Нам нэрээр хам болцгоож сэм хуйвалдан цөм хулгайлж гэм үйлдсэн хэргүүд ар араасаа ил болж байгаа нь сайшаалтай ч ард олны хүлээж авч буй байдал хийгээд “ажиллагаа” зохион байгуулж байгаа төр засгийн арга барилын аль аль нь арай буруу тийш явчихлаа. Дэлгэрүүлбэл, дэндүү олон хулгайн баримтыг ойр ойрхон дэлгэж, дэлбэрэх шахсан олны дунд бөөн бүхлээр нь шидсэнээс болж хулгайтай тэмцэх буюу нийтийн өмчийг авран хамгаалах үндсэн зорилго дарагдлаа гэсэн үг.
Ойрын тоймтой хэдэн жишээг дурдвал, Хөгжлийн банкны тухай сонсоод ЖДҮ-г, нүүрсний хулгайг дуулаад Хөгжлийн банкаа, газрын хулгайг мэдээд нүүрсээ, боловсролын зээлийг үзээд газрын хулгайгаа таг мартаж, таглаж орхиж байна. Яг салан баавгайн үлгэр шиг. Манай нийгмийн масс ингэж нэг асуудлыг тууштай мухарлахгүйгээр дараагийн шинэ зүйл рүү хошуурдаг хөнгөн хөвсөргөн хандлагатай учраас өнөө мафижсан хулгайч нар нь бүр амташчихсан “Чимээгүй байгаасай” гэх бус харин ч эсрэгээрээ “Бушуухан дахин том дуулиан дэгдээсэй, өөр хулгай илрээсэй” гэж хүсээд сууж байна. Зүгээр ч суухгүй, өөрсдөөс нь жаахан холдсон сэдвийн цучил гараад ирвэл түүнийг сайн үлээж өрдөж, дээр нь тос асгаж өгнө. Энэ нь бүр боломж болчихсон.
Сая “Газрын хулгайнхан” маш азтай байлаа. Дөнгөж долоохон хоногийн өмнө ил болсон шүү дээ. Ингээд баримтуудыг шинжлэн судалж, зөрчил асуудал нь хаана байгааг ухаж төнхөж эхлэхтэй зэрэгцэн БЗС-ийн асуудал гарч ирж тэднийг аврав. Гэхдээ 100 хувь аврагдсан хэрэг биш л дээ. Мэдээж хөглөрсөн их баримт нь байж байгаа тул эргэж сөхөж ярих нь дамжиггүй. Гэхдээ л ямааны мах халуун дээрээ гэх зарчим алдагдаж буй нь харамсалтай. Жишээ нь, Хөгжлийн банкны хэрэг хэтэрхий олон оролцогчтой нүсэр хэрэг учраас тэр хэрээрээ сунжирч одоо олны анхаарал төдий л төвлөрөхөө больж байна. Нийтийн анхаарал жаахан сулрахад л нөгөө тийш нь эргүүлчихдэг. Нүх сүв олоод мөлхчихдөг шүү дээ. Та бүхэн анзаарч байгаа бол өдгөө “Өөр олон сан бий. Тэднийг бушуухан дэлгээд өг” гэсэн цахим шаардлага маш их байгаа биз? Энэ хатгаасыг зориуд дэвэргэгчид нь БЗС-г тоногчид л байгаа.
Нэгэнтээ нийгэмд ийм буруу жишиг хандлага тогтчихсон тул засаг төр жаахан өөр арга барилд шилжих шаардлагатай байна. “Олон нийттэйгээ хамт...” гэж хамгийн их ярьдаг Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд одоо оновчтойхон шийдэл ол! Томоохон хэргийг тоймлож цэгцэлж байж дараагийн “бөмбөг”-өө тэсэл. Мэдээж өдий төдий хамаарагчтай өргөн цар хүрээтэй хэргүүдийг тийм амархан тэглэнэ цэглэнэ гэж байхгүй нь ойлгомжтой. Учрыг нь олж, хужрыг нь тунгаахад чамгүй цаг хугацаа орно. Гэлээ ч өмнөх дуулиан бүрэн задарч бүч нь тайлагдаагүй байхад дараагийнхыг давхардуулаад хэрэггүй. Ядаж ямар шат дараатай арга хэмжээ авч буйгаа, яг яаж шийдэхээ тод томруун тайлбарлачхаад, байр сууриа бат нот хэлчхээд дараагийн бэлгээ задлах хэрэгтэй.Тэгэхгүй бол “Олон туулай хөөсөн нохой оргүй хоосон хоцордог” гэх савангийн дуурьт олноороо тоглосоор залхлаа. Нөгөөтээгүүр, тухайн дэлгэж буй мэдээлэл тэр чигээрээ хулгайн баримт юм уу, аль хэсэг нь зээл юм, хэд нь тэтгэлэг юм, зээл авсан бүхэн буруутай юм уу, төлөөгүй завшаад байгаа нь яг хэн хэн юм гэх мэт жаахан зааг замбараатай мэдээлэл тайлбар хийх хэрэгтэй. Ингээгүйгээс шалтгаалан хөөрсөн түмэн хөөсөрсөн мэдээлэл дунд дураараа тонгочиж, “Даргын хүүхэд л бол ардын дайсан, баян тарган л бол бидний өстөн” гэх мэт нийгмийн талцал хагарал, тэмцэл хуваагдлыг улам дэвэргэх боллоо. Яг ийм байдлаар цааш яваад байвал дотоодын эв нэгдэл, нийгмийн харилцаанд ихээхэн цөвтэй. Тийм ч учраас нийтийн өмчийг шамшигдуулсан гэх томоохон хэрэг бүрийг нийтэд задлахаас эхлээд шалгаж магадлах, шийдэж цэглэх хүртэл тун болгоомжтой хандаач ээ гэж хүсээд байгаа юм. Нэг талаар манай түүхэнд байгаагүй шил шилээ дарсан энэ их хулгай луйврын дуулиан эрх баригч, сөрөг хүчний хэн хэнийх нь улс төр хийх гол “бариул” мөн л дөө. Тэглээ гээд тунг нь хэтрүүлж болохгүй. Ардын сэтгэл зүйг зөвхөн хоосон дуулиан, хорсол үзэн ядалтын галаар бус хойш тавьдаггүй шуурхай чанар, хоёрдмол утгагүй тодорхой байдлаар залж чиглүүлж бас болно.
Овоорсон их баримт байгаа гээд онги цонго цацлаад хэрэггүй. Сүрэгт орсон чоно шиг таарсан бүхнээ сэглээд байж болохгүй. Нэгийг нь нам унагаж эд бад хийчхээд нэхэж цааш явахгүй бол хожигч, хохирогч, холбогдогч нь тодорхойгүй зэрэглээ болж дууслаа. Угаас улсаа тоногчдод хариуцлага тооцож, учруулсан хохирлыг нь барагдуулж, эрх мэдлийг нь хязгаарлаж, эдлэх ялыг нь өгч чадахгүй л юм бол түмэн хулгай дэлгэж, буман хараал урсгахын хэрэг юу сан билээ дээ.
Сэтгэгдэл
Нэр