Монгол Улсын эдийн засгийн гол бүс болох Өмнөговь аймгийг өнөөдрийг болтол “ногоон бүс” хэвээр тооцсоор байгаа. Гэтэл халдварын голомт болоод байгаа Улаанбаатар хотоос Онцгой байдлын байгууллагын албан тушаалтнууд гэр бүлийнхнийхээ хамт, албаны машинаар Өмнөговь аймагт зугаалж яваад ирлээ.
Тодруулбал, Онцгой байдлын ерөнхий газрын Тэргүүн Дэд дарга Ж.Чүлтэмсүрэн, ОБЕГ-ын Хангамжийн хэлтсийн дарга, хурандаа Л.Баярсайхан нар өнгөрсөн амралтын өдрүүдээр Өмнөговь аймагт байх Дэмчигийн хийд рүү амарч, зугаалж явжээ. Тэд бямба гарагийн шөнө Цогтцэций дэх Цэций хорооллын зочид буудалд хоноглоод, ням гарагт Дэмчигийн хийд орж, хорхог хийж, ууж идэж, зугаалжээ.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед зочид буудлын үйл ажиллагааг хориглосон тул Дундговь аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа М.Адъяабаатар өнгөрсөн пүрэв гарагт “хотоос ирэх дарга нарыг хүлээн авах” чиглэл өгч, буудал зэргийг зохицуулсан байна.
ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга Ж.Чүлтэмсүрэн нар Дэмчигийн хийд рүү гэр бүлийнхэнтэйгээ зугаалахдаа ОБЕГ-ын нэр дээр бүртгэлтэй байдаг, тусгай дуут болон гэрлэн дохиот 11-26 УБЭ дугаартай албаны автомашиныг хөлөглөн явжээ.
Хурандаа Ж.Чүлтэмсүрэнгийн тухайд нийслэлийн Онцгой байдлын газрын даргаар ажиллаж байгаад ОБЕГ-ын Тэргүүн дэд даргаар томилогдон ирсэн. Ингэж ажиллаж байхдаа УОК-ын Шуурхай штабын даргаар томилогдсон боловч “ажлаа хийж чадаагүй” шалтгаанаар 26 хоног ажиллаад, чөлөөлөгдсөн байдаг.
Түүний ажлаасаа чөлөөлөгдөх болсон шалтгаан нь Шуурхай штабын алба хаагчдыг ОБЕГ-ын харьяа Жаргалантын сувилалд амраасан, энэ үед нь Шуурхай штабын ажилтнууд коронавирусын халдвар авсан мөн Шадар сайд С.Амарсайханы эхнэр ХӨСҮТ-ийн Улаан бүс рүү орж, гарч байсан явдлыг мэдээгүй, хяналт тавиагүй зэрэг шалтгаанууд байсан бололтой.
Харин Хурандаа Л.Баярсайханы хувьд Ж.Чүлтэмсүрэнгийн оронд буюу 2020 оны есдүгээр сард нийслэлийн Онцгой байдлын газрын даргаар томилогдон ажиллаж байгаад, мөн л чөлөөлөгдсөн. Одоогоор ОБЕГ-ын Хангамжийн хэлтсийн даргаар ирээд байгаа. Өмнө нь Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын даргаар ажиллаж байсан нэгэн юм.
Ийнхүү цар тахлын үед халдварын голомтоос “Ногоон бүс” рүү ОБЕГ-ын албан тушаалтнууд гэр бүлээрээ, албаны машинаар амарч, зугаалж явсан нь тус бүс рүү орох, гарах хөдөлгөөн хаалттай байгаа энэ үед албан тушаалаараа далимдуулан давуу эрх эдэлсэн үйлдэл боллоо. Мөн тэд Төв, Дундговь, Өмнөговь аймгууд дахь хяналтын постоор нэвтрэхдээ “УОК-оос явж байна” хэмээн тусгай дуут дохиогоо асаан, ямар ч хяналт шалгалтгүй нэвтэрч байсныг эх сурвалж мэдээлж байна.
Цар тахалтай улс даяараа тэмцэж, иргэдийн хөл хөдөлгөөнийг хориод байгаа энэ үед Шадар сайдын шууд харьяанд ажилладаг ОБЕГ, Шуурхай штабын гишүүд ийнхүү дэглэм журмыг үл тоон албаны машинаар гэр бүлээрээ зугаацаж яваа асуудлаар Шадар сайд С.Амарсайханаас тодруулахад "Албан томилолтоор явлаа гэдэг асуудал огт яригдаагүй" гэдэг хариултыг өгсөн юм.
Мөн дээрх албан тушаалтнуудын шууд удирдлага нь болсон ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаас доод шатны албан тушаалтнуудынх нь уг хариуцлагагүй үйлдлийг тодруулахад "Өмнөговь аймаг дахь постуудын үйл ажиллагаанд газар дээр нь хяналт тавих зорилгоор албан томилолтоор явуулсан. Харин албан томилолтоор явахдаа гэр бүлийнхнээ авч явсан, сүм хийд орж, хорхог боодог хийж идсэн зэрэгт хариуцлагын асуудал яригдана. Албан томилолтын үед ийм асуудал үүсгэж болохгүй" гэдэг мэдээллийг өглөө.
Жирийн иргэдийн хөл хөдөлгөөнийг хорьж, улс даяараа цар тахалтай тэмцэж байгаа энэ үед Онцгой байдлын байгууллагын албан тушаалтнууд ийнхүү амарч зугаалж яваа асуудалд ОБЕГ-ын дарга, Шадар сайд нар ямар хариуцлага тооцохыг харах л үлдлээ.
Сэтгэгдэл
Нэр