Төрийн нэр барьсан ХХААХҮЯ-ны залилан

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 сар өмнө
Төрийн нэр барьсан ХХААХҮЯ-ны залилан

Юу болж өнгөрөв?

Өнгөрсөн 2020 оны есдүгээр сарын сүүлийн өдрүүд буюу  ургац хураах цагаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ) болон түүний харьяа Хөдөө аж ахуйг дэмжих сан (ХААДС)-ийн удирдлагууд улсын хэмжээнд ургацын таван салбарт ажлын хэсэг гарган ажиллуулжээ. Тэдний нэг болох Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Хөтөл салбарт ХХААХҮЯ-ны Газар тариалангийн Хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Болорчулуун, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбат, ХААДС-ийн дарга Н.Төмөрхүү нар очиж, чиглэл заавар өгч ажилласан байна.

Ингэхдээ ХААДС-ийн дарга Н.Төмөрхүү таван салбарын эрхлэгч нарт “Буудайг тонн тутмыг нь 700 мянган төгрөгөөр авна гэж тариаланчдад хэлж, буудайг нь ав” гэдэг чиглэл өгсөн байна. Энэ дагуу Хөтөл салбарын дарга н.Мөнхжаргал, ХААДС-ийн мэргэжилтэн н.Энх-Од, н.Бат-Эрдэнэ нар тариалангийн талбайгаар явж, тариаланчидтай уулзан дээрх үгийг ярьж, буудайг нь сандаа авахаар ярьж тохирчээ.  

Тухайн үед хувийн хэвшлийн гурилын үйлдвэрүүд буудайг тонн тутмыг нь 660 мянган төгрөгөөр худалдан авч байсан бөгөөд ХХААХҮЯ-наас 700 мянгаар авах талаар албаны хүмүүс хэлсэн тул ихэнх тариаланчид буудайгаа төрд өгчээ.

Үүнээс хойш таван сар ормын хугацаа өнгөрч байна. Харамсалтай нь төрдөө итгэн хоёр жилийн хөдөлмөрийн үр шим болсон буудайгаа өгсөн тариаланчид өнөөдрийг болтол мөнгө ч үгүй, буудай ч үгүй хоцорчээ.

Одоо юу болж байна?

Салбар яам нь, тодруулбал Газар тариалангийн Хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Болорчулуун “700 мянган төгрөгөөр авах талаар манайхаас ямар ч яриа хийгээгүй. Магадгүй ХААДС-ийн дарга асан Н.Төмөрхүү тэгж ярьсан бол тэр хүний л асуудал. Н.Төмөрхүү ажлаасаа чөлөөлөгдсөн. Яамны зүгээс анхнаасаа 630 мянган төгрөгөөр авах боломжтойгоо хэлсэн. Учир нь сайдын тушаал тэгж гарсан. Тушаалын дагуу л ажилладаг учраас өөр үнэ хэлэх боломжгүй” гэдэг тайлбарыг хэлж суусаар, харин тариаланчид тухайн үед амласан 700 мянган төгрөгөөрөө бодож буудайнхаа мөнгийг авахаар хүлээж суусаар өнөөдөрт иржээ.

Асуудлын гол нь ХААДС-ийн дарга Н.Төмөрхүү “Буудайг 700 мянган төгрөгөөр ав” гэдэг чиглэлийг салбаруудын эрхлэгч нарт өгсөн нь тухайн үед ХААДС-даа буудай авахын тулд тариаланчдыг залилан мэхэлсэн үйлдэл болж байна. Гэхдээ тариаланчид Н.Төмөрхүү гэдэг хувь хүнд итгэж, хоёр жилийнхээ хөдөлмөрийг өгөөд явуулчихаагүй, хамгийн гол нь салбар яамны харьяанд үйл ажиллагаа явуулдаг сангийн даргын албан тушаалд итгэж, тариа будаагаа өгч явуулснаа хэлж байна.

Гэтэл буудайг нь авснаас таван сарын дараа салбар яамных нь хариуцлагатай албан тушаалтан “Н.Төмөрхүү гэдэг хувь хүний хэлсэн үгийг яам хариуцахгүй, тэр хүн ажлаасаа чөлөөлөгдсөн” гэдэг үгээр тариаланчдын амыг таглаад сууж байх нь хэр зохистой вэ? Магадгүй ирэх жил бас нэгэн дарга нь бас нэгэн заль мэх зохиож, тариаланчдаа залилан тариа будааг нь авчихад яам нь мөн л “хувь хүний үг” гээд халгаахгүй сууж байхгүй гэх баталгаа алга байна.

Цаашид яах вэ?

2019 онд уринш хийж, 2020 онд ургацаа хураасан тариаланчид, тодруулбал, тэдний хоёр жилийн хөдөлмөрийн үр шим болсон тариа буудай одоо ХААДС-д байгаа. Буудайгаа өгчихөөд мөнгөгүй сууж байгаа тариаланчидад одоо хоёр зам үлдсэн гэдгийг хэлцгээж байна.

  1. ХААДС-ийн даргын өгсөн чиглэл, тариаланчдын буудайгаа итгэж өгсөн шалтгаан болох 700 мянган төгрөгөөр тооцож, мөнгийг тариаланчдад олгохыг шаардах, эсэргүүцэн жагсаал зохион байгуулах  
  2. Тариаланчид ХААДС-д өгсөн бүх буудайгаа буцаан авч, гурилын үйлдвэрүүдэд 660 мянган төгрөгөөр худалдаалах. Энэ тохиолдолд сан буудайгүй болж, импортын өндөр үнэтэй буудай авах шаардлагатай болно хэмээн ярилцаж байна.

Үргэлжлэл бий...

Хаха 2 6 Буруу 3 Гайхмаар 0 Харамсалтай 1 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 8