Ч.Үүрийнтуяа: Хүүхэд бүр цор ганц дахин давтагдашгүй өвөрмөц шинжтэй

Ж. Нямсүрэн
Admin - Сэтгүүлч
1 долоо хоног өмнө
Ч.Үүрийнтуяа: Хүүхэд бүр цор ганц дахин давтагдашгүй өвөрмөц шинжтэй

Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүддээ зориулан тэдэнд хэрхэн анхаарал халамж тавих, юунд анхаарах талаар  “Хүүхэд ба гэр бүл” ЗИНТ КЛИНИК-ийн хүүхдийн эмч Ч.Үүрийнтуяатай хийсэн ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.

  •  Танд энэ өдрийн мэнд хүргэе. Нийгэм цаг үеийн хүнд нөхцөл байдал үүссэн тул хүүхдүүд гэртээ олон цагийг өнгөрөөх болсон. Энэ нь хүүхдэд хэрхэн нөлөөлж байна вэ?

Цэцэрлэгийн насны хүүхдүүдэд хөл хорио нь элдэв халдварт өвчнөөр өвчлөхгүй сайн талтай байгаа боловч өсвөр насныханд дуртай зүйлээ хийж, найз нөхөдтэйгөө уулзаж чадахгүй байгаатай холбогдуулан сэтгэл гутралтай байгаа. Хүүхэд гэлтгүй том хүмүүст ч хөл хорио их нөлөөлж зарим эцэг эхчүүд гэртээ удаан байхаар их  стрессдэж байна. Энэ бол амьд харилцаа үгүй болсон, нийгмийн сөрөг мэдээ мэдээллийг цаг алдалгүй үзэж, түүнээс болоод их бухимдаж байгаатай багагүй холбоотой байх. Ийм нөхцөлд гэр бүлийн уур амьсгал тийм ч сайн байхгүй. Яах ч аргагүй удаан хугацаагаар ажил хэрэг зогсохоор иргэдэд хүнд байна. Үүнтэй адил хүүхэд ч бас эрх чөлөөтэй гүйж харайж, тоглож чадахгүй байгаа болохоор сэтгэл санааны хувьд таагүй байдал үүснэ. Цахим сүлжээ болон гар утасны хэрэглээг орлох өөртэй нь амьд харилцаа үүсгэх, хамтдаа хөгжилдөх хүн байхгүй болохоор хүүхэд урт хугацаагаар үзэж улмаар мэдрэлийн ядаргаанд орох хэмжээнд хүрэх аюултай. Донтолтын эхний үеийн шинж тэмдэг бол нүдээ анивчих, мөрөө хөдөлгөх, хамраараа дуугарах гэх мэтээр илэрдэг. Хэрэв хүүхэд ядаргаанд орсон байвал дэлгэц үзэхийг аль болох багасган хязгаарлаж, дараа нь мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Эцэг эхчүүд энэ үед хүүхэдтэй маш сайн ярилцаж, аль болох их цагийг зарцуулж мөн эрт унтуулж сургах хэрэгтэй. Энэ маш чухал.

  • Та нярай хүүхдийн эмч болохоор хүүхдүүдтэй хэрхэн харилцдаг вэ? хүндрэл бэрхшээл гардаг уу?

 Хүүхэд бүр цор ганц дахин давтагдашгүй өвөрмөц шинжтэй чанартай байдаг. Би хүүхдийн эмч болсондоо нэг л юманд маш их баярлаж явдаг. Тэр нь аль ч насны хүүхэд хэзээ ч худлаа өвдөхгүй. Том хүмүүс шиг хэвтмээр байна, толгой эргээд байна гэж хэлдэггүй ч гэсэн үнэхээр өвдөж байвал инээж гүйж харайхгүй. Эцэг эх нь их санаа зовоод манай хүүхэд өвдсөн юм болов уу гээд яваад ирдэг. Тэгээд хүүхдийг харахад хүүхэд нь ерөөсөө өвдсөн шинжгүй энэ тэрүүгээр гүйгээд байх ч юм уу. Хэдийгээр хүүхэд энд өвдөөд байна тэнд өвдөөд байна гэж хэлдэггүй ч биеийн байдал хөдөлгөөнөөр өвчнийг нь мэдэх боломжтой. Энэ бол манай мэргэжлийн давуу тал онцлог гэж болно.

  • Зарим эцэг эхчүүд ялангуяа шинэхэн аав ээжүүдийн хувьд тэр болгон нярай хүүхдээ юу илэрхийлээд яагаад уйлаад байгааг бүрэн ойлгож чаддаггүй байх. Энэ тал дээр хэрхэн зөвлөх вэ?

Шинэхэн эцэг эхчүүдийн хувьд аав ээж болохоос өмнө сайтар судалж бэлдэх хэрэгтэй. Хүүхдийн хувьд нэг сар хүрээгүй байхад ээжийгээ үнэр, сүүний амт, дуу хоолойн өнгөөр  аав, эмээ өвөөгөөсөө болон бусдаас ялгаж сурсан байдаг. Өөрт төрж байгаа мэдрэмжээс аль нэг нь таалагдахгүй байвал уйлж эхэлдэг. Жишээ нь: ээж хурц үнэртэй ус түрхсэнээс болох. Хүүхдэд төрж байгаа хамгийн таагүй мэдрэмж бол өвдөлт байдаг.Уйлж байгаа хүүхдийн 5-10% нь өвдөж уйлдаг бол 90-95% нь ямар нэг юм таалагдахгүй, бидэнд нэг зүйлийг ойлгуулах гэж мэдрэмжээ уйлж илэрхийлдэг гэдгийг анагаах ухаан тогтоосон байдаг. Уйлах нь 4-5 сар хүрээд харьцангуй гайгүй болдог. нэгдүгээрт энэ бол өвчин биш. Хоёрдугаарт амьдарч буй гадаад орчиндоо дасаж өөрийгөө тайвшруулаад эхэлдэг.

  • Хүүхдээ хэрхэн тайвшруулах вэ? олон хүний дунд тохиромжгүй нөхцөлд уйлхад эцэг эхчүүд хүнд байдалд ордог шүү дээ.

Хүүхэд яаж ч уурлаж болно. Хамгийн энгийн арга бол ээж нь хүүгээ энгэртээ тэврэх. Хүүхэд ээжийнхээ энгэрт зүрхний цохилт, үнэрийг нь мэдрээд ураг байх үеийнхээ аюулгүй тайван мэдрэмжийг мэдэрдэг. Мөн эртний уламжлалт аргууд буюу халуун зуухан дээрээ давс ус асган пис хийх чимээ гаргах, халуун тугалга усанд хийх /ширэглэх/ чимээнд хүүхэд тайвширдаг. Энэ мэтчилэн төрөл бүрийн дуу чимээгээр тайвшруулж болно. Хэдий ажилтай завгүй байлаа ч хүүхдэд багаас нь аль болох чанартай цагийг гаргаж ярилцаж байгаарай. Хүүхэд хожуу өсвөр насандаа хүрэхэд илүү нээлттэй хялбар ойлголцож чаддаг болно.

Хаха 2 2 Буруу 4 Гайхмаар 0 Харамсалтай 11 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 0