Төрийн суудлын "хачиг"-нууд

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 долоо хоног өмнө
Төрийн суудлын "хачиг"-нууд

Манай улсад коронавирусийн халдвар өдөрт 800-аараа бүртгэгдэж, иргэд айдастай байна. Тийм ч учраас УОК-оос гаргасан дүрэм журмыг нэгбүрчлэн ягштал мөрдөж, хариуцлагатай хандаж байна.

Гэтэл төрийн өндөр албан тушаалтнуудын албан тушаалаа ашигласан эрх ямба хэрээс хэтэрч, иргэдийг бухимдуулсаар л.

Шадар сайд С.Амарсайханы эхнэр Ч.Ичинхорлоо ХӨСҮТ-ийн “Улаан бүс” рүү орж гарсан асуудал, яг энэ асуудал олон нийтэд хүрсний дараа ХӨСҮТ-ийн хашааны хаалган дээрх хяналтын камерын хард диск алга болсон асуудал, цэргийн албанд татагдсан цэл залуу 21 настай иргэн хэрцгий зодуурын улмаас амиа алдсан асуудал, ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга Ж.Чүлтэмсүрэн нарын албан тушаалтнууд албаны автомашинаар гэр бүлийнхэнтэйгээ хүрээ хийд үзэж, амарч зугаалсан асуудал, Гадаад харилцааны Дэд сайд Б.Мөнхжингийн унаж ашигладаг албаны автомашинаар шөнийн цагаар паб, зочид буудлын хооронд согтуу эмэгтэйчүүдийг зөөдөг асуудал гэгчлэн олон жигшүүрт асуудал ил болж, тэгш бус байдлын бодит жишээг харуулсаар байна.

Гэвч хэн ч хариуцлага хүлээсэнгүй, хэн ч уучлал гуйсангүй.

Тэр бүү хэл Шадар сайд эхнэрээ болон өөрийгөө хаацайлсан тайлбар хэлж, хэвлэл мэдээллийн зарим хэрэгслүүдэд нийтлэгдсэн мэдээллийг устгуулах зэргээр “ам барих” уламжлалт тактикаа хэрэглэсээр байна. Мөн ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян “Би томилолтоор явуулсан” хэмээн өмгөөлж, эцэстээ “гэр бүлийнхнээ авч явсан, хорхог боодог хийж зугаалсан асуудалд нь хариуцлага тооцно” хэмээн ёс болгож хэллээ. Гэхдээ уг мэдээлэлтэй холбоотойгоор ОБЕГ дээр хариуцлагын асуудал огт яригдаагүй хэвээр байна. 

Харин Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр сайд нүд нь баллай, чих нь дүлий суусаар л. “Цэрэг үхэхэд ангийн захирагчийг нь халдаг” жишиг энэ салбарт тогтох нь ээ. Сайд нь, салбар нь хариуцлагаа үүрдэггүй учраас өөрчлөлт шинэчлэлт гардаггүй, “эх орон” хэмээн мордсон залуус эрүүл мэндээрээ хохирч, амь насаа яргачдын гарт алдсаар байна. Төрийн өндөр албан тушаалтнууд нь ёсзүйтэй улс оронд бол салбарын сайд нь  ард түмнийхээ өмнө мэхийн ёслоод, хариуцлагаа үүрээд “явах” байлаа. Даанч энэ бол Монгол юм.

Өдөр өдрөөр мэдээлэгдэх шинэ сенсацид өмнөх асуудлууд дарагдаж, магадгүй зориудаар дарж, “мартагддаг”-ын тактикийг тэд ашиглаж, төрийн суудлаа чимээгүйхэн булан руу зөөж, хачиг шиг наалдан үлдэхээр арга сүвэгчилсээр байна. 

Хачиг гэх нэгэн төрлийн амьтан нь цусны судасны систем нь муу хөгжсөн учир зарим төрөл нь зүрхгүй, хөрс, ургамал, амьтан, хүний биед шимэгчлэн, наалдаж амьдардаг.

Хаха 0 2 Буруу 1 Гайхмаар 2 Харамсалтай 0 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 12