“УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх” гэдэг ерөнхий асуудал аль эрт шийдэгдчихсэн яриа. Үүнийг өрнөж буй үйл явдлын дараалал хангалттай баталж байгаа. Жишээ нь, УИХ-ын дарга Г.Занданшатар эхлээд “Энэ бол Үндсэн хуульд ойр ойрхон гар дүрж буй хэрэг биш. 2019 онд тодорхой болчхоод байсан ч улс төржилтөөс болоод сугарч үлдсэн асуудлыг гүйцээх гэж байгаа юм” гэсэн агуулгыг онцолж байсан бол гишүүн бүр сая тойрогтоо ажиллаад ирсний ар дээр “Иргэд 152 гэсэн тоог эсэргүүцэж байгаа ч 76-гаас олон гишүүнтэй байхыг дийлэнх олонх нь дэмжиж байна” гэж нарийвчиллаа.Энэ нь “Олон нийт хүссэн ч, эс хүссэн ч гишүүдийн тоог нэмэх нь гарцаагүй” л гэсэн үг. Яагаад гэвэл яг энэ агуулгаар олон нийтийн дунд албан ёсны санал асуулга явуулаагүй. Тэгэхээр олноороо хүссэн үү, огт дэмжээгүй юу, цөөн хэсэг нь л ойлгоод байгаа юу, цөм эсэргүүцсэн үү гэдгийг тодруулах боломжгүй.
Гишүүдийг тойрогтоо ажиллах үеэр иргэд барьж идэхээ шахсан. Мөн “76 хулгайчаа яая гэж байхад юун 152” гэж цамнах хүн олон байлаа. Ингэхийг эрх баригчид хийгээд улс төрчид бүгд мэдэхийн дээдээр мэдэж байсан. Тийм ч учраас эхлээд таазны тоогоо шидэж, тоглож байгаа нь тэр. Манайхан тэртэй тэргүй ямар ч асуудлаар үсрээд хоёр хоног л шаагилдаад мартдаг тул энэ хооронд нь дараагийн хувилбарууд буюу жинхэнэ хүссэн тоогоо оруулаад ирнэ. Тэмээ хариулсан хүн буурынхаа занг анддаггүй хойно тэд иргэд сонгогчдын уур амьсгал дээр яаж тоглохоо мэдэлгүй л яах вэ. “Иргэд 152-ыг эсэргүүцэж байна. Тиймээс өөр буюу цөөн тоо сонголоо. Иргэдээ сонслоо, ойлголоо” гээд л болох нь тэр.
Хамгийн сүүлийн мэдээллээр эрх баригч намын бүлэг 126 дээр тогтож байгаа аж. Энэ нь залхаад байсан 76-гаас нь 50-аар олон, замбараагүй их гэж үзсэн 152-оос нь 26-хнаар л цөөн тоо. Задалж харвал 76 тойргоос 76 хүн гардгаараа гарч, дахиад 50 хүн намын жагсаалтаар сонгогдох боломжтой болно. Парламентад суудалтай нөгөө хоёр намын хувьд ч гишүүдийн тоог аль болох олон болгохыг хүсэж байгаа. ХҮН нам хүнээ нэмэх алтан боломж тул Т.Доржханд “Дор хаяж 120 шүү” гэж амаа хаттал ярьж буй. АН ч ялгаагүй аялдан дагана уу гэхээс адарч зөрүүдлээд гөжвөл ашиг тусгүй гэдгээ ойлгож байгаа.
Ингээд сүүлдээ хонь бүрэн, чоно цатгалангийн үлгэрээр гишүүд олширч,иргэд сонголттой үлдэнэ. Муу ч юм биш. Холимог тогтолцоонд хожоотой тал олон бий. Утга учиргүй жадлан эсэргүүцэх бус улс төржих “бай”-гаа угтаж онох л чухал юм. Тодруулбал, намын жагсаалтад хулгай зэлгийд холбогдсон, хууль завхруулсан, хууран мэхлэлтээр гаршсан хулгаруудыг багтааж шингээхгүйн төлөө тэмцэх ёстой. Шинэ хуучин, сайн муу, нэртэй нэргүй нөхдийнхөө хэн хэнийг нь жагсаалтаар ивээх, жалгын тойрог руу цөлөх нь тухайн намын хэрэг боловч сонгогчид өөрсдөө сонгуулиас өмнө энэ хуваарилалт дээр идэвхтэй улс төржиж, илэрхий завхрал гарвал эсэргүүцсэн шиг эсэргүүцэж чадвал замаа алдсан улс төрд жаахан ч гэсэн гэгээ орж болох юм.
МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тухайд “Намын жагсаалтын сонголтод үнэмлэхүй эргэлт гаргана” гэж дуугарсан. Тэгэхээр асуудалтай хийгээд мөнгө нөлөөтэй ах нар тойрог дээр халзагнаж, будаг нь ханхалсан залуус жагсаалтаа дүүргэх нь гэсэн хүлээлт байна. Тойрог руу явагсдыг ямаршуу нөхцөл байдал угтахыг сая ҮХНӨ ярьж очихдоо урьд урьдынхаа илүү мэдэрсэн “томчууд”-ын толгой тоймгүй янгинаж байгаа нь тодорхой. Эцсийн дүндээ энэ чинь сайны дохио буюу цэвэршилтийн шинж тэмдэг мөнөөсөө мөн. Сайн муу аль ч талаараа зузаан түүхтэй МАН-д шинэчлэл хийх гэж зөв харж инээн буруу харж уйлан дотор зуураа үйлээ үзэж байснаас тогтолцооны эргэлт гарч буй сонгуулийн энэ торгон агшныг цэвэрлэх ажиллагаанд ашиглана гэдэг бас л гоё арга. Энэ талаас нь харвал одоо ҮХНӨ-ийн дараагийн шатны хэлэлцүүлгүүд дээр өрнөх “126” гэх хувилбарыг олон нийт ч дэмжих нь зүй.
Сэдвийн хажуугаар сэвэлзээд байгаа 99, 108 зэрэг тоонууд бол Фортуна Н.Батбаярын ярьдаг “888 төсөл” гэдэг шиг бэлгэдлийн чанартай болохоос яг төлөөлөх чадварыг нэмэх, системийн чанартай өөрчлөлт болж чадах хэмжээ биш. Одоо байгаа 76 тойргоо хөдөлгөхгүй гэж үзвэл жагсаалт нэрээр 23-32 хүн орж ирээд дорвитой өөрчлөлт гарахгүй. Хэрэв тойрог, жагсаалтын харьцааг 60:40 гэж үзвэл 76 тойргийн тоо 60-65 болж буураад мандатын маргаан мандана. Юун нөгөө төлөөлөл нэмэх байтугай эсрэгээрээ болоод явчих сөрөг талууд бий. Харин 126 бол ядаж 76 мандатаа оролдохгүй хэр нь намын жагсаалтаар хангалттай тооны хүмүүс орж ирэх, 60:40 гэсэн зохистой харьцааг барих тун боломжийн тоо.
Ер нь тэгээд одоо нийгэм, улс төрийн зарим бүлэг эсэргүүцсэн эсэргүүцээгүй энэ хувилбар эцэслэгдэх нь тодорхой биз ээ.
Сэтгэгдэл
Нэр