“Шилэн” ажиллагааны хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгуудад олгосон газрууд, тусгай сангуудаас зээл авагчдын мэдээлэл ил болж эхэлсэн. Цаашид төрөөс хулгай хийх боломжийг хаах буюу мэдээллийг улам ил тод болгож, хэвлэл мэдээлэл, олон нийтийн хараа хяналтад оруулах чиглэлээр ЦХХХЯ чамгүй идэвхтэй ажиллаж байна. Гэхдээ газрын хулгай, тэр дундаа нийслэл хотын газрыг баруун солгойгүй зарж, ашиг хонжоо, авлига мөнгөний хэрэгсэл болгосон, танил тал, ойр тойрныхондоо олгосон асуудал дээр Н.Учрал сайд илүү хүчин чармайлт гаргаж, уул овоо шиг хуралдсан асуудлыг ул суурьтайхан ухаж төнхөх шаардлагатай байна.
Яагаад гэвэл М.Энхболдын үе буюу 2000-аад оноос нийслэлийн газрыг наймааны хэрэгсэл болгож эхэлсэн гэж үздэг. Улмаар Ц.Батбаяр, Т.Билэгт, Г.Мөнхбаяр, Э.Бат-Үүл, Су.Батболд, Ж.Батбаясгалан, С.Амарсайхан, Д.Сумъяабазар гээд бүх л даргын үед газар тойрсон зовлон тасраагүй. Жирийн иргэд хуулиар олгогдсон эрхээ эдэлж 0.07 га газраа авч чадахгүй байхад гадаад дотоодын компани аж ахуйн нэгжүүд хэдэн арван га-гаар нь чөлөөтэй хашаалаад битүүлээд авчихдаг. Бас эрхтэн дархтан, эвэртэн туруутнууд хаана л мод зүлэг, өнгө үзэмж, цэвэр агаартай сайхан газар байна тэр бүгдийг уултай устай нь ам амаар нь хашаад авчихдагийг бид бэлхэн харсаар илхэн дассаар өдий хүрэв.
Статистик харвал улс болон нийслэлийн хэмжээнд хүн амын 80 гаруй хувь нь нэг удаа үнэгүй газар өмчилж авах эрхээ эдэлж чадаагүй байгаа. Хууль нь батлагдаад бүхэл бүтэн 20 жилийн нүүр үзэж байхад ийм цөөн хүн амаа ганц удаа үл хөдлөх хөрөнгөтэй болгох ийм чухал ач холбогдолтой ажлын ийм хангалтгүй хийнэ гэдэг юу гэсэн үг вэ? Төрд ажиллаж буй хүмүүс сэтгэлгүйн дээр хулгайлах завших дон, хүсэл тачаал асар ихтэйн л илрэл.
Хаа очиж 14 жил тасралтгүй “улайсан” хотыг арайхийж ганц удаа “цэнхэртүүлээд” дөрөвхөн жил удирдсан Э.Бат-Үүл л хамгийн олон иргэнд газар олгосон баримт байна. Үүнийг улс төржихгүйгээр Ulaanbaatar.mn дээр байгаа захирамжуудаас хялбархан харж болно. Харин иргэдэд гэр бүлийн хэрэгцээнд нэг удаа 0.07 га газар олгохоос бусад зориулалтаар хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд энэ дарга нар хэнд хэдий хэмжээний газар хэзээ хэрхэн олгосон, тэр нь хуульд нийцэж буй эсэхийг одоогоор олон нийт мэдэх боломжгүй байна. Зарим нь бүр илэрхий болчихсон хууль бус үйлдлээ ч улайм цайм нууж бултуулж хөгөө чирээд байгаа шүү дээ. Тийм учраас л “шилэн” ажиллагааг эрчимжүүлж, сэжиг ажигтай шийдвэр захирамжуудыг нь нэг бүрчлэн дэлгэхийг шаардаад байгаа юм.
Энэ Засгийн газар нэгэнт л Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлж, авлига хулгайтай тууштай тэмцэж, улс гэрээ цэвэрлэх хүсэл эрмэлзэлтэй нь үнэн бол улсынхаа нийслэлийг урж тастан зарж, учир замбараагүй төлөвлөлт, утаа түгжрэл, уруудал доройтлын тартагт тулгасан “Газрын хулгай”-тай гар хумхилгүй тэмцэх ёстой. Хотын дарга нарын олгосон газрын бүх мэдээлэл ил болсноор түүнийг дагасан асар их ашиг сонирхлын зөрчил, авлига мөнгө, асуудал зөрчил ил гарна. Хэн нь хэн бэ гэдэг олонд ойлгомжтой болсон цагт цэвэрлэгээ хийх, цэгцэлж хямгадах, цээрлэл /хариуцлага/ ярихад ч амар болно. Хотод шинэчлэл хийх, шийдвэрлэх ажлуудад ч дэм болох нь гарцаагүй.
Харин хотын газрын том асуудлаас холуур дөлж, хойгуур урдуур нь зөрөөд байвал Н.Учрал сайдын нэр хүнд унах төдий бус “Шилэн” ажиллагааны шинэлэг тал бүдгэрч ач холбогдол нь алдраад зогсохгүй цаашлаад Засгийн чамбай бодлого ч сулбайх талтай.
“Дайн гэдэг хүсэх юм биш ч тулаад ирвэл буцмаар зүйл биш” гэж Л.Дандар баатрын хэлсэнчлэн бэхэжсэн эрх мэдэл, бөхөжсөн сүлжээ бүхий бугшсан авлига, хулгайтай тэмцэнэ гэдэг бас л нэг төрлийн дайн. Мөн тулаад ирсэн хүнд даваа учир туулаад давахаас өөр гарцгүй. “Намын ах нар” гэж барьц алдах юм бол нам тавиулаад л хоцорно. Тиймээс залуу сайд нарынхаа эрч хүч, ид хав, эрдэм чадлыг гаргаж өөрсдийн цаг үедээ тод мөр үлдээж, том үйлс бүтээ, Л.Оюун-Эрдэнийн танхимынхаан. Энэ бүхэн эцэстээ улс оронд тустай байхын зэрэгцээ улс төрд ч багагүй соёл, баггүй гоёл болж үлдэнэ шүү.
Сэтгэгдэл
Нэр