Төрийн ордонд нас барсан Г.Батхүү агсны хэргийг хаах санал хүргүүлжээ

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 сар өмнө
Төрийн ордонд нас барсан Г.Батхүү агсны хэргийг хаах санал хүргүүлжээ

Төр нийгмийн зүтгэлтэн, УИХ, Засгийн газрын гишүүн асан Г.Батхүү Төрийн ордны гонхноос унаж амиа алдсан харамсалтай хэрэг 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр гарсан ч одоог хүртэл эцсийн шийдвэр гараагүй байна.

Уг хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсэг МАШ НУУЦЫН зэрэглэлтэйгээр бусдын гарт амиа алдсан байж болзошгүй гэж үзэж шалгалтын ажиллагааг эхлүүлж байв. Өнгөрсөн хугацаанд хэрэгт авагдсан нотлох баримтууд болон задлан шинжилгээний хариунд үндэслэн нэг удаа хаах саналтайгаар Нийслэлийн прокурор руу шилжүүлж байсан.

Харин прокурорын байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн гэх шалтгаанаар мөрдөн байцаалт руу буцсан юм. Ийнхүү дахин мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэхдээ Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газраас мөн л МАШ НУУЦ-ын зэрэглэлд хамаарах материалууд баримтаар авагдсан учраас өндөр нууцлалтай шалгасан байдаг.

Өдгөө Г.Батхүү агсны амиа алдсан хэргийг хаах саналтайгаар Нийслэлийн прокурорт дахин шилжүүлжээ. Учир нь түүнийг амиа алдахад нөлөөлсөн, хүргэсэн сэжигтэн тогтоогдоогүй гэх бөгөөд хоёр давхраас түлхсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй аж.

УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн амь нас хохирсон хэрэгтэй холбогдуулж хохирогчийн өмгөөлөгч Ж.Батхуяг мэдээлэл хийхдээ мөрдөн шалгах ажиллагааны баримтыг олон нийтэд мэдээлж, задруулж, бодит бус мэдээллийг тарааж хэрэг шалгахад саад учруулсан. Шүүх эмнэлгийн дүгнэлт, полиграфын магадалгаа, гар утсанд хийсэн шинжилгээ, хуурамч мессеж зэргийг прокурорын зөвшөөрөлгүй олон нийтэд тараасан. Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан хэргээр хэрэг нээж шалгаж байгаа талаар Эрүүгийн цагдаагийн албанаас мэдээлж байсан.

Тэр ч бүү хэл хэрэг шалгагдаж байх хугацаанд Г гэгч этгээд нь нас барсан үеийнх нь 13 секунтын бичлэг байгаа хэмээн хуурамчаар мессеж зохиож, ар гэрийнхнээс нь 15 сая төгрөг авсныг тогтоосон байдаг. Тухайн Г гэгч этгээд зургаан удаагийн үйлдлээр бусдаас 260 сая төгрөгийг залилж авсан үйлдэлд нь холбогдож байсныг тогтоон цагдан хорьж шалгаж байгаа билээ.

Хаха 0 3 Буруу 3 Гайхмаар 5 Харамсалтай 2 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 7