Д.Янжинхорлоо: Орон гэрээ алдчихгүй юмсан гэж тэмцэж байна

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 долоо хоног өмнө
Д.Янжинхорлоо: Орон гэрээ алдчихгүй юмсан гэж тэмцэж байна

"Прокуроруудын шинэ хонгил задарч, булхай илэрлээ,  МУИС-ийн багш Янжинхорлоо бусдын хөрөнгийг хууль бусаар дээрэмдлээ" гэж нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл хөврөөд буй. Энэ талаар Иргэн Дамбадаржаагийн Янжинхорлоотой ярилцлаа. 

-Таныг бусдын үл хөдлөх хөрөнгийг хууль бус хуурамч гарын үсэг бүрдүүлж дээрэмдсэн. Прокурорын шинэ сүлжээний толгойлогч, хонгилийн гэмт хэрэгтэн гэж бичих боллоо. Мөн энэ хэрэг таны ойрын хамаатны хооронд үүссэн өш хонзон мэтээр нийгмийн сүлжээнд орчинд бичсэн байсан. Энэ талаар тайлбар өгөөч?

Энд нэг зүйлийг хэлэх хэрэгтэй болов уу. Яг өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд Д.Янжинхорлоо гэх хүнд холбогдох ямар нэг эрүүгийн гэмт хэрэг шүүхээр, прокуророор, эсхүл мөрдөн байцаах байгууллагаар тогтоогдоогүй. Хэрэг бүртгэлтийн гэх зохиомол хэрэг надад үүсгэх гэж талийгч нөхрийн маань 2 дүү цуцалтгүй зүтгэж 4 жил болох гэж байна. Талийгч ахынхаа үүсгэн байгуулсан, бүтээн бий болгосон, дотор нь төрсөн ганц ахынх нь гал голомт, ар гэр, үр хүүхэд бид амьдраад 14 жил болж буй орон гэрийг маань “Бусдын” гэх тодотгол зүүгээд энд тэнд шалгуулсаар удлаа. Өнөөдрийг хүртэл энэ олон сайт, сонингуудаар идэвхтэй олон хоног “сэвсэн” хэвлэл мэдээллийн байгууллагаас нэг нь ч мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс надаас энэ тухай асуугаагүй, сонирхоогүй.

Энэ талаар асууж байгаа анхных нь танайх учраас бодит мэдээлэл товчхон өгөх зорилгоор ярилцлага өгөхийг зөвшөөрлөө. Уг нь бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй байхад, хэргийн талаар ямар нэгэн мэдээлэл нийтлэх хориотой гэж би ойлгож ирсэн. Зөвхөн надаар зогсохгүй, мөрөөрөө ажлаа хийж ирсэн олон тооны нотариатч, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч, за сүүлд прокуроруудыг бүгдийг нь л Янжинхорлоо гэгч удирддаг айхтар “хонгил” мэтээр бичсэн байдаг. Энэ жишээгээр бол, нэг ангид сурч байсан хувийн, төрийн бүх л сургуулийн үе үеийн нэг төгсөлтийнхөн, за цаашлаад хамт нэг хичээл нэг семестр үзсэн оюутнууд /нэг анги гэж системд бүртгэгддэг/ гээд бүгд л тус бүртээ “хонгил” болж хувирах юм байна. Хонгил гэж яг ямар утгатай болохыг улс төр сонирхдоггүй болохоор сайн мэдэхгүй юм. 

