Яг түүн шиг шоу анх гарсан цагаасаа үзэгчдийн хайр хүндлэл, шүүмжийг хамтад нь хүртээд явж буй. Бидний сэтгэлд хоногшсон олны танил хүмүүсийн дүрийг тайзнаа амилуулдаг билээ. Тэгвэл тэдний хамгийн гол ажил буюу нүүр хувиргалтыг хийдэг, тухайн багийг ахалж явдаг Кино дэлгэцийн тусгай эффектийн нүүр хувиргалтын артист Г.Хос-Эрдэнэтэй ярилцлаа.
Миний үндсэн мэргэжил бол кино дэлгэцийн тусгай эффектийн нүүр хувиргалтын артист. Мөн Сити их сургуулийн Мэргэжлийн нүүр хувиргалтын багш хийдэг. Ер нь бол make up гэхээр хүмүүс жирийн өдөр тутмын, гоёлын буюу эмэгтэй хүний будалтаар л төсөөлдөг.
Гэтэл make up гэдэг нь өөрөө нүүр хувиргалт буюу кино дэлгэц, театр – тайз дэлгэцийн бүх л нүүр хувиргалтыг хийдэг энэ салбарын салшгүй нэг хэсэг нь юм.
Миний хувьд кино салбараар дагнаж ажилладаг. Тусгай эффектийн буюу хүнийг үндсээр нь хувиргадгаараа илүү онцлогтой. Цаашдаа нүүр хувиргалт хөгжиж байж кино урлаг, уран бүтээлүүд хүчтэй, үнэмшилтэй харагдана.
Хийсэн дүр хувиргалт бүр минь сэтгэлд хүрсэн. Заавал дүр онцол гэвэл “Халуун зүрх” киноны А.Ганчимэгийн дүр дээр маск ашиглаж илүү туранхай, хөлгүй болгож өөрчилсөн. Мөн “Атганд үлдсэн эрдэнэ” кинонд жүжигчин А.Ганчимэгийг эрэгтэй хүн болгож амжилттай өөрчилснөө онцолъё.
“Яг түүн шиг” шоунд 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл 5 дугаар дээр ахалж ажилласан. Энэ шоу маань монголчуудад нүүр хувиргалтыг шинэ түвшинд ойлгуулсан гэж боддог. Шоуны ард дандаа миний шавь нар ажилласань одоо ч ажиллаж байна.
Нэг улирлын туршид 80 дүр хувиргалт хийдэг. Ийм болохоор бүх нүүр хувиргалт эх дүртэйгээ 100 хувь адилхан болох боломжгүй. Адилхан болсон хүмүүс ч бий, эсвэл эх дүртэйгээ төстэй болсон, эсвэл бүр өөр болдог хүмүүс ч бий. Бүх хүн дээр маск ашиглах боломжгүй, энгийн будалтаар хувиргалт хийх нь бүр хэцүү. Ази хүнийг Европ болгох амархан зүйл биш. Яг түүн шиг болгох гээд хүний нүүр амнаас хасна гэж байхгүй зөвхөн нэмж хувиргадаг.
Үүнийг хүмүүс ойлгохгүй биднийг хэт их шүүмжлээд байдаг. Бүх хүнийг 100 хувь адилхан болгох хэцүү шүү дээ.
Нүүр хувиргалт бүр график төлөвлөгөөний дагуу явагддаг. Нэг дугаар дээр ойролцоогоор 3-4 хүнд маск ашиглаж будалт хийдэг. Нэг ийм будалт ойролцоогоор 2 цаг болдог бол маскгүй будалтад 1 цагаас 1 цаг 30 минут зарцуулагддаг. Ер нь бол хугацаа хамаарахгүй дээ. Будалтаа хийсний дараа нэвтрүүлгийн найруулагч, арын албаныхан бүх оролцогчоо эхнээс нь шалгаж нэмэх зүйл байвал нэмээд оруулдаг.
Бүх л нүүр хувиргалтаа сайн, муу гэж ялгаж харалгүй хичээж хийдэг. Мэдээж шоуны эхний улиралд туршлагагүй байсан алдаа оноо бий. Тэрийгээ хүлээн зөвшөөрнө, сайжирсаар л явна. Манайхан Орос, Монгол нүүр хувиргагчид харьцуулж шүүдэг. Гэтэл бид нүүр хувиргалтын ажлаа 50/50 хувийн гүйцэтгэлтэйгээр тэнцүүхэн ажилладаг.
Зарим нүүр хувиргалт маск нь ямар байхаасаа хамаараад өөр болчих үе ч бий. Үзэгчид үүнийг ойлгохгүй сайн нүүр хувиргалт хийсэн бол Оросууд хийсэн, муу байвал Монголчуудын хийсэн нүүр хувиргалт гэж ярьдаг нь утгагүй харьцуулалт.
Та бүхэнд ч бас баярлалаа.
Сэтгэгдэл
Нэр