Дөрвөн жилийн давтамжтай УИХ-ын сонгуулийг энэ удаад эрх зүйн шинэ орчинд явуулах бодит шаардлага байна гэж бүгд ярьцгаадаг. Товчхондоо, “тогтолцоогоо шинэчлэхгүй бол болохгүй нь ээ” гээд байгаа. Засгийн газар ч нийтийн энэ хүсэл шаардлагыг харгалзан Сонгуулийн тухай болон холбогдох бусад хуульд оруулах өөрчлөлтийн төслүүдийг УИХ-аар оруулж, хэлэлцэх үе шатууд гацаа багатай урагшилж байна. Эдгээрээс хамгийн чухал нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт /ҮХНӨ/. УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийн тулд ҮХНӨ зайлшгүй хийх.
Шинээр гаргаад буй “нийт 152 гишүүн” гэх хувилбар нь одоогийн 76-г шууд хоёроор үржчихсэн болохоос хэмжээний хувьд боломжийн тоо. Хүн амын тоо олон цөөнөөс үл хамааран хууль тогтоох шатанд 120-800 орчим хүн ажиллах нь зохистой гэх нь бий. Өөрөөр хэлбэл, хэт цөөн бол хуйвалдаан хулгай хийхэд хялбар болдог бол хэт олдоод ирвэл нэгдсэн шийдэлд хүрч чаддаггүй гэсэн үг. Тиймээс манайх энэ удаа яадаг ч байсан 76 гэх “үйл”-тэй тооноос ангижрахаас аргагүй болсон. Энэ нь ард түмний ч хүсэл, төр засгийн түвшинд ч нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн асуудал тул одоо эргэж буцаж шалчигнах хэрэггүй юм.
Саяхан зарим нь “76 хулгайчийг 152 болгохыг эсэргүүцэж байна” гээд эсэргүүцэл илэрхийлж байх. Энэ бол логикгүй хардлага шүү. 76-аас олонхын шийдвэр гаргах 50+1 хувь нь ердөө 39-хөн хүн. Нэг өрөөнд цуглаад хоол идэж, хор найруулах боломжтой тоо. 150-аас дээш бол энэ “боломж” хоёр дахин буурна.
Нөгөөтээгүүр улиг болсон хуучин кадрууд бус улс төрд “бохирдоогүй” шинэ залуу үеийн төлөөллүүд гарч ирэх боломж тэр хэрээр тэлэх юм. Хамгийн гол ач холбогдол нь энэ. Басхүү хулгайч нар аль болох цөөхүүлээ байхыг боддог. Олон болох тусам олсон зүйлээс хүртэх хувь буурна. Олих матах, урвах магадлал нэмэгдэнэ гэх мэтээр тэдэнд ямар ч ашиггүй. Тийм учраас “Хулгайчийн тоог нэмэх гэлээ” гэдэг нь утгагүй байгаа биз? Ер нь тэгээд 76 ч бай, 152 ч бай өөрсдөө сонгож гаргачхаад хулгай хийлгээд яаж ч чадахгүй хараад суугаад байвал гишүүдийн бус сонгогчид муугийнх бус уу.
Гишүүдийн тоог 100-аас давуулах нь зөвхөн өнөөдөр л ярьж эхлээд байгаа цоо шинэ сэдэв биш. Хаа байсан 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад гишүүдийн тоог 108 болгохоор оруулж ирсэн. Гэвч улс төрийн намууд нэгдсэн саналд хүрээгүй тул орхигдсон байдаг. Тэр ч утгаараа УИХ-ын дарга болон зарим гишүүн энэ удаагийн ҮХНӨ-ийг “Ойр ойрхон эцэг хуулиар оролдож байгаа хэрэг биш, 2019 оны орхигдсон заалтыг гүйцээх гэж байна” гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа. Хамгийн гол нь, сүмогийн 68 дахь их аваргатай болсныг бэлгэшээж алтны гэнэтийн ашгийн татварыг 68 хувиар тогтоосон гэдэг шиг онигоонд ороод байхааргүй шинжлэх ухаанчаар тооцож, гишүүдийнхээ тоог тогтох нь л чухал байна.
Одоо гишүүд тойрогтоо ажиллаад ҮХНӨ хийх үү, гишүүдийн тоог нэмэх нь зөв үү гээд асуугаад явж байгаа. Энэ бол шийдвэр гаргах түвшинд иргэдийн санал бодлыг бодитоор тусгаж буй хэлбэр. Чухам ийм чухал үед л “Тогтолцоогоо яаралтай өөрчилье. Гишүүдийнхээ тоог нэмэхийг 100 хувь дэмжиж байна” гээд өдий олон жил хүссэн хариултаа бат нот хэлдэг юм шүү. Хулгайч нэмэгдэх гэлээ гэсэн хуурмаг улс төрд автав! Дахиад л өнөө 76-гаа хий хоосон зүхэн дөрвөн жил туулахгүйн тулд өнөөдөр зоригтой өөрчлөлт хийх хэрэгтэй.
Сэтгэгдэл
Нэр