Цаг хугацааных нь дарааллаар зөв, бүрэн мэдээлэл хүргэхийн тухайтад, миний нөхөр, гурван хүүхдийн маань эцэг Самбуугийн Цахиур гэж, Монгол Улсын зөвлөх инженер, зөвлөх архитектор хүн 2017 оны 6-р сарын 15-ны өдрийг хүртэл буюу нас барах өдөр хүртлээ Нийслэлийн Зураг Төслийн Хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан. Салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, чадварлаг, бүтээлч хүн байсан. 1985-1991 онд ЗХУ-д архитекторч мэргэжлээр суралцаж байхаасаа л ганзагын наймаа бусад оюутны адил эрхэлж, ээж, дүү нараа “тэжээж” тэтгэж байсныг нь өнөөдөр ор тас үгүйсгэдэг юм билээ. Гэтэл үеийнхэн нь, найзууд нь бүгд л мэднэ. Би өнөөдөр нөхрийн минь хөдөлмөр, бүтээлийг үгүйсгэж, бүр үр хүүхдүүдийг нь хүртэл сошиал орчинд талийгчийн хүүхдүүд биш гэж бичүүлж байгаа хүмүүст гомдолтой байгаа. Өөрийгөө бодохоос илүүтэй, бурхны оронд одсон түүний минь, мөн надтай хамт бичигдээд байгаа төрийн албан хаагчдын нэр төрд харш үйл ажиллагаа явагдаад байгаа учраас бодит мэдээлэл өгөх үүрэгтэй гэж үзэж байна. Цаашлаад би МУИС-д 23 жил багшилж байгаа, цалингаараа 3 хүүхдээ тэжээж яваа төрийн албан хаагч хүн, хамт олон, оюутнуудаа тодорхой хэмжээний мэдээллээр хангах үүрэгтэй.

-Та нөхрийнхөө талаар ярихгүй юу? Яагаад дүү нар нь ахынхаа нэр дээр байгаа хөрөнгийг ар гэрт нь өвлүүлэхийг хүсэхгүй байна вэ?

Миний нөхөр ганзагын наймаагаар анхны эхлэлтийн хөрөнгийг бий болгож, түүгээрээ 1992 онд “Нийслэл” гэж анхны Хувиараа Эрхлэх Аж Ахуй байгуулсан. Намайг оюутан байхад танилцаж, үерхэж байгаад л хайр сэтгэлээрээ л ханилсан. 1995 онд Нийслэлийн Засаг Даргын захирамжаар маргаад байгаа байшингийн доорх газрыг нь Цахиур агсан өөрийн нэрээр аваад, дээр нь контор, дэлгүүрийн барилгаа барьж, 10-аад жил ажиллуулсан орлогоороо 6 давхар болгож барьсан. “Тэрээр байшингийн архитектур зураг төслийг зохиох, хөрөнгө оруулалтыг шийдэх, суурийг тавихаас эхлээд багагүй оролцоотой байна” гэж хангалттай нотлох баримтыг нь үндэслэн, хэрэг бүртгэлтийн хэргийг 2 удаа хаасан прокурорын тогтоолд дурдсан байдаг.

Гомдол гаргагч 2 дүү нь ахыгаа энэхүү байшинд огт оролцоогүй, ямар нэг хамааралгүй, ямар ч хөрөнгө оруулж байгаагүй гэж зарга үүсгэж явдаг. “Үхсэн хүн үг хэлэхгүй” гэж тооцоолсон боловч, архивын их материал байдгийг тооцоолоогүй бололтой. Байшин ашиглалтад орсон 2007 оноос хойш манай гэр бүл эндээ албан ёсны хаягтайгаар оршин сууж амьдардаг орон гэр маань юм шүү дээ. Хорооллынхоо 2 өрөө байрыг зараад энд оруулсан бид өөр хаачих вэ дээ. Тэрнээс хойш ч амьдралын нөхцлөө сайжруулж чадаагүй л өдийг хүрсэн. Барилгын зураг төсөл, анхны санаа нөхрийнх маань учраас тус тусдаа орц гарц хаалга бүхий 6 ш бие даасан үл хөдлөх хөрөнгө болгож анхнаас нь төлөвлөж, зурагдсаны дагууд, хөрөнгө 6 хуваагдсанаас манай гэр бүлд үлдсэн 2 ш хөрөнгийг л 2 дүү нь авна гэж ахыгаа нас барснаас хойш нэг жилийн ойн дээр гэнэт давшлаад эхэлсэн.

