Аав та биеэ бодоорой

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
3 долоо хоног өмнө
Аав та биеэ бодоорой

Хүний хань хүүхдийн аав та биеэ бодоорой. Ханхайн суудаг нөмөр тань нуран унахтай зэрэгцэн хүний мөс, хүн ёс алга болдог юм байна. Нөхрийнх нь байгаад алд хүндэлж байсан дүү нар нөхөр нь өнхрөөд унахад дэлмийн дайтаа ч хүндлэхээ больж үлдсэн гурван үрээс нь идэх хоолыг нь булаах гэж оролдох өдөр ирдэг л юм байна. Ижий ухаан залгаж бэр минь түшиж үлдэнэ гэж нэгэн шүлэгт байдаг. Монголчууд бэрээ хайрлан дээдлэх их ухаанд айл гэрийн амьдрал өөдлөн дээшилдэг байх. Гэтэл нэгэн өдөр ханьдаа ивээгдэж, хадам ижийдээ энэрэгдэж байсан жирийн нэгэн гялалзаж явсан багш эмэгтэй түшиж тулж байсан ханиа алдсан өдрөөс эхлэн нөхрийнхөө дүү нарт алдагдаж эхэлсэн юм. Нөхрөө бурхан болсноос хойш гурван бүлтийсэн үрээ хөтлөөд үлдсэн түүнд нөхөр нь үлдээсэн өв /хөрөнгө/ ийм их шаналал нулимс дуудна чинээ яаж санах билээ. Би ч гэсэн эх хүн, ээж хүн үр хүүхдэд минь үлдэх өв, тэдний минь ирээдүйг баталгаатай байгаасаа гэсэн сэтгэлээр тэвчиж тэмцэх л байх, нэг өдөр мөнгөтэй бийлэгжүү хүмүүсийн гүтгэлэг хэвлэлийн дайралтад нуран унах ч хүүхдүүдээ бодож эцэг нь үлдээсэн өв хөрөнгө юмдаа гэж тэвчиж бат зогсох байх. Ах дүүсийн оролцоотой үүсгэсэн бизнесийн ашиг хонжоо гэж маш хүнд асуудал байдаг гэлтэй. Эрх ашигт нүдээ сохолсон, хүнээ байсан тэмцэл явагддаг юм байна гэдгийг эндээс харлаа.

Гэр бүлийн эд хөрөнгөний маргаан хонгилын хэрэг болсон нь...

Хэдхэн хоногийн өмнө Эр цэргийн баяр, эрчүүдийн баяр болсон. Аавууд, нөхрүүд баяр далимдуулж хөөрч дэврэн, хүүхдүүдтэйгээ инээд хөөр болдог  өдөр нөхрөө алдсан эмэгтэй  энд тэндээс дарамт шахалт авч утсан дуудлага бүрт айн мэгдэн хариулж цөхрөлөө баран суужээ. Учир юу гэвэл…нэр бүхий сайтуудад гэр бүлийн хамааралтай хүмүүсийн эд хөрөнгийн маргааныг улс төрийн ноцтой асуудалтай холбон нөхрөөсөө ганцаар хоцорсон эмэгтэйг гүтгэж доромжилсон мэдээлэл түгсэн. Нийтлэлд түүнд ямар ч хамааралгүй олон нийтийн сүлжээнд өрнөсөн хүмүүсийн ноцтой хэрэгтээ хамааруулж бичиж хуулийн дагуу ажлаа хийсэн нотариатч болон прокурорын нэрсийг дурдаж илт гүтгэсэн агуулга санааг түгээсэн. Агуулга нь хүний хөрөнгийг хууль бус бичиг баримт үйлдэж авсан гэв. Үнэн хэрэгтээ нөхөр нь хүнд өвчний улмаас өөрийн хөрөнгөө гэр бүлдээ эхнэр хүүхдэдээ шилжүүлсэн л тухай юм. Нэг талаас энэ эмэгтэй хуулийн талын мэргэжил эзэмшсэн,  энэ чиглэлээрээ ажилладаг учраас эсрэг талаас хуульч, прокурор, хууль хяналтын байгууллагын хүн бүрийг түүнтэй үгссэн мэт холбож худал нийтлэл бичүүлж олон нийтийн хэвлэлд мөнгө зарж  далайлган хууль, хяналтын байгууллагын шийдвэрт нөлөөлөх гээд байгаа нь маш том ашиг сонирхол байгааг илтгэнэ.

