Аз жаргалтай амьдрал гэж байдаггүй. Харин аз жаргалтай цаг мөчүүд гэж бий. Амьдралаас тэр л аз жаргалтай мөчүүдийг олж авах, бүтээх нь хүмүүс бидний амьдралын зорилго, утга учир гэж би боддог.
Өнөөдөр гудамжинд хуванцар түүгээд алхаж яваа хөлчүү ах ч, эмнэлгийн орон дээр хүнд өвчинтэйгээ тэмцэж буй хэн нэгэн ч, ажлаа хийгээд жирийн л өдрүүдийг үдэж байгаа найз маань ч, эвийхэн жаахан дүү нар ч... хүн бүхэнд аз жаргалтайгаар дурсах өнгөрсөн үе, бас өнөөдөр, маргааш бий.
Тэр л аз жаргалууд харин хүн бүхэнд өөр өөр. Өөр өөр боловч бусдын аз жаргалыг хуваалцах нь биднийг аз жаргалтай болгодог. Тиймээс амьдралын аз жаргалыг өнгө өнгөөр зурсныг гэрэл зургаар, үзгээр, дэлгэцээр та бүхэнтэйгээ хуваалцахыг хүсэж, “Амьдралын өнгө” булангаа дэлгэж байна.
Энэ хүүг Ж.Түмэннаст гэдэг Нийслэлийн ерөнхий боловсролын 58-р сургуулийн есдүгээр ангийн сурагч. Тэрээр гүйх дуртай. Гуравдугаар ангиасаа эхлээд аавтайгаа гүйж эхэлжээ. Анх өглөө бүр гүйхэд хэцүү, аавыгаа гүйцдэггүй байсан ч одоо бол хэн нэгний шахалтаар биш өөрийн хүслээр өдөрт 7 км орчим газар гүйдэг болсон байна.
Түүнийг гэрийнхэн нь Тука гэж дууддаг. Түүнд байгаа хамгийн их жаргал мэдрүүлж, урам зоригтой маргаашийг угтахад хөшүүргэ болдог зүйл нь түүний гэр бүл. Аав, ээж, дүү нь. Бага тархины хавдартай гэх онош ч энэ хүүгийн гүйх хүсэл, сэтгэлийн хатыг нь нурааж чадсангүй.
Тэрээр “Надад байгаа хамгийн эрхэм зүйл бол миний гэр бүл. Би ийм өвчтэй болсон гэдгээ сонссон цагаас хойш ганц ч удаа айгаагүй. Өнгөрсөн наймдугаар сард хийлгэсэн хагалгаа руугаа 100 хувь итгэлтэй, инээгээд л орж байсан. Одоо ч дахиад БНСУ-д хийлгэх хагалгаандаа инээгээд л орно” гээд ярьж байгаа нь энэ хүүд ямар их тэсвэр, сэтгэлийн тэнхээ байгааг илэрхийлэх мэт.
Өвдөхдөө ээжийгээ л их өрөвдсөн
"Хагалгаанд орсны дараа, шөнө өвдөхөд ээж байнга хажууд байгаад нойргүй хонох үе ч их байсан. Хүн өвдөхдөө гэр бүл, дотны хүмүүсээ илүү их хайрладаг юм билээ. Шөнө надаас болоод ээжийгээ унтаж чадахгүй байгааг хараад надад ямар их хайртайг нь бүр илүү мэдэрсэн."
Тукатай ярилцахад түүнээс нэг ч удаа айж, эргэлзэж байгаа зүйл харагдсангүй. Миний эмчилгээний зардлын тал нь цуглачихсан байгаа. Гэсэн хэдий ч эмчилгээндээ яваад үлдсэн мөнгөө цуглахаар хавдараа авхуулах хагалгаандаа орно. Хурдан эдгэрээд бушуухан шиг гүймээр байна.
Хүний амьдралд хэцүү, зовлонтой, даваад гарч чадахгүй юм шиг олон өдрүүд байдаг. Гэвч нар жаргасан ч маргааш нь цоо шинээр гэрлээ цацруулан манддаг шиг асуудал, шалгуур, сорилт бүрийн цаана инээх, баярлах олон өдөр бий. Ямар ч асуудал тулгарч, маргааш байхгүй мэт харанхуйлах өдөр бий ч даваад гарах хүч чадал, сэтгэлийн тэнхээ нь бидэнд бий.
Сэтгэгдэл
Нэр