Энэ нь 3 хүүхэд, эхнэр биднийг өвлөх явдлыг зогсоох зорилготой байсан юм билээ. Ингэхдээ намайг хуульч мэргэжилтэй гэдэг дээр л дөрөөлсөн, бүх хуульчтай хуйвалдсан мэтээр гүтгэгдэж өдий хүрлээ. Үлдсэн 4 ш хөрөнгө буюу Булл, Лос Анжелс ресторан, Даймонд караоке /дүүгийн эхнэр ШӨХТГ-т ажиллаад, шөнөөр нь баар ажиллуулдаг юм/, дулаан гараж угаалга гээд хөрөнгө дүү нарт л завшигдаж үлдсэн. Цаашилбал, миний нөхрийн анхны дэлгүүрийн орлогоор баригдсан хоёр ч худалдаа үйлчилгээний томоохон төв мөн л хоёр дүүд үлдсэн. Гэвч тэдэнд хангалтгүй юм байна. Өөрсдийгөө ядарсан иргэд, хуульч бэр эгчдээ их л дээрэлхүүлж ирлээ гэх зэргээр Хууль зүйн сайд, Хуульчдын Холбоо, Бүх шатны прокурорын байгууллага, Нотариатчдын Танхим, Улсын бүртгэлийн байгууллага гээд яваагүй газар, заргалдаагүй байгууллага үлдээгүй.

Би “бусдын” юмыг сонирхдоггүй, тиймдээ ч нөхрийнхөө газрын эрхийг нь олж авч, хөрөнгө оруулалт хийсэн объектуудаас хувь хэмжээ ярих эрх нь байгаа ч цаг бусын хагацал үзсэн бид, энэхүү хагацлыг яажшуу даван туулахаа мэдэхгүй л өдий хүрсэн.

Талийгч ахынхаа эмнэлэг дотор байхдаа авсан нотариатын үйлчилгээг мөн л үгүйсгэж, /дүү нар ахыгаа надтай ээлжилж асраагүй, би ганцаараа асарсан юм/ гарыг нь барьж байгаад, нотариатчтай хуйвалдаад Янжинхорлоо гэгч зурсан гэх мэтээр хүний санаа саванд багтахааргүй муухайгаар хэлж, хилс хэрэг тулгадаг.

2019 оны 10-р сарын 16-нд хийгдсэн ШШҮХ-ийн шинжээчийн дүгнэлтээр, С.Цахиур агсны 3 хүүхэддээ гэрээслэх зорилгоор өөрийн өв залгамжлалын материалд зурсан гарын үсэг нь НЗТХ-гийн тушаал, шийдвэр, цалингийн цэс гээд баримтуудад захирал гэж зурсан гарын үсэг, 2013 онд ээж Л-ийн нэр дээр байхад нь өвлөж авах хүсэлт гаргаж нотариатаар батлуулсан. Нийслэлийн Архивын Газарт хадгалагдаж байгаа баримт дээрх гарын үсгүүдтэй тохирч байна гэсэн дүгнэлт гарсан тул мөрдөгч нь гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг хааж шийдвэрлэх санал гаргасныг Прокурор нь баталгаажуулсан юм билээ. Ангийн “анд” нарын туслалцааг авсан бол хэрэг бүртгэлтийн хэргээр шалгагдаж, бүтэн гурван жил өрх толгойлсон эх би шар махтайгаа хатаж явах уу. Эдгээр нөхдүүд гурван өнчин дүүдээ санаа тавихын оронд, зохиомол хэрэг наахаар хичээхийн хамтаар нэгэн зэрэг Захиргааны хэргийн шүүхээр шалгуулах, Авилгалтай Тэмцэх Газарт эд хөрөнгийн улсын бүртгэгч нарыг гэрчилгээ гаргаж өгсөн гэдгээр нь, “Янжинхорлоо гэгч авилгал өгч давуу байдал олж авсан” гэх зэргээр зүйл бүрээр шалгуулсан. УЕПГ-ын тогтоолоор, “С.Цахиурын нэр дээрх гэрчилгээг гаргаж өгөхдөө бүртгэгч нар нь хуульд заасан материал бүрдүүлж авсан, С.Цахиур агсан өвлөж авсан хөрөнгөндөө эх Л-ийн нэрээр лавлагаа авсан зэрэг нь хууль зөрчиж давуу байдал үүсгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй” гэж хаасан байдаг.

