Сэтгүүлчийн тэмдэглэл: Танихгүй танил минь

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 долоо хоног өмнө
Сэтгүүлчийн тэмдэглэл: Танихгүй танил минь

Өнөөдөр 2021 оны хоёрдугаар сарын 19. 

Өдгөөгөөс яг нэг жилийн өмнөх энэ өдөр Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газарт архидалт болж, цэл залуухан бүсгүй С.Болормаа амь насаа алдаж, Монголын ард түмэн тэр даяараа харамсан гашуудсан. 

Төрийн албаны байр архины оромж бишсэн. Төрийн удирдах албан тушаалтны хариуцлагагүйн гай хүний хайрт охины амь үрэгдэх шалтгаан болж, нас өндөр аав ээжийг нь шар махтай нь хатааж, ханийг нь хар залуугаар нь бэлэвсрүүлж, хоёр алаг үр нь учир мэдэхгүй насандаа өнчрөн үлдсэн. 

... Асуудлыг тодруулан сурвалжлахаар үүр цүүрээр Алтай хотод очсон бид ажлын цаг эхлэхийг хүлээн "Нутгийн удирдлагын ордон"-ы үүд сахин машиндаа жиндсээр, 09.00 цагтай золгож, аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийн "царайг харав". "Хариуцлагатайгаар мэдэгдье, ямар ч архидалт болоогүй" гэх түүний үгэнд итгэхийн аргагүй ч, "төрийн хариуцлагатай  алба хашиж байгаа хүн арай ч түмний нүдэн дээр худал хэлэхгүй биз" гэх итгэл сүүмэлзсээр л байсан. Харамсалтай нь энэ итгэл түрхэн зуурынх байв.

"ЗДТГ-ын харуул л бүх үйл явдлын гэрч. Хөндлөнгөөс харж байсан тэр хүн л хүн чанараа алдчихаагүй бол бүхнийг хэлнэ" гэсэн бодлоор түүнийг хайж эхлэв. Аймгийн төв учир тэрхэн дороо л олдсон. Гэвч хайсаар олсон харуул ах "архидалт болоогүй" гэдэг товчхон үг хэлээд, яарсаар одов. 

Гэхдээ тэр "хүн" байсан юм. Учир нь яриа өгснөөсөө хоёрхон цагийн дараа өөрөө эргэж залгаад "Хүнгүй газар уулзъя. Хүний амь эрсдэж, хоёр хүүхэд эхгүй болчихоод байхад би хэлэхгүй байж болохгүй" гэснээр бид аймгийн захад уулзаж, тэр мэдэх зүйлсээ ярьсан нь "Тэр шөнө Засаг даргын өрөөнд хүмүүс архи уусан. Талийгаачийг ажлынх нь газрын залуу үүрээд гарсан. Бас Засаг даргын туслах дагаад гарч байсан" гэдэг мэдээллийг өгснөөр асуудал ерөнхийдөө тодорхой болсон юм.  

... Тамгын газрын байрнаас 200 метр хүрэхгүй орон сууцанд талийгаач нөхөр, хоёр хүүгийн хамт амьдардаг байжээ. Буяны ажилд ирсэн хүмүүс гэрт хөл тавих зайгүй олон. Харамсаж халаглаж, уйлан гашуудаж, дуугаа хураасан тэдний дунд үе үе, ээлжлэн  бие нь муудах хоёр хүн байсан нь талийгаачийн аав ээж хоёр байлаа. "Юу болсныг мэдэхгүй болохоор хэвлэлд ярилцлага өгөхгүй, ийм үед ярилцлага авах гээд ирэх зориг зүрх та нарт бас байхаа" гэгчлэн зандрах олон хүн байсан ч "эгч нь үгээ хэлье. Энэ үг хожим хэрэг болж ч магад" гэсээр ээж нь босож ирсэн. Охиныхоо сайн сайхан зан чанарыг, ажил хөдөлмөрийн байдлыг товчхон дурдаад, "Би Монголынхоо цагдаа, хуулийн байгууллагад итгэж байна. Охины минь амиа алдсан хэргийг үнэн шударгаар тогтоож өгнө гэж бат итгэлтэй байна. Хуулийн байгууллага хэргийг шийдэх хүртэл эгч нь хэнийг ч буруутган шүүхгүй. Хуульд итгэнэ" гэдэг үгийг яс чанга, шийдэмгий хэлээд цурхиран уйлсан эх өнөөдөр дааж давшгүй сэтгэлийн шархтай, туулж дундрашгүй харамслын далайд өдөр хоногийг өнгөрүүлж байна. 

Түүний итгэсэн хуулийн байгууллагаас бүтэн нэг жил өнгөрөхөд сураг алга аа. Цагдаагийн ерөнхий газраас "хэргийг хаах саналтай" прокурорт хүргүүлсэн, Прокурорын байгууллага харин хэргийг дахин шалгах чиглэл өгч, буцааснаар энэ хэргийг Улсын Прокурорын байгууллага хянан, гурван хүнийг яллагдагчаар татсан нь Засаг дарга асан В.Рэнцэндорж, түүний өрөөнд С.Болормааг дагуулж очсон Б.Лхагважаргал, үүрээд гарсан Э.Мэндсайхан нар юм. Тэдний мэдүүлэг бүгд өөрийгөө хамгаалснаараа ижил, харин үйл явдлыг дүрсэлсэн нь бүгд зөрүүтэй.

Хэргийг шүүхэд шилжүүлээд даруй гурван сарын хугацаа өнгөрч байна. Говь-Алтай аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг шүүхээр нэг удаа өдөр товлосон ч "оролцогч нар хөл хорионд орсон" гэдэг шалтгаанаар хойшлоод өнөөдөрт ирлээ. Тэр амиа алдаад яг нэг жил боллоо. Эхгүй болсон үрс, үрээ алдсан эхэд туулж барамгүй урт хугацаа, даанч удаан залхааж байна даа. 

...С.Болормаа агсан аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга байхаас гадна олон нийтийн зүтгэлтэн, яруу найрагч, олон олон залууст итгэл найдвар төрүүлэгч, зөвд уриалан дуудагч, үлгэрлэгч байжээ. Түүний төлөө харамссан, хэргийн үнэн мөнийг хүлээсэн Монголын ард түмнээс С.Болормааг танихгүй хүн үгүй болсон. Тэр гурван сая монголчуудын харамслын угт мөнхөрч, шударга ёс шаардахын бамбар болон дүрэлзсэн, бидний "Танихгүй танил" билээ.  Түүний харамсалтайгаар амиа алдсан хэргийг түмэн даяараа мартаагүй байгааг талийгаачийн бурхан болсон энэ өдрөөр нэхэн сануулж, сэтгүүлчийн үзгээрээ зул өргөе. Амгалангийн хутгийг олох болтугай.

Хаха 5 13 Буруу 14 Гайхмаар 203 Харамсалтай 6 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 45