Хөлчүүрхсэн салаан захирагчийн гарт ууган хүүгээ алдсан аавын нулимс

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
2 долоо хоног өмнө
Хөлчүүрхсэн салаан захирагчийн гарт ууган хүүгээ алдсан аавын нулимс

Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн байлдагч Ц.Б нь салаан даргын үүрэг гүйцэтгэгчдээ зодуулж харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг олны дургүйцлийг хүргээд байна. Энэхүү хэрэг  Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Биокомбинатад байрлах 326 дугаар цэргийн ангид болсон бөгөөд байлдагч ТТАХНЭ-т ухаангүй хүргэгдэн ирээд нэг хоноод амьсгал хураасан байдаг.  

Төрийн тусгай чиг үүрэг гүйцэтгэдэг цэргийн ангид үүргээ гүйцэтгэж байхад нь хөлчүүрхсэн салаан дарга, дэслэгч Д.Гялбуужамц орж ирээд алчихна гэж хэн санах билээ.

Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн удирдлагууд болон дарга цэргүүд марш тактикийн тэмцээнд бэлдэхээр Тавантолгойн цэргийн анги руу явцгаасан байжээ. Ангийн дарга нараа эзгүйчилсэн дэслэгч нар Биокомбинат орж согтууруулах ундаа худалдан авч, ангийнхаа байранд архидан согтуурсан байгаа юм. Улмаар хөлчүүрхсэн цэргийн дарга нар дөрвүүл унтаж байсан 20 гаруй байлдагч нарыг сэрээж галуун цуваагаар алхуулж, хараалын үг урсгаж, мөнгө нэхэж зодож эхэлсэн.

Энэ үед талийгаачийг салаан даргын үүрэг гүйцэтгэгч удаа дараа цохиж, зодсон учраас ухаан алдаад сэрээгүй гэдэг. Эмнэлэгт хүргэгдэн ирсэний дараа талийгаачийн ээж хэвлэлийнхэнд хандан ямар ч ухаан мэдрэлгүй хүнд байгаа талаар мэдээлэл өгсөн билээ. Ээжийнх нь ярилцлага гарсан өдрийн маргааш нь байлдагч хүү ухаан оролгүй хагалгаа хийлгэж амжилгүй тэнгэрийн орноо заларсан юм.

Бусдын гарт нас барсан байлдагч хүүгийн ар гэрийнхэн ихэд эмгэнэн гашуудаж буйгаа холбогдох үед хэлж байв.

Бид бодит мэдээлэл хүргэх үүднээс талийгаач байлдагч хүүгийн аавтай утсаар холбогдож ярилцлага авах хүсэлт хүргүүлэх үеэр багахан мэдээлэл солилцсон юм.

Аав нь бидэнд хэлэхдээ: Амьдрал, гэр бүл тэр чигт нь хөмөрчихлөө. Одоо яах аа үнэхээр мэдэхгүй самгардан сууна. Үнэхээр үгээр хэлэхийн аргагүй маш хүнд байна. Юу ч ярьж чадахгүй байна. Ямар ч байсан хугацаа өнгөрч, хэд хоног өнгөрсөн дээр байх. Тэрний дараа ярилцлага өгье хэмээн хоолой зангируулан харилцуурын цаана мэгших нь сонсогдов.

Харилцуур тасравч, өрөвдөх сэтгэл тасарсангүй. Хүүгээ Энэтхэг улсад таван жил ламын сургуульд сураад өнгөрсөн жил ирэхэд нь сайхан ирээдүй угтаж байгаадаа гээд баярлан суусан аавын сэтгэл хөмөрчээ.

Талийгаач Энэтхэг улсаас сургуулийнхаа визний хугацааг сунгуулахаар ирсэн. Гэтэл өнгөрсөн жил цар тахалын улмаас хил хаагдсан тул сургууль руугаа очих боломжгүй болж ар гэрийнхнийхээ зөвлөснөөр эр цэргийн албанд явж, хал сууж, Эх орныхоо төлөө зүтгэхээр сэтгэл шулуудан өнгөрсөн намар цэргийн албанд татагдан ирсэн байв.

Хүү айлын ууган хүү байж. Бага байх үеэсээ шашин номын угшилтай гэр бүлд хүмүүжсэн учраас төлөв даруу, хүмүүжил сайтай байсан аж.

Хүүгээ аав нь цэргийн албанд, Төрийн тусгай хамгаалалттай газарт цаг бусаар амиа алдана гэж яахан санах билээ. Эх орны эрэлхэг хүү, ээж, аавдаа ачлалт хүү нь, дүү нарынхаа түшиг ах нь хэзээ эргэж ирэхгүй мөнхөрсөн үйл явдал Батлан хамгаалах салбар ямархан ялзарсныг томруунаар харууллаа.

Одоогийн байдлаар цагдаагийн байгууллагаас 326 дугаар ангийн дарга нар цэргүүдийг дарамталж, ар гэрийнхнээс нь мөнгө авдаг байсан асуудлыг шалгаж байна. Мөн  бусдын амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан сэжиглэгдэн шалгагдаж байгаа Д.Гялбуужамц болон салаан дарга И.Энхтөгс тэргүүтэй 20 гаруй хүнээс мэдүүлэг тайлбар авч байна.

Бас нэгэн анхаарал татахуйц, ноцтой мэдээлэл батлан хамгаалах салбарт яригдаж байна. Тодруулбал, Д.Гялбуужамц нь Хуурай замын цэргийн командлагч Б.Амгаланбаатарын хамаатан гэх. Тийм ч учраас овлигогүй Д.Гялбуужамцад хэн ч юм хэлж чадалгүй өөгшүүлсээр байсан гэх. Салбарын хэмжээнд түймэр мэт тарсан энэ яриа үнэн бол маш том асуудал...

Үргэлжлэл бий...

Хаха 0 28 Буруу 2 Гайхмаар 20 Харамсалтай 2 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 11