МАН, МАХН нэгдэж, Ерөнхийлөгчийн сонгуульд орно

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 сар өмнө
МАН, МАХН нэгдэж, Ерөнхийлөгчийн сонгуульд орно

Өдгөөгөөс яг 100 жилийн өмнө буюу 1921.03.01-ний өдөр Монгол ардын нам (МАН) байгуулагдсанаар монголын анхны улстөрийн хүчин бий болсон түүхтэй. МАН 100 жилийн түүхийг туулан өнөөдөрт ирэхдээ МАН ба МАХН /Монгол ардын хувьсгалт нам/ болон хоёр салж, У.Хүрэлсүх болон Н.Энхбаяр гэсэн удирдлагатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. 

МАХН-ын тухайд товч мэдээллийг хүргэхэд, тус нам 2010 онд байгуулагдсан, Улсын дээд шүүх 2011 онд бүртгэсэн. Тодруулбал, МАН 2010 онд Монгол Ардын Хувьсгалт Нам хэмээх нэрээ өөрчлөхөд, түүнийг нь эсэргүүцсэн хүмүүсийг нэгтгэж, Монгол Улсын гуравдахь ерөнхийлөгч Н.Энхбаяр МАХН-ыг байгуулан, өнөөдрийг хүртэл удирдаж байгаа юм. 

МАХН-ын УИХ-ын сонгуульд оролцсон байдлыг дурдвал, 

- 2012 оны УИХ-ын сонгуулиар 5 суудал, (З.Баянсэлэнгэ, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Баасанхүү, Ц.Оюунбаатар) 

- 2016 оны УИХ-ын сонгуулиар 1 суудал, (О.Баасанхүү)

- 2020 оны УИХ-ын сонгуулиар 1 суудал (С.Ганбаатар) 

МАН болон МАХН-ын харилцаа өнгөрсөн арван жилийн хугацаанд төдийлөн сайн байгаагүй. Тодруулбал, өнгөрсөн хугацаанд болсон УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулиудад МАХН МАН-аас дан эсрэг байр суурийг илэрхийлэн, өрсөлдөгчийн хэлбэрээр явж ирсэн. 

Тухайлбал, 2012 оны УИХ-ын сонгуулиар МАХН,  Монголын үндэсний ардчилсан намтай нэгдэн "Шударга ёс" эвслийг байгуулж, 2020 оны УИХ-ын сонгуульд Иргэний зориг ногоон нам, Монголын уламжлалын нэгдсэн намтай хамтран "Та бидний эвсэл" хэмээх нэрээр сонгуульд оролцож байлаа. 

100 жилийн түүхтэй МАН хэмээх том намаас салсан ч МАХН хүчтэй хэвээр байсны илрэл нь тус намын Ерөнхийлөгчийн сонгуулийн оролцоо, иргэдийн санал өгсөн байдлаас харагдана. Тодруулбал, 2013 оны ерөнхийлөгчийн сонгуульд МАХН Н.Удвалыг нэр дэвшүүлсэн нь Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдсөн анхны эмэгтэй хүн болж, 80563 санал буюу нийт сонгогчдын 6,5 хувийн дэмжлэгийг авсан. 

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд С.Ганбаатарыг нэр дэвшүүлэхэд 409899 сонгогчийн санал (30,19%) авсан. Энэ дүн нь МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдоос 1849-хөн хүний саналын дутуугаар хасагдсаныг онцлох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, МАХН улстөрчдийн орхиж, үл тоож боломгүй "хүч"-ийг хадгалсаар байгаа явдал. 

Өнөөдөр МАН-ын удирдлагууд Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөхдөө "мартаж орхиод байсан" Н.Энхбаярыгаа "дундаа хийж" яваа нь зүгээр ч нэг тохиолдол биш. Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд "хүчээ нэгтгэж" оролцохоо олон нийтэд болорн сөрөг хүчинд ойлгуулж байгаа эхний хувилбар юм. Баттай эх сурвалж ч "МАН МАХН нэгдэж байгаа" гэдэг мэдээллийг өгч байна. 

Харин тэдний нэгдлийн тохироо юу байсан нь одоогоор тодорхой бус байгаа юм. Зарим эх сурвалжийн өгч байгаа мэдээллээр Н.Энхбаярын хүү Э.Батшугар болон МАХН-ын гишүүдийг  Засгийн газарт багтахаар саналаа хэлсэн гэх мэдээлэл байна. 

Хаха 2 2 Буруу 2 Гайхмаар 1 Харамсалтай 0 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 4