Баримт: Увсын ЗД асан Д.Батсайхан 42 сая төгрөгөөр шагналын хур буулгаад оджээ

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 долоо хоног өмнө
Баримт: Увсын ЗД асан Д.Батсайхан 42 сая төгрөгөөр шагналын хур буулгаад оджээ

Орон нутгийн сонгуулийн дараа цөөн хэдэн аймгийн Засаг дарга нарыг Ерөнхий сайд батламжлалгүй хэсэг хугацаа өнгөрсөн. Эдгээр аймгуудын нэг бол Увс аймаг. Тус аймгийн ИТХ-аас Ч.Чимэдийг Засаг даргаар томилон, батламжлуулахаар хүсэлтээ Ерөнхий сайдад хүргүүлээд байсан. Энэ дагуу 2020.11.27-ны өдрөөс Ч.Чимэд Засаг даргын ажлаа хүлээн авсан байдаг. 

Тэгвэл сонгуулийн дүн гарснаас, Ч.Чимэд ажлаа хүлээн авах хүртэл сар гаруйн хугацаанд хуучин Засаг дарга Д.Батсайхан тушаал гарган, өөрийнхөө удирдлагад ажиллаж байсан хэлтсийн дарга нараа "Засаг даргын нөөц хөрөнгө"-өөс шагнан, урамшуулсан баримтыг хүргэж байна. Ингэхдээ  2020.10.21, 2020.10.26-ны өдрүүдэд буюу тав хоногийн зайтай хоёр тушаал гарган нийт 42 сая төгрөгийг "шагнал"-д үржээ. 

2020.10.21-ний өдрийн тушаалаараа 11 даргыг 22 сая төгрөгөөр, харин 26-ны өдрийн тушаалаараа 20 сая төгрөгөөр 18 хүнийг шагнасан байна. Дээрх хоёр тушаалд долоон хүн давхардсан байдлаар буюу хоёр удаа шагнуулсан байгаа юм. Тэдний нэрсийг тодруулбал, 

- Засаг даргын орлогч Т.Нямсамбуу - 3.2 сая төгрөгөөр

- Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Алтан- 3.1 сая төгрөгөөр

- Хууль, эрхзүйн хэлтсийн дарга Г.Шинэбаяр- 3.1 сая төгрөгөөр

- Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Амраа- 3.1 сая төгрөгөөр

- Хяналт шинжилгээ, Дотоод аудитын хэлтсийн дарга Б.Баяртайсайхан- 3.1 сая төгрөгөөр 

- Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга Б.Эрдэнэсүрэн- 3.1 сая төгрөгөөр

- Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Бат-Ерөөөлт- 3.2 сая төгрөгөөр тус тус тав хоногийн хугацаанд хоёр тушаалаар давхардуулан шагнуулжээ.  

Засаг даргын ажлаа өгөх нь нэгэнт тодорхой болсон Д.Батсайхан шагналын тушаалуудыг ар, араас нь "цувуулж" байсан энэ өдрүүдэд Монгол улс коронавирусийн халдвараас сэргийлэх, тархалтыг хумих зорилгоор Засгийн газрын түвшинд төрийн бүхий л урсгал зардлыг танах, хэмнэх горимд орж, бүсээ чангалсан үе байв. 

Нэн ялангуяа Увс аймаг халдварыг илрүүлэх шинжилгээний тоног төхөөрөмжгүй, тэр бүү хэл тусгаарлах байраа ч бэлдээгүй байсан үед ийнхүү хомроголон шагнасан нь хэр зохистой вэ. Албан тушаалаа өгөхөөсөө урьтаж ийнхүү "шагналын хур буулгасан" нь төсвийн мөнгийг үр ашиггүй зарж, өөрийн эрх хэмжээг хэтрүүлсэн үйлдэл юм. 

Хаха 4 27 Буруу 2 Гайхмаар 1 Харамсалтай 3 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 16