” гэсэн зар тараагаад, иргэдээс 10 мянган төгрөг хураажээ
“Эрүүл шүд-Эрүүл монгол судалгааны хөтөлбөр нь Эрүүл мэндийн сайд С.Энхболдын дэмжлэгээр явагдаж байгаа тул үнэ төлбөргүйгээр амны хөндийн үзлэг хийж, зөвлөгөө өгнө. Шүд авч, эмчилгээ хийнэ” гэсэн зарыг судлагааны багийнхан очсон аймаг, сум болгондоо, тэндхийн ЗДТГ эмнэлгийн албан ёсны цахим хаягуудаар тарааж байжээ.
Ийм учраас иргэд олноор цуглаж, урт дараалал үүсгэж, эмх замбараагүй байдал бий болгож байж. Уг асуудлыг судалгааны багийн ахлагч Б.Батбаяр “2021 онд энэ төслийг хэрэгжүүлэхэд ЭМЯ, яамны дэмжих сангаас бид санхүүжилт авч явж байсан. Тиймээс 2022 онд ч энэ дэмжлэгт хамрагдана гэж тооцоолоод мэдээллээ бэлтгэсэн байсан. Гэтэл яг хөдөө орон нутаг руу гарахын төмнөх өдөр ЭМЯ-наас дэмжих боломжгүй гэсэн хариу ирүүлсэн. Тиймээс тухайн зар, постер зэргээ өөрчилж амжаагүй. Ингээд сайд С.Энхболдын дэмжлэгээр, үнэ төлбөргүй гэсэн зараа тараахаас өөр аргагүйд хүрсэн. Бид санхүүжилтээ өөрсдөө гаргаж явсан. Хаанаас ч дэмжлэг аваагүй” гэсэн юм. Ийнхүү үзлэг, судалгаанд хамрагдахаар ирсэн иргэдийн тал хувь нь төлбөртэй учир “худлаа зар тараалаа” хэмээн бухимдан, буцаж үлдсэн 2996 иргэн төлбөрөө төлж эмчилгээ үйлчилгээ аваад, оронд нь ямар нэгэн халдварт өвчин авсан байж болзошгүй байдал бий болоод байна.
Гурав. Судалгаа анхнаасаа зөвшөөрөлгүй байжээ
Б.Батбаяр захирлаар ахлуулсан баг судалгааны ажлаа эхлүүлэхийн тулд уг нь ЭМ-ийн сайд, ЭМЯ-ны Анагаах ухааны ёсзүйн хяналтын хорооноос зөвшөөрөл авах ёстой байлаа. Гэвч таны харж байгаа энэ албан бичигт “Анагаах ухааны ёсзүйн хяналтын хорооны сүүлийн 3 жилийн хугацаанд хэлэлцсэн асуудлуудаас шүүлт хийж үзэхэд, АШУҮИС-ийн НАСС-иас уг судалгааны талаар хэлэлцээгүй. Өөрөөр хэлбэл, тус хорооноос зөвшөөрөл авч хэрэгжүүлж, гүйцэтгэж байгаа ийм нэртэй судалгаа байхгүй” гэсэн албан тайлбар өгчээ.
Ингэснээр Б.Батбаяр захирал судалгаанд явах зөвшөөрлийг яам, хорооноос авах байсан ч аваагүй, харин тэдний нэр барьж, “үнэ төлбөргүй” гэсэн зар тарааж иргэдийг хууран мэхэлж, иргэдээс төлбөр авч үзлэг, эмчилгээг стандартын бус орчинд, халдаржүүлээгүй багажаар хийчихсэн нөхцөл байдал бий болж байна. Иймд нэн тэргүүн, маш яаралтайгаар тухайн 2996 иргэнийг эрүүл мэндийн нарийвчилсан шинжилгээнд хамруулах шаардлагатай байна.
Судалгааны эмч нарын ярилцлага бүхий нэвтрүүлгийг үзэх:
Сэтгэгдэл
Нэр