Х.Баттулга Ц.Оюунгэрэлээс "айж байна"

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
3 долоо хоног өмнө

УИХ-ын 2020 оны сонгуульд ялагдал хүлээсэн хариуцлагаа үүрч, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ намын тамга, тэмдгээ намынхаа Дэд дарга Ц.Туваанд хүлээлгэн өгснөөр улс төрийн хоёрдогч том хүчин АН "задраад" байна. Тодруулбал, "намын дараагийн даргыг сонгох ажлыг АН-ын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан тодорхойгүй шалтгаанаар хойшлуулсан" гэдгийг Үндэсний бодлогын хорооны гишүүн Ц.Оюунгэрэл нийгмийн сүлжээгээр дамжуулан мэдээлсэн.

Ийнхүү намын даргаа сонгох сонгуулийг "хойш тавьж", намын 10-р их хурлыг яаран сандран зохион байгуулж, намын Үндсэн дүрэмдээ өөрчлөлт оруулсан. Намын дүрэмд оруулсан өөрчлөлтөд байх нэгэн заалт нь олны анхаарал татсан. Тодруулбал,  

"АН-аас МУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшин ажиллаж байгаа иргэн дахин нэр дэвших хүсэлт гаргасан бол Үндэсний бодлогын хороо, Их хурлаар өрсөлдөгчгүй нэр дэвшүүлнэ" гэсэн заалторуулсан нь Ерөнхийлөгч Х.Баттулгад зориулсан мэт байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болоод АН-ын гишүүд, дэмжигчид хэлж байна.

Харин Дотоод сонгуулийн хорооноос нь "Энэ заалтыг 10-р их хурал дээр хэлэлцээгүй, харин Дээд шүүх рүү хүргэх хугацаанд тухайн заалт нэмэгдсэн. Энэ ажлыг УИХ-ын гишүүн Ц.Туваан, А.Адъяасүрэн, Б.Пүрэвдорж нарын АН-ын лидерүүд оруулж Улсын дээд шүүхэд хүргүүлсэн" хэмээн мэдэгдэв. Өөрөөр хэлбэл, намын даргын тамгыг атгаж буй Ц.Туваанаар дамжуулан Х.Баттулга өөртөө зориулан заалт зохиолгож, нэмүүлэхээр санаархсан байж болзошгүй. Гэхдээ энэ оролдлого бүтэлгүйтсэн нь УДШ АН-ын Үндсэн дүрмийн өөрчлөлтийг хүлээн авч бүртгээгүй. 

АН доторх маргааны яг энэ эхлэл үед олны анхаарлыг татан гарч ирсэн хүн бол Ц.Оюунгэрэл. Тэрбээр удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр АН дотроо өрсөлдөнө гэдгээ мэдэгдэв. Энэ мэдэгдлийн дараа нийгмийн сүлжээнд Ц.Оюунгэрэл рүү дайрсан дайралт хүчтэй явсан нь Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс өгч байгаа цохилт гэж "уншигдана" Гэхдээ эсрэгээрээ тухайн цохилт Ц.Оюунгэрэлд эерэг пи ар болж очлоо. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Х.Баттулга сонгуульд хүчтэй өрсөлдөгч байх Ц.Оюунгэрэлээс "айж" байна. 

АН доторх хагарал цааш хэрхэн үргэлжлэх вэ гэдэг асуултад хариулт хэрэгтэй. Одоогийн нөхцөл байдлаас харахад намын дарга асан С.Эрдэнийн нөлөө АН дотор оршсоор л байна. Тийм ч учраас Ц.Туваанд байгаа АН-ын тамга тэмдгийг УБЕГ-аар хүчингүй болгуулж, "Ц.Туваан бол хэн ч биш" гэдэг мессэжийг нийгэмд өглөө. 

Ц.Туваан ч зүгээр хараад суухгүй, хариу цохилт хийж байгаа нь "С.Эрдэнийг Ардчилсан намаас 8 жилийн хугацаагаар хөөж байгаа"-г албан бичгээр мэдэгдэв. Гэхдээ түүний тушаал дээрх тамга нь хүчингүй юм. 

Эцэст нь тэдний маргаан тэгтлээ сонин биш. Харин энэ маргааны цаана хэн нэгэн ашиг харж, өөрт боломжит цаг хугацааг хүлээж, дараагийн нүүдлээ бодож байгаа. Энэ бол Ерөнхийлөгч Х.Баттулга. Тэрбээр ирэх сонгуульд нэр дэвшихийн тулд юу ч хийхэд бэлэн байгаа. Үүний тулд Ц.Тувааныг "хөдөлгөж", Үндсэн дүрэмдээ өөрчлөлт хийж, өөрийн "замыг засч байна" 

Х.Баттулга АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд Ц.Оюунгэрэл гэх хүчтэй өрсөлдөгчийг замаасаа зайлуулах хэрэгтэй болно. Үүний тулд АН дотор Ц.Оюунгэрэлийг дэмжигчид цөөн байх ёстой. С.Эрдэнийн фракцынхан дэмжихгүй байхын тулд С.Эрдэнэд ашигтай үйлдлийг Х.Баттулгын зүгээс өгөх ёстой нь "торны цаана суулгахгүй" байх явдал. Одоохондоо Х.Баттулгад ийм хүч байгаа. Тодруулбал, Ц.Оюунгэрэлийг замаасаа зайлуулахын тулд С.Эрдэнийг шалгах, хорих асуудлаас хол байлгахаар тохироо хийгдэх зэргээр АН-ын хагарал цааш үргэлжлэхээр харагдаж байна. 

 

 

Хаха 1 4 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 8