Өнөр бүл хүүхдийн төвд зургаа дахь жилдээ амьдарч байгаа Батгэрэлийн Энхзолбоот 16 настай. Б.Энхзолбоотын аав 2017 онд автын ослоор бурхан болж, энэ үеэс ээж Жамаагийн Батгэрэл нь архинд орж, гэр орондоо ч ирэх нь цөөрчээ.
Тиймээс 10-тай хүү ээжийнхээ төрсөн эгчийнд хэсэг амьдарсан. Энэ үедээ ээжийгээ хайж гадуур явах, тэгж явахдаа тэнэмэл хүүхдүүдтэй нийлэх байдлаар замаа алдаж эхэлсэн учраас хүүхэд хамгаалах байгууллагын шийдвэрээр Б.Энхболзоотыг Өнөр бүл төвд авчирсан. Тэрбээр өдгөө ерөнхий боловсролын 55-р сургуулийн 8-р ангид сурдаг.
Б.Энхзолбоот багаасаа хоол тэжээлийн дутагдалтай байсан, бага насандаа автомашины осолд орсон зэрэг шалтгаанаар үеийнхнээсээ намхан нуруутай, жижигхэн биетэй, бас жаахан мартамхай болсон гэдгээ бидэнд хэлсэн. Гэхдээ энэ нь ичих зүйл биш гэж тэр үздэг. Учир нь түүнд заавал биелүүлэхийг хүссэн мөрөөдөл бий. Тийм ч учраас хүү царайгаа ил гаргаж, үнэн учраа ярьж, олон нийтээс тусламж хүсэж байгаа юм.
Түүний мөрөөдөл бол ээжийгээ олж уулзах.
Ээжтэйгээ уулзалгүй зургаан жил болсон ч хүү ээжийгээ байнга санаж, царай нь нүдэнд нь харагдаж, нэг л өдөр хүрээд л ирнэ гэж итгэж, хүлээдэг. Элэг бүтэн амьдардаг байх тэр үед ээж нь Дэнжийн мянгын зах дээр шуудай зарж, хүүгээ сургуульд нь зөөж, амттай зүйл авч өгдөг байсан сайхан дурсамжууд түүнд олон бий. Хүү том болж, ухаан суухын хэрээр ээжийгээ архи ууж яваад амиа алдсан юм болов уу ч гэж заримдаа бодож, шаналдаг гэлээ.
Хүү ээждээ захидал бичээд хадгалдаг. Түүний нэг захидлыг үзвэл "Сайн байна уу, ээжээ. Би таныгаа маш их санаж байна. Тандаа маш их хайртай. Таныгаа олохоороо хамгийн ихээр хайрлаж амьдарна аа. Хурдан ирж, хүүтэйгээ уулзаарай, ээж ээ. Зовохгүй, ядрахгүй байгаарай ээжээ" гээд Б.Энхзолбоот өөрийгөө жаахан хүүхэд мэтээр ээждээ наалдан эрхэлж байгаагаар төсөөлөн зуржээ.
“Өнөр бүл” хүүхдийн төвийн Нийгмийн ажилтан Ц.Сэргэлэн хэлэхдээ "Хүүгийн аав ослоор нас барж, ээж нь сураггүй болсноор хүү манай төвд ирсэн. Байнга л ээжтэйгээ уулзах хүсэлтэйгээ хэлж, биднээр дамжуулж, цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулж байсан. Бид гадуур яваад хүн хайх боломж, чиг үүрэг байдаггүй учраас хайж чаддаггүй. Хүүгийн ээжтэйгээ хамт байсан дурсамжууд их нандин учраас л ээжтэйгээ байнга уулзах талаар ярьдаг юм" гэсэн юм.
Зургийн тайлбар: Жамаагийн Батгэрэлийн хамгийн сүүлд буюу 2017 онд авахуулсан гэрэл зураг. Тэрбээр намхан нуруутай, шар царайтай, өтгөн хар хөмсөгтэй.
Өнгөрсөн хугацаанд Б.Энхзолбоот болон “Өнөр бүл” хүүхдийн төвийнхөн ЦЕГ-т хандаж, эрэн сурвалжлуулж байсан ч үр дүн хараахан гараагүй. Гэхдээ цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах ажил өдийг хүртэл үргэлжилсээр л байгаа. Нас барагсдын бүртгэлд Ж.Батгэрэлийн мэдээлэл байхгүй тул түүнийг амьд мэнд яваад бид итгэлтэйгээр хайж байна. Тиймээс эрлийг илүү эрчимтэй байлгахын тулд, өнчрөн үлдсэн хүүг ээжтэй нь уулзуулахын төлөө олон нийт, та бүхнээс дэмжлэг хүсэж байна. Та бүхэн Б.Энхзолбоотын ээж Жамаагийн Батгэрэлийг хаа нэгтээ харсан, мэддэг бол манай редакцийн 7017-6677 дугаарт болон цагдаагийн 102 дугаар мэдэгдэж бидэнд тус болно уу.
Сурвалжлагыг үзэх:
Сэтгэгдэл
Нэр