Ц.Туваан: АН Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож чадахгүй бол иргэн С.Эрдэнэ хариуцлага хүлээгээрэй

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 сар өмнө
Ц.Туваан: АН Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож чадахгүй бол иргэн С.Эрдэнэ хариуцлага хүлээгээрэй

Өнөөдөр Ардчилсан намын цахим хуудсаар дамжуулан намын даргын суудал орлогч Ц.Туваан, намын дарга асан С.Эрдэнэд хандан уриалга гаргалаа. Тэрбээр "УИХ-ын 2020 оны сонгуульд С.Эрдэнэ та намаа ялагдуулан Ардчилсан намын Үндсэн дүрмийн дагуу намын даргын албан тушаалаас огцорч, Ц.Туваан миний биеийг үүрэг гүйцэтгэгчээр томилон намын тамга тэмдгийг хүлээлгэн өгсөн билээ. Үндэсний бодлогын хорооны шийдвэр, мянга мянган гишүүдийн саналын дагуу Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулан намын X их хурлаар хэлэлцүүлэн батлуулсан. Тус их хурлаас гаргасан шийдвэр, Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Ардчилсан нам шинэчлэн зохион байгуулагдан, намын шинэ даргаа сонгож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилдаа шуурхайлан орох гэж байсан мөчид С.Эрдэнэ та гэнэт намын дарга хэвээр байгаагаа зарлан хуйвалдааны аргаар намын тамгыг хууль бусаар хийлгэн маргаан үүсгэж эхэлсэн.

Өнгөрсөн хугацаанд миний бие таны улс төрийн туршлагыг хүндэлж асуудлыг ойлгон маргаанаа зогсооно гэдэгт итгэн хүлээцтэй хандаж, аливаа нэг хурц туйлширсан үг, үйлдэл гаргаж байгаагүйг намын мянга мянган гишүүд бэлхнээ нотолно. Гэвч та үйл ажиллагаагаа зогсоогоогүйгээр барахгүй, шатлан өргөжүүлж намаа хагалан бутаргах, улмаар Ардчилсан нам Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож чадахгүй нөхцөлд тултал нь даамжрууллаа. Таны энэхүү үйл ажиллагаагаа өрсөлдөгч Монгол Ардын намд таатай өгөөш болж улмаар тэдэнд ялалт бэлэглэж байна гэж би үзэж байна.

Монгол Улсын дээд шүүх Ардчилсан намын X их хурлаар батлагдсан Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хууль бусад холбогдох хууль, тогтоомжид нийцсэн эсэхийг л шалгаад, бүртгэж авах ёстой байсан боловч таны үүсгэсэн маргааны улмаас намын үйл ажиллагааг зогсонги байдалд оруулсан шийдвэрүүдийг удаа дараа гаргасан.

Энэ бүх нөхцөл байдлыг харгалзан, удахгүй болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах бэлтгэлийг яаралтай хангах шаардлагыг анхааран, намын эв нэгдлийн төлөө С.Эрдэнэ та, мөн Ц.Туваан миний бие хоёул намын тамгыг Ардчилсан намын шинэ дарга сонгогдтол Үндсэн дүрмийн хороонд хадгалуулж, аливаа нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байхыг уриалж байна. Үүнийг манай намын эвлэрэл эхлэх сайхан боломж гэж миний бие харж байна.

Хэрэв С.Эрдэнэ та миний саналыг хүлээж авахгүйн улмаас Ардчилсан нам Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож чадахгүй нөхцөл байдал үүсвэл гарах хортой үр дагавар бүрийн хариуцлагыг Та үүрэх болохыг үүгээр мэдэгдэж байна.

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, АРДЧИЛСАН НАМЫН

ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Ц.ТУВААН

Хаха 1 1 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 2