Түүний нөхөр С.Цахиур өөрийн дүүгийн хамт үүсгэсэн компани бүтээн бий болгосон эд хөрөнгө гэвэл тоочоод барамгүй юм билээ. Тэр их хөрөнгө компани, нөхрийнх нь оролцоотой бий болсон өв хөрөнгө бэлэвсэрч хоцорсон эхнэр болоод үр хүүхдүүдэд нь огт хамааралгүй болж хувирсан. Нөхөр нь өөрийн хөрөнгөө хүнд өвчний улмаас хуулийн дагуу эхнэр хүүхдэдээ өвлүүлжээ. Тухайн өвлүүлсэн хөрөнгөний ихэнх хэсэг нь нөхрийнх нь дүү нарынх байж. Ах дүү улс гээд нэг их зүйл бодолгүй хамтарч эзэмшээд явахад гэмгүй гэж бодтол нөхөр нь нас барсны дараа удалгүй тухайн хөрөнгийг бэр эгчдээ, ахынхаа хүүхдүүдэд өгөхгүй гэсэн хүн чанаргүй хүйтэн сэтгэлээс үүдэлтэй гэр бүлийн маргаан хууль хяналтын байгууллага дээр очив. Цаашлаад ах дүүсийн харилцаа нуран унаж,  хүүхдүүдийн хоорондын өш хонзон ч үүсч хүний мөсгүй хүйтэн дайн эхэлсэн. Бэр эгчээ нухчин дарах, хийгээгүй хэрэг, болоогүй асуудлыг зохиож гүжир гүтгэлгээр дайрч өдийг хүрэв. Сэтгэл санааг нь мохоож, ахаас нь үлдсэн үр хүүхдүүдийг нь хавчин гадуурхах болов.

Бодит зүйл гэвэл нөхрийнх оролцоотой босголцож бүтээсэн хөрөнгө гэвэл адлагдсан бэр болон хүүхдүүдэд нь юу ч үлдэхгүй. Мөн цор ганц булаацалдаад байгаа тус хөрөнгө нийт хөрөнгийн 10 хувьд ч хүрэхгүй зүйл ба зөвхөн нэгээхэн хэсэг нь юм. Энэ өвлүүлсэн хөрөнгө хүүхдүүддээ эцгийнх нь зүгээс үлдээсэн идэх хоол, өмсөж зүүгээсэй гэсэн сэтгэл төдий аж.

Ахынхаа амьд сэрүүнд огт ярьдаггүй байсан дүү нар нь ахыгаа бурхан болсны дараа ийм ширүүн дайрч эхэлнэ гэж бэр нь санаагүй хэрэг,  ийм асуудал дэгдэхийг мэдсэн учир нөхөр нь эхнэр хүүхдэдээ нэр дээрээ байгаа хөрөнгөө үлдээж үр хүүхдийнхээ ирээдүйг баталгаатай байгаасаа гэж бодож хийсэн зүйл байх. Асуудал ердөө л ийм. Бэр эгчээ гэсэн сэтгэлгүй, ахынхаа хүүхдүүдийг гэсэн өрөвдөх сэтгэлгүй энэ үйлдлээ орчин цагт өрнөж байгаа улс төрийн ноцтой асуудалтай хольж хутган сайтуудад мэдээлэл тавьж гүтгэж байгаад түших тулах хүнгүй хоцорсон эмэгтэй улс төрийн тоглоомд хохирогч болгочихвий гэсэн айдас байгаа нь нууцгүй зүйл.

Самбуугийн Цахиур түүний эхнэр Янжинхорлоо гэж хэн бэ? МУИС-ийн багш доктор, профессор жирийн нэгэн сэхээтэн эмэгтэй. Зууны 100 эмэгтэйн нэгээр тодорсон, Олон зуун шавь төрүүлж, зуу зуун эрдэм шинжилгээний бүтээл туурвиж явсан нэр хүндтэй бахархалт багш гэтэл өнөөдөр тэр шавь нараасаа ичиж байна. Нэр хүндээ хичээж дуугүй явсаар ирсэн. Нэг л өдөр түүнийг нэр, албан тушаалтай нь улстөржүүлсэн бусармаг хэрэг зохиож олон нийтийн сүлжээгээр зураг хөрөгтэй хамт түгээж гүтгэн доромжилсон. Учир зангилааг мэдэхгүй хүмүүс ганц энэ эмэгтэйг хараацгааж байна. Бодит хэрэг гэвэл прокурор дээр хуулийн дагуу бүх зүйл нотлогдож Янжинхорлоо болон түүний хүүхдүүдэд ааваас нь үлдээсэн хөрөнгө баталгаатай үндэслэлтэй тэднийх болох нь тогтоогдсон юм. Гэтэл нөхрийнх нь дүүс хөрөнгө мөнгөөр далайлган хэвлэл мэдээллээр худал мэдээлэл нийтэлж шүүх хяналтад нөлөөлөх гэсэн үйлдлээ зогсоохгүй байна.

Гэр бүлийн хамааралтай хүмүүсийн эд хөрөнгөний төлөө гэсэн хүний мөсгүй энэ тэмцлийг бүү улстөржүүлж бурууд чиглүүлээсэй гэж энэ эмэгтэй туйлаас хүсч байна. Төрсөн ахынхаа эхнэрийг эд хөрөнгийн маргаанаас үүдэж нэр хүндгүй ажилгүй үр хүүхдүүдтэй нь хоосон гарлуулах гэсэн хүн ёсгүй үйлдэл гэж миний хувьд харж байна. Цувж энэ хорвоогоос явах нь үнэн. Үхэх нь үнэн төрөх нь ч үнэн. Үлдсэн нэг нь ийм муухай ах дүүсийн хэрүүл хүний мөсгүй гүтгэлэг зовлонг бүү амсаасай.

Айл гэрийн нөхөгдөхгүй орон зай болсон эцэг хүн та биеэ бодож гэр бүлээ хамгаалаарай. Аав та биеэ бодоорой.

Г.Соёл-Эрдэнэ

Хаха 0 17 Буруу 13 Гайхмаар 31 Харамсалтай 3 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 36