Хэвлэлээр шуугиулаад байгаа О гэгчийн 2009 оны гарын үсгийн шинжилгээ гэх материалд миний тухай үг үсэг байдаггүй, надад хамааралгүй юм билээ. Янжинхорлоо гэдэг хүнээс гарын үсэг, эсхүл бичгийн хэв авч шинжлээгүй, шинжилж байгаагүй байхад Янжинхорлоо гэгч үйлдсэн гэдэг нь тогтоогдсон мэтээр ярьж бичих нь хуулийн ноцтой зөрчил юм. Ийнхүү хуулийн байгууллага нотлох баримтыг үндэслэн хэрэг үүсгэхээс татгалзах, эсхүл хаах бүрт миний болон ажлаа зохих ёсоор хийсэн хуульчдын нэр төрд увайгүй халдаж, зөвшөөрөлгүй фото зураг нийтлэх, шүүхээр эцэслэн тогтоогдоогүй нөхцөл байдлыг гуйвуулж тайлбарлан гүтгэх зэргээр хохирогчийн дүрд амжилттай тоглож ирсэн.

Энд нь хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд мөнгө хөрөнгө ихтэй талд үйлчилж, ямар нэг сенсаци дэгдээж ашиг орлого хөөцөлддөг байдал газар авсан байна. Би хориод жил ханилсан ханиа алдаж, насанд хүрээгүй 3 хүүхэдтэйгээ өнчрөн үлдсэн өрх толгойлон үлдсэн жирийн нэг эх хүн. Өсвөр насны ба бага насны хүүхдүүдийнхээ сэтгэл санааг л тогтвортой тэнцвэртэй байлгах гэж өдий хүртэл дуугүй тэвчиж, хүлээцтэйгээр шалгуулж ирсэн хүн. Би хуулийн байгууллагад итгэдэг.

-Та болон таны хүүхдүүд хэвлэл мэдээлэлд нийтлэгдсэн мэдээллээс болж хүнд байдалд байгаа гэсэн. Таны талаар мэдээлэл тавьсан нэр бүхий сайтууд мэдээллээ нягтлах зорилгоор тантай холбогдож байв уу?

Эцэст нь, өнчрөн үлдсэн хүүхдүүд, ийм төрлийн сошиал хүчирхийлэлд өртдөг эмэгтэйчүүд манай нийгэмд маш их байдаг юм байна. Сэтгэл санааны гэм хорыг бодитоор нөхөн төлөх тухайд хуулийн зохицуулалтыг нарийвчлан боловсруулахгүй бол, өдгөө нийгэм бүхэлдээ сошиал нийгэм болж хувирсан тул улс төрийн идэвхжил өндөр байгаа цаг мөчийг ашиглаж, өөрт таалагдсан шийдвэрийг хуулийн байгууллагаар гаргуулахын тулд бусдыг үндэслэлгүйгээр гүтгэх, хуулийн салбарыг бүхэлд нь харлуулах, эндээс өөрсдийн хууль бус үйлдлийг хаацайлах гэсэн оролдлого зогсох битгий хэл газар авах хандлагатай байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсны эцэст зохих мэдээллийг өгөх боломжтой болох юм.

 

 

Хаха 0 1 Буруу 8 Гайхмаар 14 Харамсалтай 0 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 64