"Г.Загдаа н.Халиунааг удаа дараа хүчирхийлсэн, хүүхдийнх нь мөнгийг завшсан нь тогтоогдсон"

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 сар өмнө
"Г.Загдаа н.Халиунааг удаа дараа хүчирхийлсэн, хүүхдийнх нь мөнгийг завшсан нь тогтоогдсон"

"Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдаа, түүний эхнэр Г.Амарсайхан нарт холбогдох хэргийн давж заалдах шатны хурал өнөөдөр болж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Тодруулбал, Г.Загдаад 6.1 жил, Г.Амарсайханд нэг жилийн хорих ял эдлүүлэх шийдвэрийг үндэслэлтэй гэж үзлээ. 

Г.Загдаа нь иргэн н.Халиунааг удаа дараа хүчинрхийлсэн гэдэгт буруутгагдан, хэрэг нь ийнхүү тогтоогдон, ял сонсоод байгаа юм. Хохирогч н.Халиунаагийн өмгөөлөгч н.Баттогтохоос  зарим зүйлийг тодрууллаа. 

Шүүх хурлын талаар мэдээлэл өгөөч?

Шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч нар Анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, гомдол гаргасан. Энэ дагуу Давж заалдах шатны шүүх хурал болж, шийдвэрийг хэвээр үлдээлээ. Г.Загдаа, Г.Амарсайхан нарыг буруутгасан дөрвөн үндэслэл нь: 

1. Гэр бүлийн хамаарал бүхий этгээдийг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр хүчиндсэн. Хоёр буюу түүнээс дээш этгээдийг хүчиндсэн 

2. Гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эд хөрөнгийг захиран зарцуулсан, шамшигдуулсан 

3. Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатайгаар учруулсан

4. Цагдаагийн алба хаагчийн биед халдсан, эрх чөлөөнд халдсан гэдэг үндэслэлээр шийтгэх тогтоол гарсан. 

Мөн Хохирогч н.Халиунаад 1 950 000 төгрөгийн хохирол учирсанг шүүх тогтоосон. Гэвч Давж заалдах шатны шүүх хурал болж байхад хохирлын мөнгөө төлөөгүй байна. Мөн гэм буруугаа хүлээхгүй байна. 

Нийт хэд хоног хоригдоод байгаа вэ? 

Анхан шатны шүүхийн тогтоол гарснаас хойш нийт 108 хоног хоригдоод байгаа. Энэ хоног нь 6.1 жилийн ялаас хасагдаад явах зохицуулалттай. 

н.Халиунаагийн биеийн болоод сэтгэлзүйн байдал ямар байгаа вэ? 

н.Халиунаа гэрч, хохирогчийн хувиар хүүхэдтэйгээ хамт хамгаалах байранд байгаа. Сэтгэлзүйн байдал хүнд байсан. Өнгөрсөн хугацаанд сэтгэлзүйн үйлчилгээ, тусламж авч, дээрдэж байна. Гэрч, хохирогчийг хамгаалах тал дээр цагдаагийн байгууллага сайн ажилладаг юм байна. н.Халиунаагийн хувьд хүүхдийн мөнгөө авах зэрэг нийгмийн харилцаанд орох шаардлага байгаа. Үүн дээр нь цагдаагийн байгууллагаас маш сайн ажиллаж байна. 

1 950 000 төгрөгийг н.Халиунаад олгох шийдвэр гарсан нь ямар учиртай вэ? 

н.Халиунаа нярай хүүхэдтэй байсан. Түүний мөнгө өнгөрсөн хугацаанд 1 950 000 болсныг Г.Загдаа авчихсан. тэр мөнгийг л шүүх тогтоосон, түүнийг төлөөгүй байна.

Сэтгэл санааны болон бие махбодийн хохирлыг яаж барагдуулах вэ? 

Гэмт хэргийн улмаас хохирсон хохирлоо нөхөн төлүүлэх заалт хуулинд байгаа. Гэхдээ яаж төлүүлэх вэ гэдэгт зохицуулалт байхгүй.  Сэтгэл санааны хохирлыг бодит хохирол гэж үздэггүй. Үүнийг хууль тогтоогчид анхаарах ёстой. 

Жишээ нь н.Халиунаа бие махбодь, сэтгэл санаа, эд материалын хохирол амссан. Шүүх зөвхөн эд материалын хохирлыг нь барагдуулах шийдвэр гаргаж байна. Сэтгэл санаа, бие махбодийн хохирол бол орхигдож байна. 

 

 

 

 

 

 

Хаха 3 11 Буруу 7 Гайхмаар 12 Харамсалтай 4 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 26